Ж.Лхамхүү: Сайн зохиол нь сайн найруулагч, сайн жүжигчдийг төрүүлдэг

2020 оны 10 сарын 01

Тэртээ 1963 онд УБДС-ийн дэргэд Кино драмын жүжигчний мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийн нэг, Соёл урлагийн их сургуулийн ахмад багш, жүжиг, театрын анхны багш Ардын жүжигчин Ж.Лхамхүүг “Өглөөний зочин”-оороо урин оролцууллаа. Тэрбээр “Гарын таван хуруу”, “Гологдсон хүүхэн”, “Нандин эрдэнэ”, “Ээдрээ”, “Жаргал даахгүйн зовлон”, “Эзэнгүй айл”, “Эр хүн зүрхэндээ уйлдаг” зэрэг тайз, дэлгэцийн 200 гаруй бүтээлд дүрээ мөнхөлсөн юм. Өдгөө 80 насны босго давж буй ануухан, гялалзсан гал цог нь хэвээрээ Гавьяат жүжигчин Ж.Лхамхүү гуайг Олон улсын ахмадын баярын өдөр ийнхүү урьсан нь ч учиртай. Түүнийг СУИС дээр шавь нартайгаа бужигнаад тун завгүй байхад нь уулзаж ярилцлаа.


-Та бол кино урлагийн салбарт нэгэн жарныг зориулж, олон арван дүрийг амилуулсан жүжигчин хүн. Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн Сүрэн, Ц.Дамдинсүрэнгийн  “Гологдсон хүүхэн” киноны Цэрэнгээс эхлээд 200-аад дүр бүтээсэн түүхтэй. Кино урлагт анх хөл тавьсан түүхээсээ хуваалцана уу?

-Улсын багшийн дээд сургуулийн дэргэд 1959 онд Кино драмын анги шинээр нээгдэж байлаа. Тэр үеийн Засгийн газрын төв хорооны тогтоолоор дээд мэргэжилтэй жүжигчин бэлдэх зорилгоор Ч.Лодойдамба, Төрийн шагналт Л.Ванган багш тэргүүтэй урлагийн удирдах багш нар биднийг  анхны Кино драмын ангид оруулсан. Жүжигчний мэргэжлээр суралцсан 20 гаруй хүүхдийн нэг нь би байлаа. Бидний дээд үеийн алтан үеийн жүжигчид  амьдралын бодит хөрсөн дээрээс дүрийн жүжиглэлтээ олж авдаг, байгалиасаа өгсөн өгөгдлөөрөө тоглодог хүмүүс байсан. Бидэнд киноны хичээлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Р.Доржпалам багш орж байлаа. Манай курсийнхэн “Алтан өргөө”, “Нүгэл буян”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг кинонд  тоглоцгоосон. Э.Оюун багш бидэнд театрын түүх, Л.Ванган багш урлагийн уран чадварын онол, тайзны яриаг Ардын жүжигчин Г.Гомбосүрэн багш заадаг байсан.

Намайг хоёрдугаар курст байхад кинонд хөтөлж оруулсан хүн бол Э.Оюун багш юм. Э.Оюун багш намайг Кино үйлдвэр дээр пробонд ор гэсэн. Шалгалтын комиссынхны өмнө  хар цэцгэн хээтэй цэнхэр торгон дээлтэй, үсээ хоёр салаа сүлжсэн  охины өвдөг нь чичрээд зогсож байлаа. “Дуу дуул” гэхээр нь дуулж, “Шүлэг унш” гэхээр нь уншиж байсан санагдаж байна. “Гологдсон хүүхэн” киноны Цэрэнгийн дүрд тоглохын тулд УИД-ийн хажуу талд хятад үсчингийн газар очиж урт үсээ тайруулж байлаа. Үсээ тайруулчихаад харамсаад уйлахад минь Э.Оюун багш “Жүжигчин хүний үс гэдэг улсын өмч байдаг юм. Үс бол ургана, харин залуу нас эргэж ирдэггүй юм. Чиний залуу нас кино дэлгэцэд мөнхрөн үлдэнэ шүү дээ” гэж аргадаж байсан сан.

