Ган бөөрөнцгийн хэрэглээг дотоодоосоо бүрэн хангахыг зорьж байна

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех Баяжуулах үйлдвэрийн технологид ашиглагддаг 40, 80, 100-ын голчтой “шаар”-ын хэрэглээг бүрэн хангадаг. Харин 120, 125-ын ган бөөрөнцгийг БНХАУ-аас импортоор авдаг. Нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж индукцийн хос шугам бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлсэн Ган бөөрөнцгийн цех дахин өргөтгөл хийж, ирэх жилээс 120, 125-ын голчтой “шаар” үйлдвэрлэхийг зорьж байна. Одоогоор энэхүү ажил эдийн засгийн тооцоо, тоног төхөөрөмжийн судалгааны шатанд явна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Эрдэнэт үйлдвэр ган бөөрөнцгийн хэрэглээгээ дотоосоо бүрэн хангахад нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг буурч, эдийн засгийн их хэмжээний хэмнэлт гараад зогсохгүй бүтээгдэхүүний чанар сайжирна гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Тус цех индукцийн технологи нэвтрүүлснээс хойш 600-аад сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан. Үүний 30 гаруй хувийг эрчим хүч, бэлдцийн хэмнэлт эзэлжээ. Мөн баяжуулагчид ган бөөрөнцгийн хатуулаг сайн, элэгдэл бага, чанар сайжирсанд ам сайтай байна. Цаашид, Эрдэнэт үйлдвэр хөгжлийн бодлогын дагуу 35-37 сая тонн хүдэр боловсруулахын тулд Баяжуулах үйлдвэрийн ган бөөрөнцгийн хэрэглээ өсөх учраас 120, 125-ын “шаар” жилд нийт 10 мянган тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай шугам нэвтрүүлэхээр судалгаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top