Монголчуудыг бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, Хятад руу худалдаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

“Global Slavery Index”-ийн судалгаагаар Монгол Улс хүний наймааны хохирогчдын үзүүлэлтээр дэлхийд 167 орноос 13-т жагсаж байна. 

"Анбаунд Монгол" Төрийн бус байгууллагын зүгээс Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэг их байгаа нь хохирсон иргэд хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдлэг мэдээлэлгүйгээс болдог гэж үзэж байгаа юм. Түүнчлэн тус байгууллагаас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг танхимд болон цахим орчинд нийгмийн бүх төрлийн бүлгүүдэд, хүн бүрт хүргэхийг зорин ажиллаж буй аж.

Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас “2020 оны хүн худалдаалах асуудлын төлөв байдал” шинэ тайланг гаргасан байгаа юм. Тайлангаас эшлэн хүргэе.


“Сүүлийн таван жилийн хугацаанд тайлагнасанчлан хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хохирогчдыг мөлжиж, мөн хилийн чинад руу худалдаж байна.

Гэмт этгээдүүд хохирогч болсон гадаад иргэдийг Монгол Улсаар дамжуулан Орос, Хятад зэрэг улс руу худалдаалдаг байж болзошгүй байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөрлүүлэхээр Хятад, Казакстан, Норвеги, Швед, Турк улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, Хятад, Герман, Хонконг, Япон, Макао, Малайз, Филлипин, Өмнөд Солонгос, Швед, Турк, АНУ руу болон Монгол Улс дотор худалдаж байна.

Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ. Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу хорооллын хохирогчид  Улаанбаатар хотод, аймгийн төвүүдэд болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байна.

Иргэний нийгмийн байгууллагын сүүлийн үед хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх монгол хохирогчдыг хөдөлмөр эрхлэлтийн аюултай сонголт хийхэд хүргэж, хүний наймааны хохирогч болгоход хүргэж, хүн худалдаалдаг гэмт этгээдүүдийн гарт ороход нь нөлөөлж байна гэжээ. Охид, эмэгтэйчүүд массажны газар, хууль бус эмсийн хүрээлэн, зочид буудал, бар цэнгээний газар, караоке клубүүд болон зарим тохиолдолд орон нутгийн цагдаагийн ажилтнуудын гар бие оролцсон байдлаар бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо өртөж байна.

Трансжендэр эмэгтэйчүүдийг албан салбарт хөдөлмөр эрхлүүлэхээс гадуурхдаг нийгмийн жигшил зэвүүцэл өргөн тархсан учраас тэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөх өндөр эрсдэлтэй. Япон, Өмнөд Солонгос улсын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг гэж өмнөх жилүүдэд тайлагнаж байсан бол иргэний нийгмийн зарим бүлгүүдийн мэдээлж байгаагаар энэ явдал буурахгүй байна.

Монгол Улсын өмнөд хэсэгт өрнөж буй уул уурхайн салбарын хөгжил дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлсэн нь ялангуяа Хятад-Монголын хилийн эргэн тойронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Өмнөговь аймагт Хятадын хилээр нүүрс тээвэрлэж буй ачааны машины жолооч нарын паспортыг ажил олгогчид нь тээврийн хэрэгслийн барьцаа болгож хураан авч байгаа нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх хүчин зүйл болж байна. Эдгээр жолооч нар хилээр нэвтрэх зөвшөөрөл авч, Хятадад нүүрсээ хүргэж өгөх хүртэл хэдэн долоо хоног, хэдэн сарын туршид нойргүй шахам ачааны машины цуваанд байнгын хүлээлгэд зогсдог байна. Хүргэлт хоцроход үйлчлүүлэгчид цалин хөлсийг нь бууруулдаг учир ийм алдагдал нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлд оруулдаг байна. Залуу охид, эмэгтэйчүүд уул уурхайн компаниудыг Хятадын хилтэй холбодог нүүрс тээвэрлэх зам дагуу хил нэвтрэхээр хүлээж буй жолооч нарт болон уул уурхайн жижиг тосгон, хотууд, Өвөр Монголын хил дагуух шөнийн цэнгээний газруудад биеэ үнэлж ашиглуулах эрсдэл өндөр байна. Уул уурхайд ажиллаж буй ажилчид урт хугацааны ээлжийн гарааны үеэр үр хүүхдээ гэртээ орхисноор тэд бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд орж байна. Түүнчлэн бага насны хүүхдүүд бичил уурхайтай холбоотойгоор албадан хөдөлмөр эрхлэлтийн мөлжлөгт өртөж байна.

Зарим хүүхэд гуйлга гуйх, хулгай хийх болон хурдан морь унах, мал маллах, эсвэл хогийн цэг дээр хог түүх, барилга зэрэг эдийн засгийн албан бус салбарт албадан хөдөлмөр эрхэлж байна. Зарим тохиолдолд гэр бүлийн гишүүдийн зүгээс хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлж бэлгийн мөлжлөгт оруулахад хамсаатан болж байна. Өмнөх жилүүдэд эцэг эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач Монгол охидыг гол төлөв Монгол, Турк, мөн цөөн тоогоор Хонконг, Сингапурт албадан хөдөлмөр эрхлүүлж байсан. Монгол хөвгүүд Хятад улсын хилийн боомт дээр хурдан морь унаач болон циркийн жүжигчнээр тодорхойгүй хугацаагаар ажиллаж, сар тутам хүн дагуулж гэрт нь очуулах гэсэн нөхцөлтэйгөөр ажиллуулдаг нь албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд хүргэж байна. Ийнхүү олон давтамжтай хилийн дээс алхуулж нүүлгэх нь тэднийг хүний наймаанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Монгол эмэгтэйчүүдийг Хятад эрчүүд, мөн сүүлийн үед давтамж нь буурсан ч Өмнөд Солонгосын эрчүүдэд арилжааны зорилготой зуучлалаар гэр бүл болгосны дараа гэртээ зарцлах, эсвэл албадан биеийг нь үнэлүүлж байна.

Сүүлийн үед Хятад компаниуд монгол хөвгүүд, эрчүүдийг хөдөө аж ахуйн чиглэлээр хөдөлмөрийн доод хөлснөөс хэт доогуур цалин, тодорхой бус цагаачлал, харьяатын статустайгаар ажиллуулж байгаа нь тэднийг хүний наймаанд өртөх өндөр эрсдэлд оруулж байна. Зарим бичил зээл олгодог Хятад байгууллагууд Монголчуудын паспортыг барьцаанд авдаг нь тэднийг цагаачлал, харьяатын статустай холбоотой албадлагад өртөхөд хүргэдэг байна гэхчлэн дурджээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top