-Та хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болохыг мөрөөд­дөг байсан бэ. Бага нас, ээж, аавынхаа тухай дурсана уу?

-Хөдөө төрж өссөн хүүхэд чинь урлаг уран сайхан  сайн мэдэхгүй ээ. Үзвэр, кино ч багатай, хааяа “Хүүхэлдэйн театр “ын “Алиа Тогмид” жүжиг үздэг ийм л үе байлаа. Ээж минь бидэнд дуу зааж өгнө. “Улаан торгон уут”, “Жавартай хүйтэн салхи”, “Үржин гүүний унага” гээд дууг сайхан дуулна. Хонь хариулж явахдаа энэ дуунуудыг дуулаад л явдаг хүүхэд байсан. Хүүхдүүдтэй концерт болж тоглодог байсан минь урлагт хайртай, дуртай далдын хүсэл минь байсан юм уу даа гэж боддог. Ээж минь миний “концертыг” баярын нулимстай уйлж нэг, инээж нэг үздэг байж билээ. Их уяхан сэтгэлтэй хэр нь сэтгэлийн хаттай, ухаантай, ажилч хичээнгүй хүн байсан даа. Аав минь Увс аймгийн Цагаан хайрхан сумын хүн. Аав, ээж хоёр минь насаараа Хан Хөхийн нурууны ард гарч, Баруун туруун голын хөвөөгөөр зусан, хойшоо нүүж, Их, бага, дунд Хар усаар нутаглаж байлаа. Мөстийн амаар  зусаж, Цагаан нуураар намаржиж, Хацрын өтөгт өвөлждөг айл байлаа.  Аав минь хурдан морь, нохой хоёрт учиргүй хорхойтой хүн байв. Аавын маань сойдог Ангайдаг хээр морь сумын наадамд хоёр удаа түрүүлж, олон удаа айрагдаж байсан. Манай театрынхан урлагийн бригадаар явахдаа аавынхаар орно. Аав, ээж хоёр минь хонь төхөөрч, ямаа боож, хөл хөөр, дуу хуур болно доо. Ийм л сайхан улс байлаа.

-Та бол урлагийн алтан үеийн бурхад болсон Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Н.Цэгмид, Ө.Рэнчинноров зэрэг аваргуудаас номын дуу сонсож жүжигчин болох гараагаа эхэлсэн. Багш нар нь шавь нартаа юу гэж сургадаг байв?

-“Урлагийн ертөнцөд хатуу ёс журам бий. Урлагтаа үнэнч бай. Урлагийн хүн гэдэг хүн байх ёстой” гэж сургадаг байсан. Драмын театрт очсон хойно энэ захиасыг бүр илүү мэдэрсэн дээ. Алтан үеийнхэнд Оросын сургагч багш нар ирж онолын хичээл заадаг байсан. Түүн дээрээ байгалиас өгсөн авьяасаа хөгжүүлж кино урлагийн голомтыг нь бадрааж, тооныг нь түшсэн улс даа. Тэд маань бидэнд мэргэжил чадвараа маш сайн өвлүүлсэн юм байна лээ. Соёл урлагийн их сургуульд багшилсан он жилүүд үүнийг гэрчилдэг. Залуу хойч үе маань ч энэ дэг сургуулиар залгамжлан суралцаж байна. Одоо ч миний шавь Г.Амгаланбаатар халааг минь авч хойч үедээ онол дэгийг нь заагаад явж байна. Тиймээс алтан үеийн аргамжаа үеийн үед тасрахгүй түүчээлж яваа. Э.Оюун багш маань “Хүн хэчнээн их зүйл бүтээх тусам даруу бай” гэж захина. Тэр үед онгирч омойтохыг мэддэггүй, нэр төр хөөцөлддөггүй үнэхээр даруухан байлаа. Хүн чадалтай байвал даравч дардайж, булавч бултайдаг байхгүй юу. Дараад байхад л гараад ирдэг. Бид тэр л аваргуудын дундаас гарч ирсэн. Багш нар минь биднийг магтдаггүй байлаа шүү дээ. Г.Гомбосүрэн багш дуу хоолой сайтай, үг хэл тод чангатай хүн. Миний хувьд өөрий­гөө гологдохгүй сайн дуу хоолойтой, тод үг хэллэгтэй гэж  боддог. Тухайн үеийн зохиолчид Ч.Лодой­дамба, Ч.Чимэд, Д.Намдаг гуай нар жүжигчдээ үнэлж, сонин сэтгүүлд бичдэг байсан. Намайг дотоод сэтгэлийн уянгатай, гал дөл­тэй хүн гэж тодорхойлсон байдаг даа.

