Калифорнийн НАНОБИЕТЭД найдлага тавьж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

Ковид-19 цар тахал дэлхий ертөнцийг 20 жилийн өмнөх хөгжил рүү нь шидчихлээ хэмээн Билл Гэйтсийн сан дээр яригдаж байгаа бол ахин нэг шинэ төрлийн тахлын вирус дэгдэхэд хүрвэл дэлхий даяар огтхон ч бэлэн бус байна гэж ДЭМБ болон Дэлхийн банкны түвшинд яригдаж байгаа аж. Гэвч үүний зэрэгцээ бас сайн мэдээнүүд ч байна. Ковид-19-ээс хамгаалах үр дүнтэй хэрэгсэл болох хиймэл уургийн молекулыг Калифорнийн эрдэмтэд нийлэгжүүлэх аргаар гарган авчээ.

Коронавируст халдвараар өвчлөгсдийн тоо дэлхий дахинаа 30 саяд дөхөж, нас барагсдын тоо 929 мянгыг даваад байгаа бөгөөд 30 сая орчим хүн эдгэрсэн хэмээн Жонс Хопкинсийн их сургууль мэдээлсэн байна.

 

Өнгөрсөн рүү ухарсан уу

Ковид-19 цар тахал дэлхий ертөнцийг өнгөрсөн үеийн хөгжил рүү нь шидчихээд байгаа бөгөөд харин чухам хэдэн жилээр ухарчихав гэдэг дээр эрдэмтэд маргалдаж байгаа аж. Тэгвэл Билл болон Мелинда Гэйтс Сан жил бүр уламжлагдан явагддаг илтгэлээ өнгөрөгч даваа гарагт тавихдаа уг маргаантай ухралтыг 20 жил хэмээн тодорхойлжээ.

Цар тахал халдварлаж буй хэдхэн сарын хугацаа олон улсын байгууллагуудын өчнөөн жилийн хүч хөдөлмөрөөр хүртсэн үр дүнгүүдийг бараг үгүй болгоход хүрлээ гэж уг тайланд дурдсан байна. Мөн үгээгүй ядуу түвшинд амьдарч буй хүмүүсийн тоо энэ хугацаанд долоон хувиар өссөнийг тэнд мөн онцолжээ.

Түүнээс гадна, дэлхий дээрх бусад төрлийн өвчний вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн тоо бүр 1990-ээд оны түвшинд хүртлээ унасан байна. “Харилцан хамаарал бүхий гамшиг” хэмээн Ковид-19-ийг тодорхойлж болохоор аж. Эхлээд вирус бий болж, дараа нь түүнтэй тэмцэхийн тулд төр засгийн зүгээс нөөц боломжуудаа дахин хуваарилж эхэлсэн, харин хүмүүс цар тахлын халдварт өртөхөөс болгоомжлон эмч, эмнэлэг рүү бараг явахаа больсон зэрэг нь эрүүл мэндийн салбарт бүхэл бүтэн гамшгийн элементүүд бий болсныг харуулж байна хэмээн тайлан илтгэлд тэмдэглэжээ.

Харин Билл Гэйтсийн зүгээс энэ бүгдийг үл харгалзан, Дэлхийн банк цар тахалд нэрвэгдсэн улс орнуудын сэргээн босголтод зориулан зээл олгож, аялал жуулчлалын салбарыг сэргээж чадвал алдагдсан цаг хугацааг 2-3 жилийн дотор нөхөн авах боломжтой гэдэгт итгэлтэй байгаа аж.

Билл Гэйтс ВВС-д өгсөн ярилцлагадаа, Ковид-19-тэй холбоотойгоор түүний санааг хамгийн ихээр түгшээж буй зүйл бол хуйвалдааны онолууд хэмээн онцлон дурдсан байна. Тэдгээрийн нэг нь Билл Гэйтс вакцин тарих нэрийдлээр хүмүүсийн биенд бичил чип суулгахын тулд коронавирусыг ашиглаж байна гэх хуйвалдааны онол юм.

Бас нэгэн гутранги үзэл бүхий илтгэлийг ДЭМБ болон Дэлхийн банкны хамтарсан бүтэц болох Бэлэн байдалд дүн шинжилгээ хийх даяаршлын зөвлөл гэгч тавьсан байна. Шинэ төрлийн халдварт цар тахалд дэлхий ертөнц бэлэн эсэхийг тандан судалдаг уг байгууллага Ковид-19-тэй төстэй шинэ вирус үүсч болзошгүй нөхцөл байдалд өнөөдөр хэн ч төдийлөн анхаарахгүй байгааг онцлон дурджээ.

