Энэ жил их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн дийлэнх нь жилийн жилд төлбөрөө нэмсээр байдаг. Оюутан жилд 30-40 кредит судалдаг гэж үзвэл дунджаар 300-400 мянган төгрөгөөр нэмэгддэг гэсэн үг юм. Ихэнх их сургуулиуд курс ахих тусам төлбөрөө нэмдэг бол, зарим нь шинэ хичээлийн жилд элсэлтээр авч байгаа курсдээ төлбөрөө нэмдэг байна. Цар тахлын үед оюутнууд, эцэг эхчүүдийн хувьд сургалтын төлбөр том ачаа болж байгаа нь мэдээж. Ажил эрхлэлт багасаж, цалингийн хэмжээ танагдаж байгаа энэ жил их сургуулиуд төлбөрөө нэмэхгүй байвал нүдээ олсон хэрэг болно. Сургуулиудын төлбөрийн талаарх мэдээллийг суралцагч оюутнууд болон сургуулийн албан ёсны сайт, сургалтын албанаас тодруулан сурвалжиллаа.

Улсдаа дээгүүрт тооцогдох, магадгүй эцэг эх бүр хүүхдээ элсүүлэхийг хүсдэг сургууль гэхэд хэлсдэхгүй олон жилийн түүхтэй сургууль бол Монгол Улсын их сургууль юм. Олон эрдэмтэн доктор багштай, элсэлтийн ерөнхий шалгалтаар дээгүүр оноогоор жагссан хүүхдүүд элсэн ордог тус сургууль нь жилийн жилд мянга мянган элсэгчдээр цусаа сэлбэж, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн төгсгөдөг. Сургалтын төлбөрийн хувьд жилээс жилд нэмэгдсээр байдаг нь шүүмжлэлд өртдөг хэдий ч сургалтын орчин нөхцөл сайжирсаар байдаг нь авууштай. Хичээлийн жилд хавар, намрын улиралд сургалтын төлбөрөө хоёр хувааж төлдөг бөгөөд нэг кредитийн төлбөр 107.800 төгрөгөөс эхлээд 127.100 төгрөг байдаг. Жилд дээд тал нь 42 кредит судлах боломжтой гэж үзвэл 4.5-5.3 сая хүртэлх төгрөгийн төлбөр төлж суралцах боломжтой. МУИС-ийн хувьд 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэгдэхгүй бөгөөд цаг үеийн хэрэгцээ шаардлага, суралцагч оюутнуудын хүсэлтийн дагуу сургалтын багц цагийн төлбөрийг шинэчлэн тогтоосон байна.

Их сургуулиудын нэг кредитийн төлбөрийг жагсаавал Шинжлэх ухааны сургууль 86700 төгрөг, Бизнесийн ухааны сургууль 103.100 төгрөг, Хууль зүйн сургууль 94.600 төгрөг, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль 98.300 төгрөг, Завхан, Орхон сургууль 60.800 төгрөг, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль 95600 төгрөг буюу жилд дунджаар 3.4 сая төгрөг, Монгол улсын боловсролын их сургууль 78.000 буюу жилд дунджаар 2.8 сая төгрөг байлаа. Оюутнууд хавар намрын семистрээр төлбөрөө хоёр хуваан төлөх боломжтой гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Нийгмийн үзэл, хөгжил хандлагаас хамаарч ямар мэргэжил илүү эрэлттэй, цалин их вэ гэдгээс шалтгаалан сургуулиа сонгон элсэх хандлага сүүлийн үед их ажиглагдах боллоо. Тийм ч учраас санхүүгийн мэргэжил бол хувь хүнд ч улс нийгэмд ч үргэлжид чухал нөлөөтэй мэргэжил юм. Улсын хэр нь нэлээн өндөр төлбөртэй сургуульд Санхүү эдийн засгийн дээд сургууль тооцогддог. Хүссэн бүхэн нь ороод, төлбөрөө төлөөд сурдаг сургууль биш хэдий ч төгссөн хойно нүүр бардам ажлын байранд очиж, цалин боломжийн ажил олдох магадлалтай гэдгээрээ давуу талтай. Тэр чинээгээрээ сургалтын төлбөр нь зургаан саяас эхэлдэг байна. Тэгвэл ард түмнийхээ энхийн манаанд тангараг өргөн зогсох эмч болох хүсэлтэй хэн бүхэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд элсэн орохоор бэлддэг. Олон жил нойр хоолоо хасан сэтгэл зүрхээ зориулан сурсан мэргэжил нь өөрийн эзэмшсэн чадвараараа үнэлэгдэх нь ойлгомжтой. Хүнд хэцүү цагт, өвдөж зовсон үед ард олноо эмчлэх алтан гартай эмч болохын тулд тууштай, тэвчээртэй хөдөлмөрч байх ёстой санагддаг. Энэ агуу мэргэжлийг энэ сургуульд суралцаж төгсөхийн тулд жилд 3.8-4 сая төгрөгийн төлбөр төлдөг байна. Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн сургууль, Мал аж ахуй, Биотехнологийн сургууль, Инженер технологийн сургууль, Агроэкологийн сургууль, Эдийн засаг бизнесийн сургууль, Магистр, докторын сургууль, Агроэкологи бизнесийн сургууль гэсэн бүрэлдэхүүн сургуулиудаас сонгон суралцах боломжтой. Төлбөрийн хувьд 2.1-3.5 сая төгрөг бөгөөд төлбөрөө дөрөв хуваан төлөх боломжтой.