-Ур чадварын хувьд чанартай байсан нь багш нарын хичээл зүтгэл байдаг нь гарцаагүй. Тухайн үед техник технологийн хувьд одоогийнх шиг камер байсангүй. Үнэтэй хальсаар нэг л дублээр чанартай сайн тоглолт хийхийн тулд илүү их хичээдэг байсан байх. Энэ нь ч жүжигчдэд өөрт нь суусан нэг сургууль болдог байсан болов уу. Үеийнхээ жүжигчдээс дурсан яриач?

-Өө тэгэлгүй яах вэ. Олон дубл авахуулсан хүн гэдэг их зэмлүүлдэг байлаа. Хальс гэдэг ховор, үнэтэй ч байлаа. Хальсаа аминаасаа ч илүү хадгалж хамгаалдаг байлаа. Аль болох л цөөн, болж өгвөл нэг дублээр часхийсэн жүжиглэлт авахыг шаардана. Цагаан шохойгоор тойруулаад зурчихсан талбай дотор л гэрэлд шаруулаад зогсоно гэдэг халширмаар шүү дээ. Гэрэл сүүдрийг нь яг тааруулчихсан болохоор байрнаасаа хөдөлж болохгүй гэнэ. Анх “Гологдсон хүүхэн” киноны Цэрэнгийн дүрийг бүтээж байхад мэдэхгүй, чадахгүй юм их гарна. Гэхдээ хэцүү гэж халширсан бол өдий болтол явахгүй шүү дээ. Мэргэжилдээ дурлана, амьдралаа зориулна гэдэг хамгийн сайхан. Б.Зоригт, Д.Мэндбаяр, Х.Нарантуяа, С.Бужгар гээд галтай цогтой, иртэй залуу насныхаа ааг омгоор багтаж ядсан сайхан жүжигчид нэг үед төгсөн, ажил амьдралын гараанд зэрэг орж байлаа. Оюутан байхад Мэндээ үргэсэн торомны нүд шиг бүлтгэр алаг нүдтэй хөөрхөн охин байсан. Нэг өдөр намайг ”Чи эвдрээгүй их сайн хүүхэд шүү, би чамтай үерхмээр байна” гэж билээ. Бид хоёр жаргал, зовлонгоо хуваалцдаг дотнын найзууд болсон. Мэндбаяр маань театрын тайзанд олон сайхан дүр бүтээсэн дээ. Манай төгсөлтийнхөн урлагт нэгэн үе болж театрын тайз, кино, телевизэд бүтээсэн дүрүүдээрээ түүхэнд хүндтэй байр суурь эзэлжээ. Ангиасаа би анхлан 1977 онд Гавьяат жүжигчин болж, 2008 онд Ардын жүжигчин цол хүртсэн  бол Д.Мэндбаяр 2005 онд анхны Ардын жүжигчнээр тодорсон. Дараалан Н.Мягмар, С.Сэлэнгэ, С.Буржгар, Ц.Готов нар маань гавьяат жүжигчин цол хүртсэн.

