Ажиллах хүчний 25.3 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 29

Мал аж ахуй бол Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой салбарын нэг. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д 2019 оны байдлаар 10.9 хувь, экспортын орлогын 8.2 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж, нийт ажиллах хүчний 25.3 хувь нь энэ салбарт ажиллаж байна.

Салбарын бүтцээр анхдагч салбар буюу хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн салбар 1999 он хүртэл ДНБ-ий 30-40 орчим хувийг үйлдвэрлэж байсан бол 2000 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт учирсан байгалийн гамшиг, уул уурхай, үйлчилгээний салбарын өсөлтөөс үүдэн хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийн жин буурч, улмаар уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жин өссөөр байна.

Хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын хүнсний бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл болон арьс, ширэн эдлэл зэрэг үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийг нийлүүлж, боловсруулах салбар болон үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, газар тариалангийн салбар нь хүн амыг аюулгүй, баталгаат хүнсээр хангах үндсэн нөхцөл нь болж байна. ХАА, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 3869 ААНБ үйл ажиллагаа явуулж байгаа нь статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-д 4.1 хувийг эзэлж байна.

Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 5.2 их наяд төгрөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхтой харьцуулахад оны үнээр 18.1 хувь, зэрэгцүүлэх үнээр 8.7 хувиар өслөө.

Мал аж ахуйн салбарт 2019 онд нядалгааны жингээр 545 мянган тонн мах, 1074.2 сая литр сүү, 33.7 мянган тонн хонины ноос, 10.9 мянган тонн ноолуур, 2.2 мянган тонн тэмээний ноос, 17.6 сая ширхэг арьс, шир үйлдвэрлэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top