Хувийн хэвшлийн олон улсын харилцаа холбоо сайтай, босго оноо бага, сургалтын орчин нөхцөл сайныг бодон хувийн сургуульд элсэн орж амжилттай суралцан салбартаа тэргүүлж буй залуус олон байдаг. Улаанбаатар их сургууль, “Их засаг” их олон улсын их сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Монголын Үндэсний Их сургууль зэрэг хувийн нэр хүндтэй сургуулиуд олон салбар мэргэжлээр сургахын сацуу, оюутнуудаа хөгжүүлэх нийгмийн ажлыг ихээхэн зохион байгуулж, тэтгэлэг хөнгөлөлт, оюутан солилцоо хөтөлбөрүүдийг их хэрэгжүүлдгээрээ улсын сургуулиудаас ялгарах онцлогтой. Тухайбал, Улаанбаатар их сургууль салбар сургууль мэргэжлээс хамааран 2.4-3 сая төгрөг, “Их засаг” олон улсын их сургууль нь бакалаврын түвшинд 10 салбар сургуульдаа мэргэжлээс хамааран 2.3-2.7 сая төгрөгийн хооронд төлбөртэйгөөр сургалтаа явуулдаг. Курс ахих тусам төлбөр нэмэгддэг талаар оюутнууд ярьж байлаа. Этүгэн Их сургууль Эрүүл мэндийн сургууль, Сувилахуйн сургууль, Инженерчлэл-Эдийн засаг, менежментийн сургууль, Этүгэн бүрэн дунд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төгсөлтийн дараах сургалт, Цахим сургалт хэлбэрээр сургалтаа явуулдаг бөгөөд жилийн дундаж төлбөр 2.3-3.1 сая төгрөгийн үнэтэй. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль 24 мэргэжлээр бакалаврын түвшний мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд 3.1-4.6 төгрөг хүртэлх төлбөртэйгөөр 2020-2021 оны хичээлийн жилийн бүртгэлээ авч байгаа аж. Монголын үндэсний их сургууль олон улсад эрэлттэй 13 салбар сургуулийн 250 гаруй мэргэжлээс өөрийн хүссэн мэргэжлийн ангид суралцах боломжтой бөгөөд төлбөрийн хувьд 2.3 сая төгрөгөөс эхэлдэг. Дашрамд дуулгахад, шинээр элсэгчдэд олон улсын олимпиад болон аймаг, нийслэл, түүнтэй дүүцэхүйц олимпиадад шагналт байр эзэлсэн бол, ЭЕШ-д авсан өндөр оноог харгалзан тэтгэлэг олгодог учир дээрх төлбөрүүдээс хөнгөлүүлэн суралцах боломжийг бүх их дээд сургуулиуд олгодог билээ. Энэ жил шинээр оюутан болж буй хүүхэдтэй нэгэн ээж ”Би хүүхдээ чадварлаг боловсон хүчин болгохын тулд хүссэн мэргэжлээр нь сонгон суралцуулахыг чухалчилж байгаа. Миний охин энэ жил эмчийн мэргэжлийг суралцахаар хичээлийн шинэ жилээ догдлон хүлээж байгаа. Хүүхдээ төгсгөхийн тулд дөрвөн жилийн хугацаанд 16-20 сая төгрөг зарцуулах юм байна гэдэг сэтгэл санааны бэлтгэлтэй байна. Яаж ийгээд л төгсгөнө дөө” гэлээ.

Э.УЯНГА

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (192.82.74.45) 2022 оны 04 сарын 27

Хувийн арван жилийн сургуулиудын төлбөрүүд нь жилийн 6 саяас 28 сая хүртэл байхад их сургуулийн төлбөр бага байна.

0  |  0
Top