ФОТО СУРВАЛЖИЛГА: Хэлмэгдэгсдийн дурсгалыг 25 дахь жилдээ хүндэтгэлээ

2020 оны 09 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар өнөөдөр /2020.09.10/ Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

1996 оноос хойш жил бүрийн энэ өдрийг Монгол орон даяар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж ирсэн ба өдгөө 25 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жил Хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаа аж. Нийт 36 мянган иргэн хэлмэгдсэнээс өнөөдрийн байдлаар 31.314 иргэнийг цагаатгажээ.

Хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Д.Ууганбаатар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн олон мянган гэм буруугүй хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, тэднийг санан дурсаж, өнөөгийн болон хойч үеийнхэндээ тухайн хэлмэгдүүлэлтийн хар бараан сүүдэр, гашуун сургамжийг нь сануулах зорилгоор энэ өдрийг жил болгон тэмдэглэдэг. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажил зөвхөн төрийн ажил биш, Монгол улсын иргэн бүрийн хүндэтгэх ёстой өдөр юм” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Төр засаг энэ ажлыг хэлмэгдэгсдийн үр садад хүндэтгэлтэй хандаж, сэтгэлд нь сэв суулгахгүй байхаар зохион байгуулах нь зүйтэй. Хэрэв ингэж зохион байгуулж чадахгүй байгаа бол энэ ажил хэлбэрдсэн, ээлж өнгөрөөсөн арга хэмжээ болж хувирах гээд байна. Мөн нөхөн олговор олгохдоо нэлээд баримт бичиг бүрдүүлэхийг шаардаж, хүндрүүлдэг гэж иргэд ярьж байна. Зарим нь бүр удаан хугацаанд хөөцөлдөөд, бүрдүүлж чадалгүйгээр нас барж байна гэлээ. Төр засаг энэ хүнд суртлаа больж, хэлмэгдэгсдийн үр садад хөнгөн шуурхай үйлчлээч гэж хэлмээр байна” хэмээлээ.

VIII Богд Жавзандамба хутагтын ач охин Ж.Сүхбаатар “Миний амьдралыг хэлмэгдэгсдийн хар шуурга 80-аад жил дайрч өнгөрч байна. Миний өвөө болох VIII Богд Жавзандамба хутагт, хамгийн том ах Лувсанданзан нарыг 1924, 1937 онд буудаж хороосон. Ахын маань хураалгасан хөрөнгө гэхэд одоогийн ханшаар нэг тэрбум төгрөг болно. Би тэр хөрөнгийг авчихвал хоол идэж, цай уухгүй. Эдгээр хүмүүсийг 28 дугаар сургуулийн урд буудан хороосон учраас тус сургуулийн хашаанд дөрвөн м.кв талбайд гэрэлт хөшөө босгох гэсэн юм. Энэ ажлыг хийхэд 150 сая төгрөг хэрэгтэй байгаа” гэв.

Хэлмэгдсэн иргэн Содномын хүү Энхбаяр “Манай аав монголчуудын бичиг соёлыг сэргээж байсныхаа төлөө үндэсний үзэлтэн, Японы тагнуул гээд хилс хэрэгт хэлмэгдэж байсан. Үүнээс нь болоод биднийг эсэргүүний хүүхэд гээд гадагшаа сургуульд явуулаагүй. Одоо сайн цаг ирж байгаа болохоор хууль дүрмээ зөв болгох байх. Дээд шүүхээр 1939, 69 онуудад хоёр удаа цагаатгагдсан. Нөхөн олговор гэж 1998 онд сая төгрөг авсан. Одоо 40 сая төгрөг олгон гэсэн боловч өгөхгүй гэж яриад байна” гэсэн юм.

 

Сурвалжилсан: Б.Хонгорзул

Гэрэл зургийг: Д.Амаржаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top