Б.Энхчимэг: Хар тамхины хамааралтай хүн АВТОБУСАНД Ч зүгээр явж чадахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 03

СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Б.Энхчимэгтэй хар тамхи, донтолтын талаар ярилцлаа

-Өнөөдрийн байдлаар хар там­хинд донтсон хэдэн хүн танай тасагт эмчлүүлж байна вэ?

-Яг одоо бол хоёр хүн байна. Манай эмнэлгийн хэмжээнд хэд байгааг хэлж мэдэхгүй, статистик тоо харах шаардлагатай л даа. Ер нь сүүлийн хоёр, гурван жилээс сайн дураараа эмчилгээ хийлгэх нь нэмэгдсэн. Харин хуулийн асуудалд өртөөд, шинжилгээ өгөхөөр ирдэг иргэд олон л доо.

-Бодис хэрэглэдэг хүн донтол­тын эсрэг эмчилгээ хийлгээд үр дүн гарсан жишээ бий юу?

-Тийм тохиолдол цөөхөн. Бодисын асуудалтай хүнд эмчилгээ хийх нь архинд донтсон хүнд эмчилгээ хийхээс ялгаатай. Архины асуудалтай хүн бодит байдалд дүгнэлт өгч чаддаг. Тухайлбал, таны үйлдлээс болоод гэр бүлийн тань хүн ингэж өвчилж байна, танай хүүхдэд хожим ийм сэтгэцийн өвчлөл үүсэх эрсдэлтэй, ханиа сонгоход ч ийм эрсдэл үүснэ гээд нөхцөл байдлыг тайлбарлаад өгөхөөр бодит байдалд үнэлгээ өгч чаддаг. Гэтэл бодисийн асуудалтай хүнд энэ бүх зүйл хийсвэр. Дүгнэлт хийж чаддаггүй. Манайд ирж байгаа залуучууд “За ёстой хар тамхи хэрэглэхгүй шүү гээд бодоод явж байсан ч хэрэглэдэг найзтайгаа тааралдаад өөрийн мэдэлгүй дагаад явчихсан” гэж ярьдаг.

Донтсон хүн бол үгүй гэж хэлэх чадваргүй болчихдог аюултай. Тийм учраас ерөөсөө хэрэглэхгүй байх, хожим тохиолдох хор уршгийн талаарх мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Хар тамхинд нэг л орсон бол хүссэн үедээ гарч болдоггүй дон юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүссэн үедээ гарч чадна гэдэг бол худлаа, илүү их тэмүүлнэ. Одоо залуус хаанаас ч мэдээ мэдээлэл авах боломж байна. Тиймээс яагаад хориглоод байгаа юм, яагаад хууль бус гэж үзээд байгааг мэдээд авах хэрэгтэй.

-Хар тамхи хэрэглэх нь хууль бус учраас донтогчид эмнэлэгт хандах нь аюултай. Энэ утгаараа ял өгөх биш албан журмаар, удаан хугацаагаар эмчилдэг тогтолцоотой болох хэрэгтэй юм шиг санагдаж байна. Та үүнтэй санал хийлэх үү?

-Энэ бол дан ганц манай байгууллагын хийх ажил биш. Системээ тэр чигт нь өөрчлөх шаардлагатай. Албадан эмчлэх төв байгуулахгүй бол өөрсдөө сайн дураараа ирэхгүй. Тиймээс улс түрүүчээсээ арга хэмжээ аваад эхэлсэн. Донтолттой хүнд бол нэгээс найман сар цаашлаад хэдэн жилээр эмчилгээ хийх шаардлагатай. Жил эмчилгээ хийгээд “сайхан болчихлоо” гээд гаргаад явуулсан хүнээ орхихгүй байх хэрэгтэй. Тэр хүний ажлын байр, нийгмийн асуудал гэх мэт хувь хүнийг тойрсон хэрэгцээг уялдуулж өгөхгүй бол бүрэн эдгээж авна гэдэг хэцүү л дээ. Жишээ нь нэг хүн эмчилгээнд орсны дараа эрүүл амьдралд дасан зохицох явц, бодис хэрэглэдэг найз нөхдийн хамаарал, татахыг хүсэх мэдрэмжээ захирахад бэрхшээлтэй хэвээр байдаг. Тийм учраас тэр хүнийг байнгын мэргэжлийн эмч дагаж, зөвлөж, сэнхрүүлж, дэмжлэг өгөх шаардлагатай болдог. Тэгэхээр энэ бол асар их хөдөлмөр, цогц уялдаатай систем байх ёстой. Манайд ирээд сар, хоёр сар эмчлүүлээд сайхан болоод гардаг залуус бий. Гэхдээ тэд хэсэг хугацааны дараа, нэлээн хэрэглээтэй хүн бол долоо хоногийн дараа “Мансууралгүй амьдрал хэцүү байна” гээд ороод ирдэг. Яагаад гэвэл амьдрах гэхээр юм бүхэн бүтэхгүй байна гэсэн сэтгэхүйгээр өөрөө өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн тэнхээгүй болчихдог. Биеийн амраа хардаг. Мансуураад амьдралын хэцүү хүндийн мэдрэхгүй явж байх юмсан гэж ханддаг. Үүгээрээ донтолт гэдэг нь гүнзгийрээд явдаг учраас дан ганц эрүүл мэндийн ажилтан, цагдаагийн байгууллагын хийдэг ажил биш. Бүхий л системээ уялдуулах ёстой.

