Шүүхээс Д.Эрдэнэбатад ХИЛИЙН ХОРИГ тогтоолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.16/ боллоо. 

Шүүх хуралдаанд дуудагдсан зарим гэрч болон шинжээч нар ирээгүйтэй холбогдуулж улсын яллагч өмгөөлөгч нараас хүсэлт гаргалаа. Мөн шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, ирэх долдугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч Д.Эрдэнэбатад энэ өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, энэ хэргийн оролцогч болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Top