 

Калифорнийн нанобиетүүд вирустэй тэмцэхэд тусална

Сан-Франциско дахь Калифорнийн Их сургуулийн эрдэмтэд Sars-Cov-2 коронавирусыг үр дүнтэйгээр хоргүйжүүлэх чадвартай уургийн молекулыг гаргаж авчээ. Түүний бүтэц дээр суурилсан шүршигч бодисыг бүтээж чадвал уг бэлдмэл нь Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх болон түүнийг эмчлэх ихээхэн үр дүнтэй хэрэгсэл болох аж.

Вирус нь халдварлагдсан эзэн амьтныхаа биед ормогц түүний эсүүдэд халдварлан эсүүдийн уураг бий болгох эрхтэнцэрүүдийг “хакердан” ашиглаж удамшлын мэдээллээ хувилан олшруулж өсөж үржиж эхэлдэг. Тодорхой нэг эсийн дотор өсөн үржиж буй вирусын тоо хэмжээ хэсэг хугацааны дараа асар олон болох бөгөөд ингэснээр тухайн эс ачааллаа даалгүй үхэж, шинээр үүссэн вирусууд эсээс чөлөөлөгдөн гарч өөр эсүүдэд халдварлан дээрх маягаар өсөн олширч эсүүдийг устгаж эхэлснээр эзэн амьтныг өвчлүүлнэ. Энэ байдал эзний дархлааны тогтолцоо ажиллан вирусуудыг халдварлагдсан эстэй нь хамт устгаж дуусах хүртэл үргэлжлэх бөгөөд зарим тохиолдолд эсийн дотор үржиж буй вирусуудын удамшлын мэдээлэлд өөрчлөлт орж хувьсал явагдсанаар тодорхой вирусын бүл доторх шинэ хэв шинж бүхий шинэ омог үүсдэг.

Дэлхий дээрх олон арван шинжлэх ухааны байгууллага, баг хамт олон Ковид-19 вакцины боловсруулалт дээр ажиллахын зэрэгцээ шинэ коронавирусыг анагаах эм хэрэгслийн эрэл хайгуулыг хийж байна. Вирус нь хүний биеийн гадаргуу дээрх нүх сүвээр дамжин эд эсэд нэвтэрдэг тул молекулууд нь титэмт вирусын өргөстэй дөхөж очихуйц бодисыг олж авах явдал эрдэмтдийн нэн тэргүүний зорилт юм. Тийм молекул өргөст хэсэг дээр бэхлэгдсэнээр түүний хэлбэрийг өөрчилж, халдвар тараах чадварыг нь үгүй хийх, өөрөөр хэлбэл, хүний биеийн эд эсэд нэвтрэн орж, өсөж үржих боломжгүй болгоно.

Бидний дархлааны систем ч иймэрхүү маягаар ажилладаг. Коронавирустэй хийх тэмцэлд бидний бие организм бий болгодог эсрэг биет нь тиймэрхүү зарчмаар үйлчилдэг онцлог хэлбэрийн молекулуудтэй төстэй юм. Хүний болон бусад сүүн тэжээлтэн амьтдын эсрэг биет бол өчүүхэн жижиг вирустэй харьцуулахад хамаагүй том бөгөөд харин тэмээн төрлийн амьтад /ялангуяа лам гөрөөс/-д тэдгээрийн хэмжээ харьцангуй бага байгаа нь тэдгээр “нано биетүүд” ихээхэн үр дүнтэй үйлчлэхэд нөлөөлж байна.

Яг ийм төрлийн хиймэл молекулыг Калифорнийн Их сургуулийн магистрант Майкл Шуф амжилттай гарган авчээ. Лабораторид явагдсан туршилтуудаас харахад, хоорондоо холбогдсон гурван нанобиет нь титэмт өргөсний эргэн тойрон дахь вирусыг маш амжилттайгаар идэвхгүй болгож байжээ.

Эдгээр туршилтуудыг дүрсэлсэн шинжлэх ухааны өгүүлэлийн ноорог бараг нэг сарын өмнө bioRxivo сайтад нийтлэгдсэн бөгөөд шаардагдах хяналт шалгалтыг одоогоор даваагүй байна. Гэвч уг өгүүлэлтэй танилцсан эрдэмтэд америк магистрантын тэрхүү нээлтэд ихээхэн итгэл найдвар тавьж, цар тахалтай хийх тэмцэлд жинхэнэ тэсрэлт болно хэмээн өөр зуураа ярилцаж байгаа аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top