-Та Драмын театрт 1963 оноос хойш 30 шахам жил ажил­ласан. Энэ хугацаанд “Отелла”, “Интоорын цэцэр­лэг”, “Далан худалч, “Цаг өөр болжээ” зэргээс эхлээд олон арван жүжгийн гол болон туслах дүрүүдийг бүтээж байсан. Тайзан дээр жүжиглэх, дэлгэцийн бүтээлд тоглох хоёр асар их ялгаатай байх даа. Театрынхаа талаар эргэн сөхвөл?

-Тайзан дээр дуу хоолой өргөлттэй, биеийн хөдөлгөөн далайцтай тоглож байж хүнд хүрдэг. Кино урлагт хэтрүүлэлт тохирдоггүй. Харц, нүүрийн хувирал, хөдөлгөөн бүх зүйл нь нарийн чимхлүүр байх тусам өгүүлэмж өндөр байдаг. Аль алинд нь мэдрэмж, ур чадвар шаарддаг. Жүжигчнийг тайз голохоос биш жүжигчинд тайз гологдохгүй гэж үг байдаг. Театрт ороод Ч.Лодойдамбын “Итгэж болно”/“Энэ хүүхнүүд үү” уран сайхны кино/ жүжгийн зоо техникч Дуламсүрэнгийн дүрд  тоглож байлаа. Эрэгтэй хүний дүрд хувирсан болохоор алхаа гишгээ, янжуур зуух, барих зэрэгтээ хөглөж будилж байхад /Дуламсүрэнгийн сэтгэлтэй залуу/ Төмөрийн дүрд тоглож байсан Л.Жамсранжав намайг хөтөлж, тоглож байлаа. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн багш дүрийнхээ үгтэй их ажил­ладаг, улаан харандаагаар үгийн өргөлт, цэг, таслал бүрийг алдалгүй зурж бэлтгэлээ хийдэг хүн байсан. Ц.Гантөмөр бол дүр гэж юу байдгийг үлгэрлэн тоглодог. Л.Жамсранжав нь дүрийг нарийн боловсруулдаг, учир шалтгааныг нь сайн олдог хүн байсан. Оюутны ширээнээс босоод дөн­гөж театрт ороод удаагүй би алдарт У.Шекспирийн “Лир Ван” жүжгийн Лир Вангийн бага охин Корделияд тоглож байлаа. Би Ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуай, Ч.Долгорсүрэн гуай, Д.Цэрэндулам гуай, Т.Хандсүрэн гуай нараасаа сонгодог жүжиг тоглох арга барилыг суралцсан их азтай хүн. Э.Оюун багш сайн хүнээ их загнадаг, бид ч их загнуулж ирсэн дээ. “Хонгор үр минь” гэж байвал гайгүй байна гэсэн үг. “Та” гээд л гуайлаад явчихвал хэрэг бишидлээ л гэсэн үг дээ /инээв/.

-Аливаа дүр гэдэг эерэг, сөрөг аль нь ч бай тухайн жүжигчнээс ур чадвар шаарддаг.  Таны дүрүүдээс эсрэг талын дүр нь хүмүүсийн сэтгэлд илүү хүрсэн юм шиг санагддаг. Өөрөө ер нь хувь хүнийхээ хувьд ямар зан чанартай хүн бэ?

