Д.Байгал: Хүний нөөцийн бодлого нь олон сайн мэргэжилтэн бэлтгэж сургах асуудал юм

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалтай уулзаж ярилцлаа.


-Манай үйлдвэр боловсон хүчнээ хэрхэн бэлтгэж ирсэн бэ?

-Энэ бол их чухал бөгөөд сонин асуулт байна. Олон хүний бичиж үлдээсэн ном, дурсамж, архивын маш олон бичиг баримт байгаа л даа. Тэгэхдээ өнөөдрийн түвшнээс эргээд харахаар эргэж сануулахгүй байж боломгүй онцлогууд бий.

-Ямар онцлог байна вэ?

-Хоёр орны төр засгийн тэргүүн Л.И.Брежнев, Ю.Цэдэнбал гуай нарын чин хүсэл, үнэлж барамгүй шаргуу зүтгэл, тэдний зүгээс нам, засгийн шуурхай бодлого болгон шахсаны үр дүнд Эрдэнэт үйлдвэрийг иж бүрдэл байдлаар дөрөвхөн жилийн дотор барьж байгуулсан. Эх орон, ард түмнээ гэсэн улстөрч хүний бахархан дуурайх жишиг гэж өнөөдөр онцолмоор байна. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд жилүүдэд ах, дүү ард түмний тэмцлийн үр дүн, дэлхий дээр өөр байгаагүй, дахин давтагдахгүй үйл явдал гэж би хувьдаа ойлгодог. Нэгдүгээрт, ЗХУ тэр үеийн 15 бүгд найрамдах улсынхаа 172 хотоос ижил төстэй үйлдвэрүүдэд ажиллаж байсан 43 үндэстэн ястнаас хамгийн өндөр ур чадвар, туршлагатай 15 мянга гаруй мэргэжилтнийг гурван жилийн томилолтоор монгол хүнийг үлгэрлэн дагуулж  өөрийн түвшинд хүртэл сургах даалгавартайгаар ирүүлж байсан. Тэдний даалгавраа хэрхэн биелүүлэхийг газар дээр нь хянаж зааварчлах ЗХУ-ын Ерөнхий консулын газар, Нам, комсомол, Үйлдвэрчний байгууллагууд маш шуурхай ажилласан. Хоёрдугаарт, Монголын талаас  хоёр улсын Засгийн газар хоорондын 1973 оны 11 дүгэр сарын 22-ны хэлэлцээрийн дагуу 4000 монгол ажилчныг заасан хугацаанд татан нийлүүлэх ёстой байсан. Үүний  30 хүртэл хувь нь мэргэжилгүй залуучууд байж болох нөхцөлтэй. Тиймээс БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор МХЗЭ-ийн Төв хороо 1000 залууг илгээх, Хөдөлмөр цалин хөлсний Улсын хороо 1000 хүнийг хариуцах, Ардын арми, Барилгын цэргийн Ерөнхий газар 2000 дайчныг нүүлгэн шилжүүлэх хуваарь хийсэн байдаг. Ингээд МХЗЭ 990 залууг эвлэлийн илгээлтээр ирүүлсэн. Зохион байгуулалттай болон чөлөөт элсэлтээр 1600 шахам иргэнийг нүүлгэж ирүүлсэн. Ардын армийн долоон анги нэгтгэлийг нүүлгэн шилжүүлж ерөнхий тоогоо биелүүлсэн түүхтэй.

-Бас л сонин түүх байна. Тэднийг амьдрах орон байраар хангах, цалин хөлс олгох гээд бишгүй ажил ундарсан уу?