-Эцэг эхчүүд үр хүүхдээ энэ аюулт зүйлээс хол байлгахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Хүүхэдтэйгээ багаас нь ярилцдаг байх хэрэгтэй. Танай хүүхэд юу хүсэж байна, юу мэдэрч байна гэдгээ илэн далангүйгээр танд ярьдаг болоход та туслах хэрэгтэй. Эхлээд хүүхдийнхээ маш сайн сонсогч бол. Дараа нь хүүхэддээ тусал. Манай эцэг эхчүүдэд нэг өрөөсгөл ойлголт бий. “Юу дутлаа гэж чи ингэж байгаа юм” гэдэг хандлагаар хүүхдээ буруутгадаг. Хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг бүрэн хангадаг байж болно. Гэхдээ таны хүүхэд юу бодож явдаг, ямар хүсэл мөрөөдөлтэй вэ, юу хийхийг хүсч байна гэдгийг ярилцаж ойлгодог байх хэрэгтэй. Ингэж чадаагүйгээс донтолт үүсээд байгаа юм. Зөвхөн бодисын асуулдал гэлтгүй дэлгэцийн донтолттой өсвөр насны хүүхдүүд нэмэгдэж байна. Яагаад гэвэл эцэг эхчүүд өөрсдөө утсаа бариад хэдэн цаг ч хамаагүй суучихдаг. Бие бие рүүгээ уурлаж бухимдсан ч эргээд ярилцана гэдэг чинь мэдрэмжээ хувцаалцаж байна гэсэн үг. Ярилцахгүй байх тусам хуралдаад, буруу шийдвэр гаргах нь ихсээд байна. Ийм орчин донтолт үүсгэх нэг шалтгаан болдог.   

Стрессээ тайлж сураагүй, гэр бүлийн эрүүл орчинд амьдраагүй, хайр энхрийлэлгүй орчинд өссөн хүүхэд аливаа зүйлд донтох нь элбэг байдаг. Үүнээс гадна тухайн хүүхдийг хамгаалах хүнгүй, эцэг, эхгүй гэдэг мэдрэмж нь ямар нэг донтолт үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг.

-Хар тамхины хэрэглээ Монгол Улсын хэмжээнд хэр өргөн цар хүрээг хамарсан бэ?

-Ухаалаг утасны хэрэглээ, фэйсбүүк рүү хүмүүс яаж хошуурч байгааг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл мансуурах бодис гэдэг чинь чимээгүй, нууцлаг байдлаар хүрээгээ тэлдэг. Дээр нь энэ бодисыг зарж байгаа хүн танихгүй хүн дээр очоод, танихгүй хүнтэй цуг хэрэглэхээр өөрт нь аюултай. Тэр утгаараар дандаа ойр дотны таньдаг мэддэг хүмүүсээрээ дамжуулж цар хүрээгээ бага багаа тэлдэг. Өсвөр насныхан ямар нэг зүйлийг олон талаас нь харж чаддаггүй. Тиймээс ямар нөлөө авч байна түүндээ автах магадлал өндөр байдаг нь аюултай. Хар тамхи бол чимээгүй байдлаар нэлээн тархацтай байгаа.

-Та донтолттой залуусыг хараад халаглах, харамсах сэтгэл төрдөг үү?

-Би энэ мэргэжлээр ажиллаад 22 жил болж байна. Надад харамсах, халаглах сэтгэл маш их төрдөг. Одоо бол баян чинээлэг, ядуу гэлтгүй бүх давхаргын залуус хэрэглэж байна. Бид үзлэг хийхдээ анхааралтай, сэрэмжтэй байхгүй бол болдоггүй. Наад зах нь ороод гарахдаа хүний юм хулгайлах, мөнгө болгочих юу л байна тэр бүхнийг аваад гарах эрсдэлтэй. Тийм байдлыг нь харахаар маш хэцүү. Эмчилгээнд ороод нэг хэсэг сайхан болно. Гэтэл нөгөө хүн чинь хэдэн жил мансуурлын байдалтай явсан учраас эрүүл амьдралдаа дасаж чадахгүй, сэтгэлийн тэнхээ гаргаж чадахгүй байх нь элбэг. Ар гэрийнхээ хүмүүсийг олон жил байж ядтал хэцүү байдалтай байлгаснаас болоод нөгөө хүмүүс нь орхиод явсан учраас тэр хүнд нийгмийн дэмжлэг гэдэг зүйл байхгүй болчиж байгаа юм. Ингээд л дэм, дэмжлэг байхгүй болчихоор эргээд бодисоо хэрэглээд байдаг. Өөрсдөө больё гээд манай эмнэлэгт ирж байна. Гэтэл эмчлэгдээд гарсан ч эргэж ороод байдаг учир нийгмийг системээр нь өөрчлөх шаардлагатай байгаа юм. Албадан эмчилгээний төв нээгээд, эмчилгээ хийлгээд гарсан хүнийхээ ажил амьдралд нь дэм өгөөд, насан туршид нь эмч мэргэжилтэн дагаад явах шаардлагатай болоод байгаа юм.