-Дүр бүхэн хэцүү л дээ. Жүжигчин хүн сайн, муу аль ч дүрийг гаргах ёстой. Би өөрөө бол хурц характертай хүн биш шүү дээ. Мэргэжил нэгтнүүд, хамт олон маань намайг мэднэ дээ. Эсрэг талын дүр нь хүмүүст илүү хүрсэн байдаг нь надад ч мэдрэгддэг. Аливаа дүрийг бүтээхдээ сэтгэл зүрхнээсээ тоглох хэрэгтэй. Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр намайг “ Дүрийнхээ дотоод агуулга, мөн чанарыг ухаарч, мэдэрч, дотоод сэтгэлийн учир зүйг илэрхийлж гаргадаг жүжигчин” гэж үнэлж байсан. Тэр үед Буриадын урлаг судлаач В.Найдакова “Лхамхүү анхны дүрээр жүжигчний  дүрээрээ гадаад үзэмж, дуу хоолой, сэтгэлээсээ дүрдээ хувирч байгаа чадвар илүүтэй анхаарал татаж байсан бол сүүлийн бүтээлүүдэд дүрийн дотоод сэтгэлийг нээх чадвар нь улам өсөж байна” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Узбекийн зохиолч Хамза Хакимзаде Ниязийн зохиол “Баян барлаг хоёр” жүжгийн баян Салахбай ноёны бага хатан Гульбахорын дүрд тоглох болсон. Дүрийн судалгаа хийж Шар хадны эмнэлгийн галзуугийн тасагт ажиглалт хийж байлаа. Ажиглахад эрүүл хүмүүсээс сэтгэхүй нь өөр, харц нь өөр, гэнэт инээж, гэнэт больсон хүмүүс байлаа. Дүрийн дотоод байдлыг оюундаа боловсруулж, харилцан тоглогчоо мэдэрч, уялдаатай тоглоход дүр гэдэг аяндаа амилаад л ирдэг дээ.

-Таны шавь нараас хошин урлаг болон кино урлагт олны танил болж, хүлээн зөвшөө­рөгд­сөн олон жүжигчид бий. Шавь нараасаа энэ л хүн алтан үеийн маань аргамжаа болж яваа даа гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Энэ хугацаанд дөрвөн анги төгсгөсөн  байна. Олон сайхан шавь нар минь нэрээ мандуулж яваа. Жишээ нь, Драмын театрын найруулагч Г.Амгаланбаатар байна. “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай маань гавьяат цол хүртчихлээ. “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин маань маш сайн жүжигчин. Үнэн халуун зүрхнээсээ жүжигчин болох гэж төрсөн улсууд даа гэж бахдаж явдаг юм. Төгсөгчдийн маань дипломын жүжиг дээр найруулагч Б.Мөнхдорж шалгалтын комисоор ажиллаж байсан юм. Тэрбээр “Танай шавь нарт алтан үеийнхний жүжиглэлтийн арга барил харагдаж байна” гэж хэлж билээ.

-Жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа залууст маань ямар чанар дутагдаж байгаа харагддаг вэ?

-Хүүхдүүд ном уншихгүй, цээж нь харанхуй байна. Монгол амьдралаа мэдэхгүй байна. Хүүхдүүд дүрийн судалгаа хийгээд ирэхээр монгол амьдралаа мэдэхгүй болохоор яаж тэр дүрээ ойлгох билээ. Утас ухаад л, интернетээс бэлэнчлээд байх санаатай. Соёл урлагийн их сургууль маань оюутнуудаа маш сайн бэлтгэж төгсгөдөг. Төгсөөд сурсан мэдсэнээ сорих талбар муутай театр нь цөөхөн байна. Өөрсдөө продакшн байгуулаад л бор зүрхээрээ явж байна.

-Таны үед жүжигчид зохиол­чидтойгоо, найруу­лагчтайгаа харилцан уялдаатай ажиллаж үнэнхүү урлагийн төлөө гэсэн сэтгэлээр ханддаг байжээ. Сүүлийн үед арилжааны бүтээл олширч байна. Ер нь кино урлаг, театрын урлагт жүжгийн зохиолын санаа гэдэг зүйл хэр дутагдаж байна вэ?