-Тэр мэдээж. Цуглуулсан залуучуудыг ажлын байраар хангах, авах цалинтай байлгах, өнөөдрийн  цэрэг, малчин, сурагч залуусыг мэргэжилтэй болгох нөр их ажлыг багш, шавийн гэрээгээр зохион байгуулсан нь ёстой шалгарсан үр дүнтэй ажил байсан юм. Ажлын л байр нь зөвхөн Медьмолибденстрой-н барилгын төрөлжсөн 17 удирдах газарт барилга монтажны туслах ажлууд байсан. Нэг мэргэжилтэнд нэг, заримдаа хоёр монголыг Багш-шавийн гэрээгээр холбож өгнө. Ажил тасална, оргоод алга болно, эх эцэг нь ирээд хэлэхгүй аваад явчихна, олон газраас ирсэн хүмүүсийн дунд маргаан зодоон их гарна, архи ууна, хулгай дээрэм их гарна, явуулын хүмүүс их үймүүлнэ, цэргүүд дэг журамгүй задарчихсан үе, цагдаа шүүхийн байгууллага эхлэл төдий, хаанаа ч хүрэхгүй хэцүү цаг үе байсан юм шүү. Ядахад аймгууд, Улаанбаатар, Дарханаас аль болохгүй хүмүүсээ хавчуулаад ирүүлчихнэ. Хөөрхий мэргэжилтэн багш нар аргаа барж үгээ хэлэх тохиолдол зөндөө байсан. Багш нь гэрээс нь олж ирнэ, шавийгаа хариулж сургаснаа шалгуулна, социалист уралдаанд байр эзэлнэ. Зөвлөлтийн багш нарын эцэг, эх, ах, эгчийг орлосон хайр халамж, мэргэжлээ өвлүүлэх шантаршгүй зүтгэлийн үрээр залуус маань нүд нь өөрчлөгдөж, ажилчны төрхтэй болж, орос хэл, зөвлөлт аж төрөх ёсонд суралцаж, мэргэжилтэй болж байлаа. Медьмолибденстрой-н сургалтын төв, бие даасан багш-шавийн сургалтаар 3600 гаруй залуус мэргэжилтэй болж, мэргэжлийн зэргээ ахиулсан. Бүтээн байгуулалтын талбарт ажиллуулж анхны мэргэжлийг нь эзэмшүүлэх замаар Эрдэнэт үйлдвэр өөрийн унаган ажилчдаа бэлтгэсэн.  Барилга дээр ажиллаж сурч байгаа залуусын сурах идэвх, ажилд хандах хандлагыг нь гэрээний биелэлт, багшийн тодорхойлолтоор тэр үед ажиллаж байсан орчуулагч-зохион байгуулагч нараар дамжуулаад байнга хянаж бүртгэж байх үүргийг биечлэн гүйцэтгэж явсан хүний хувьд дараагийн мэргэжилд сургах төлөвлөгөөнд саналаа өгдөг байлаа. Ийм замаар бид тэргүүний 367 залууг ЗХУ-ын Гай, Сибай, Алмалыкийн уулын үйлдвэрүүдэд жилийн курст явуулж үйлдвэрт шаардлагатай 36 мэргэжлээр сургасан. 1975 онд байгуулсан Эрдэнэт үйлдвэрийн Сургалтын төвөөр мэргэжилтэй 1200 гаруй ажилчин бэлтгэсэн. 1973 оноос Геологи, уул уурхайн Яамны томилолтоор 80 гаруй сурагчийг ЗХУ болон социалист орнуудын их дээд сургуульд сургасан. Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай удирдах ажилтан, ИТА нарыг Монгол Улсын яамд, байгууллага, үйлдвэрийн газруудаас намын илгээлтээр дайчлан зохион байгуулснаар үйлдвэрийн анхны ажиллагсдын 40 гаруй хувийг хангаж чадсан. Бүтээн байгуулалт дээр туршиж үр дүнд хүрсэн багш-шавийн гэрээгээр сургах туршлагаа үйлдвэр дээр улам төгс үргэлжлүүлсэн. ИТА, ажилтан,  мэргэжилтэй ажилчин бүр үйлдвэр ашиглалтад орох бэлтгэл үеэс эхлэн дээр дурдсан өндөр ур чадвар, өргөн мэдлэг туршлагатай 3-5 мэргэжилтнээс багш-шавийн гэрээгээр сурснаар тэд өөрсдөө ч мэдэлгүйгээр дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд болсон байдаг. 1989 он гэхэд үндэсний мэргэжилтнүүд үйлдвэрээ авч явах нөхцөл баттай бүрэлдсэн юм. 

-Хүний нөөцийн бодлого хэрхэн зөв явагдсан гэж боддог вэ?