-Маш их дутмаг байна. Ялан­гуяа жүжгийн зохиол ховорд­сон. Драмын театраас уралдаан зарладаг боловч шидээвэр бол­­­сон бүтээл гардаггүй юм байна лээ. Зохиол бас дахин зохиол гэдэг. Сайн зохиол байж л сайн найруулагч, сайн жүжигч­дээ төрүүлдэг. Э.Оюун, Ч.Лодойдамба, Д.Батбаяр, Д.Намдаг зэрэг шиг мундаг жүж­гийн зохиолчид төрөхгүй байна. Хятад жүжиг Монголын театрын түүхэнд ховорхон тавигд­сан байдаг. Миний хувьд дорно дахины сонгодог жүжгийг сургалтандаа нэвтрүүлсэн.  2017 онд гаргасан Хятадын сонгодог жүжгийн түүвэр гэсэн ном гаргасан нь шинэлэг бөгөөд ач холбогдолтой бүтээл болсон. 2007 онд Хятадын сонгодог зохиол Цо Юүгийн “Аянгын бороо” жүжгийг тавьж оюутнуудаараа тоглуулж, ӨМӨЗО-д тавьж байсан нь үзэгч­дийн талархлыг маш их хүлээсэн.

-Хамгийн сүүлд ямар дүр бүтээсэн бэ?

-Нэг кинонд туслах дүр бүтээсэн. Одоо ч мань мэтэд зориулсан жүжиг зохиол ч гэж юу байх вэ. Тэр дүр нь хоёрхон үг хэлэх ёстой юм байна. Яагаад хоёрхон үг хэлэх ёстой юм бол, энэ дүрийн санаа нь юу вэ, яаж хэлбэл хүнд хүрэх вэ гэж оройжин бодсон. Тэгээд маргааш нь найруулагчдаа ингээд хэлчихвэл болох юм биш үү гээд хэдэн үг нэмүүлж билээ. Хоёрхон үгэн дээр тэгж их бодож байхад хэдэн дэвтэр үг бид цээжилж өөрий болгодог байлаа шүү дээ. Тэгэхээр жүжиглэнэ гэдэг маш их хөдөлмөр, оюуны ажил байхгүй юу. Үнэхээр хөдөлмөрч хүн бол Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай. Нэг дүр дээр өдөр шөнөгүй, хөлсөө асгартал бэлтгэл хийдэг байлаа. Бид ч гэсэн хөлсөө гартал урлагт зүтгэсэн дээ.

-Урлаг хүнийг мөнхийн залуу төрхийг хадгалж авч үлддэг. Сэтгэл зүрхээрээ залуу байхын шалтгаан нь урлаг өөрөө юм болов уу.Таны өдий болтол ийм сайхан биеэ авч явсан нууц нь юундаа байна вэ?

-Монголын сайхан хүүхэн Ө.Рэнчинноров багш биеэ цэмцгэр авч явдаг соёлтой бүсгүй. Гадаадаас ирсэн Клара багш дэгжин гоё хувцасладаг, галтай цогтой хүүхэн байв. Бидэнд хувцсаа зөв өмсөх,  биеэ авч явах талаар байнга сургадаг байсан. Урлаг гэдэг биеэ сайхан авч явахыг шаарддаг хариуцлага өндөртэй салбар. Нөгөө талаар урлаг өөрөө сайхан ертөнц. Энэ сайхан залуу хүүхдүүдийн эрч хүч, энерги дунд залуу байхгүй гээд яах вэ. Би өөрөө аливаад сэтгэлээсээ ханддаг хүн. Хир буртагтай сэтгэл­тэй хүн хэзээ ч залуу сайхан явдаггүй. Хүний амьдралд өвчин зовлон, үхэл хагацал гээд бэрхшээл тохиолдоно. Тэр бүгдийг даван туулах сэтгэлийн тэнхээ, тэвчээр маш чухал. Уран бүтээлч хүн сэтгэлдээ хүнд хэцүүг тээгээд явбал хөгжихгүй, сайхан явахгүй. Тэр ч байтугай ар гэрт хүнд хэцүү гачигдал тохиолдоод байхад тайзан дээрээ юу ч болоогүй юм шиг гялалзах ёстой үүрэгтэй хүмүүс шүү дээ. Тийм үе ч зөндөө л тохиолдож байлаа. Урлагийн хүн амьдралынхаа хүнд ачааг театрынхаа гадаа үлдээгээд ордог байх ёстой. Тийм болохоор урлагийн амьдралд сайхан хэр нь харгис гээд байгаа юм. Үүнийг ч шавь нартаа ч хэлж сургадаг. Урлагийн хүн тайзнаасаа буугаад хүний л амьдралаар амьдардаг. Одоо үед ганц дүр бүтээгээд л өөрийгөө од болгочих юм, бусад нь хөөргөдөөд тэнгэрт нисгэчих юм. Цахим орчин гэж хөөсөн дунд сайнаар ч, муугаар ч “од” болгох нь амархан болж. Бидний үед цахим интернет гэдэг нь ямар азаар байгаагүй юм бэ гэж хааяа бодогддог шүү. /инээв/