-Хамт олныг зөв бүрдүүлж, зөв төлөвшүүлсэн удирдах ажилтан, өндөр дадлага туршлагатай ажилчин хүний ард түүнийг орлох чадвартай хэд хэдэн хүн бэлтгэгдсэн байгааг хүний нөөц гэж хэлнэ. Тиймээс хүний нөөцийн бодлого нь нөөцийн мэргэжилтэн бэлтгэж сургах бодлогоос өөр юу ч биш. Үйлдвэр 30 гаруй жилийн түүхэндээ энэ бодлогыг маш сайн барьж ирсэн. Үйлдвэрт ажилд орсон хүнийг эрдмийн цол зэрэг, хаана ямар том ажил эрхэлж байсныг нь үл харгалзан туслах ажилчнаар авч ажиллуулдаг байлаа. Ахлах зэрэг, бригадын дарга, мастер болон дэвших хүнийг хамт олон шууд хүлээн зөвшөөрдөг. Зарим нь ажилчнаараа л үлддэг. Зарим нь халагдаад явдаг. Захирлууд, ерөнхий мэргэжилтнүүд, хэлтсийн дарга нар бүгд энэ шалгуураар л өсөцгөөсөн. Хэн ч маргадаггүй, харин ч бахархан хүндэлцгээдэг. Эрдэнэт бол намын төв байгууллага ч юм уу, Яам биш, үйлдвэрийн газар! Баялаг үйлдвэрлэдэг, боловсон хүчин үйлдвэрлэдэг, гайхамшигт түүхтэй, Зууны манлай бүтээн байгуулалт, дэлхийн шилдэг аж ахуйн нэгж, ажиллаж ирсэн тэр л инерцээрээ илүү дутуу бодолгүйгээр ажлаа хийж сурсан хамт олон. Тийм ч учраас бидний өсгөж хүмүүжүүлсэн мэргэжилтнүүдийг уул уурхайн бусад үйлдвэрүүд  татаж сугалж авсаар байна.

-Та бол Эрдэнэт үйлдвэрийн гурван Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчоор ажилласан. Уурхайчдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж ирсэн талаар ярина уу?

-Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж ирсэн түвшнийг би жишиг загвар гэж хэлнэ. Энэ бол В.Н.Кобахидзе, Р.И.Семигин, Д.Лхагвасүрэн, Ш.Отгонбилэг нарын сэтгэл зүтгэл, зоригтой шийдвэрүүд, түүнийг үргэлжлүүлж ажилласан бусад захирлуудын гавьяа. Энэ түүхийг дэлгэрүүлж ярина гэвэл их том юм болно. Эхний дөрвөн удаагийн Хамтын гэрээний зохиогчийн хувьд Хамтын гэрээний үйл явцыг одоо ч анхааран хардаг. Хамтын гэрээний нийт өртөг улам бүр өссөөр, чанаржсаар байгаа.

-Таны бодлоор цаашид боловсон хүчин бэлтгэхэд юунд анхаарах нь чухал байна?

-Үйлдвэрийнхээ боловсон хүчин бэлтгэж ирсэн түүхээ эргэн харж, авах зүйлийг нь авах хэрэгтэй. Сонгон шалгаруулалт, туршилтын хугацаа гэдэг нь үйлдвэрийн ажилтан болох нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байна. Ажил, албан тушаалын шат дамжлагыг заавал дамжуулах хэрэгтэй. Миний дээр хэлсэн Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй багш-шавийн гэрээгээр өсөж туршлагажсан хүмүүс бүгд тэтгэвэрт гарлаа. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн дараа өсөж жинхэлсэн монгол мэргэжилтнүүд дүү нараа багш-шавийн гэрээгээр сургаж дадлагажуулсан. Тэр хоёр дахь үеийнхний нуруун дээр өнөөдөр үйлдвэр ажиллаж байгаа. Хоёр дахь үеийнхэн дүү нараа хэрхэн бэлтгэснийг мэдэхгүй байна. Тийм болохоор бүтцийн нэгжүүдийн хүний нөөцийн ажилтнууд ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг ажилдаа нэвтрүүлж, үйлдвэрлэлийн практик дээр ахмад-залуу үеийг холбож өгмөөр санагддаг юм. Ажил мэргэжлийн уралдаан тэмцээнүүд, онол-практикийн давтан сургалтууд үр өгөөж сайтай гэж хэлмээр байна.

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.   

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top