-Та Соёл урлагийн их сур­гуульд багшлаад 30 шахам жил болж байгаа. Өөр газраас ажиллах урилга их ирж байв уу. Энэ сургуульдаа ээнэгшин дасаж, нэгэн эд эс нь төдийгүй нэгэн түүхийг бичилцэж яваа­гийн хувьд сургуулийнхаа талаар сайхан хууч дэлгэнэ үү?

-1990 онд Ардчилалын үед нийгэм бүхэлдээ хөдөлгөөнд орж, өөрчлөлт, шинэчлэлт болж, урлаг соёлын газарт хүндээр тусаж байлаа. Театр эзэнгүйдэж, урлагийнхан зах зээлийн шуурганд хувь хувийн мөрөө хөөсөн цаг үед 1992 онд Соёл урлагийн их сургуульдаа багшаар ирж байлаа. Тэр цагаас хойш энэ сургуульдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөжээ. Манай сургууль чадалтай сайхан дуучин, жүжигчин, бүжигчин хөгжимчин, ардын урлагийн авъяастнуудыг бэлтгэн гаргадаг. Соёл урлагийн их сургууль 1990 онд байгуулагдаж УБДС-аас драмын анги тасарч жүжигчний тэнхимд тайзны яриа, бүжиг зааж эхэлсэн түүхтэй. 1994 оноос бүжгийн, тайзны тусгай тэнхимтэй болж факультет бол­сон. Өвөр Монголд ирж багшлаач гэсэн урилга заллага ирж л байлаа. Би яваагүй ээ. Алтан үеийнхээ багш нараасаа өвлөсөн онол, өөрийнхөө олж авсан туршлагаасаа залуу хойч үедээ зааж сургасаар явна. Энэ жил Соёл урлагийн их сургуулийн маань түүхт 30 жилийн ой тохиож байна. Сургууль минь миний хоёр дахь гэр шүү дээ. Сургуулийн маань удирдлага, багш ажилчид, оюутнууд маань надад их сайн, тэднийхээ хайранд улам залуужих шиг болдог.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.214.48) 2020 оны 11 сарын 16

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
unen(43.242.243.108) 2020 оны 10 сарын 01

Suuliin ued ih deerem hulgai mafijsan hargis kino garah boljee . uuniig ta shavi nartaa heljuguuch? Orchin ue gej zaaval muu muuhaig dagan duuraih ner bish!ydsan erd hatsan baas gegcheer nuguu ard .gaviyat Tserendagva Tumurbaatar geh met n zaluuchuudaa buruu demjij hamgiin muu muuhai durd n toglood bh n yos zuid n niitsej bn uu???zaluuchuud zuv niigemshih ulsiin hujild us agaar met heregtei bus uu???!!!

0  |  0
zx(192.82.73.140) 2020 оны 10 сарын 01

odoo zohiol oldohgvi..bugs buur.haraal.hvchirhìlel.shoron tanhai zodoon allaga arhidaltiin sedevl b.adaa...vzeh yum alga

1  |  0
сонинтогос огцор(202.70.44.146) 2020 оны 10 сарын 01

сонинтогос дэлхий даяар булайгаа дэлгэчээд огцроогүй л байна уу

0  |  0
Top