-Мансууруулах бодисоос гадна өвчин нам­даах тарианд донтсон хүмүүс байдаг уу?

-Өөрөө анхнаасаа хар тамхи мансуу­руулах бодис сонирхож хэрэглээгүй ч өвчний улмаас өвдөлт намдаах тариа тарилга хэрэглээд донтсон тохиолдол бий. Өвдөлт намдаах зорилгоор хэрэглэсээр байгаад одоо эцсийн шатандаа орж өдөр тутамдаа хэцүү байдалтай амьдардаг хүн ч бий.

-Хар тамхи татаад сэтгэлгүй, мэдрэмж­гүй болсон бодит жишээг жүжигчин Т.Билэгжаргалаас мэдэрлээ. Тэр залуугийн ээжийгээ зодож, араатан шиг аашилж байгаа бичлэг нийтэд цацагдсан. Тэгэхээр хар тамхи хэрэглэж байгаа хүнээс ухамсарт үйлдэл гарах чадваргүй болгодог гэсэн үг үү?

-Тэр хүний хамгийн хайртай зүйл нь хар тамхи болчиж байгаа юм. Хар тамхи нь байж байвал сэтгэл нь тайван байдаг. Амьдралын хамгийн нарийн нандин үнэтэй бүхнийг хар тамхиар солиод байгаа юм. Ийм хүнд хориглосон буруутгасан үг хэлэхэд л өш хонзон санасан мэт хүлээж аваад, бухимд­даг. Тэгэхээр донтолт өөрөө зан төрхийн өөрчлөлтийг давхар бий болгодог гэсэн үг.

-Олны танил хүмүүсийг хэр их эмчилж байсан бэ?

-Олны танил хүн тийм ч их хандаад байдаггүй. Мэр сэр зарим нэг нь зөвлөгөө авдаг.

-Хар тамхинд донтсон эмэгтэйчүүд мансуурахын тулд биеэ үнэлэх нь наад захын зүйл болдог гэж сонсож байсан. Энэ үнэн үү?

-Мөнгө олохын тулд тэд юу ч хийж магадгүй. Бодисоо олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй байдалд ордог. Ийм учраас л хууль бус гэж үзээд хориглоод байгаа юм.

-Мансууруулах бодис хэрэглэдэг хүн эцэстээ ямар байдалд хүрдэг вэ?

-Цахилгааны утсыг хамгаалсан бүрхүүл байдаг. Тэр бүрхүүл нь гэмтээд, шалбараад ирэхээд цахилгаан дамжуулах явцад доголдол гарч эхэлнэ. Үүнтэй адил бодис хэрэглээд донтоод ирэхээр тархины эд эс гэмтэж эхэлдэг. Тухайлбал, нэг хэрэглэгч нийтийн тээврээр явж чаддаггүй. Нийтийн тээврээр явж байхад нь биед нь хүрсэн тэр мэдрэмжийг маш хүндээр хүлээж авах жишээтэй. Одоо бид хоёр ярилцаад сууж байхад тэр хүн ирсэн бол гадаа хүлээгээд сууж чадахгүй. Шууд дайрч орж ирнэ. Тэр үед нь эмч хүнтэй байна гээд хэн нэгэн биед нь хүрчих юм бол орилж чарлаад, байж ядсан үйлдэл гаргадаг. Тийм үедээ ямар ч аюултай үйлдэл гаргахад бэлэн байдаг. Биед нь хүрч байгаа мэдрэмж тогонд цохиулсантай ижил мэдрэгддэг гэж өөрөө ярьдаг. Ийм өвдөлтийг мэдэрдэг учраас хэнийг ч биедээ хүргэдэггүй. Маш муухай авир гаргана. Нийгэмд юу ч хийж болзошгүй эрсдэлтэй. Энэ нь хар тамхи хэрэглэснээр мэдрэлийн ширхэг гэмтэж байгааг илтгэж байгаа юм.

Хүний амьдралд баярласан, уурласан, гомдсон, санасан мэдрэмж өдрийн хэд ч тохиолдож болно. Энэ бүх мэдрэмж тархины үйл ажиллагаагаар зохицуулагддаг. Гэтэл хүчээр тайвшруулж, баяр хөөртэй болгосон байдал үргэлжлээд ирэхээр тархи гэмтэнэ. Тиймээс сэтгэцийн өвчтэй болно гэсэн үг.  Хэвийн байсан тархи өвчлөөд ирэхээр эрүүлээр сэтгэн бодож чадахгүй, солиорол, донтолт бий болно. Хамгийн гол нь хууль бус үйлдэл гэдгээрээ тэр бүр эмнэлэгт хандаад байдаггүй. Хандаад ирсэн ч нэлээн удаан хугацаанд тууштай эмчилж байж үр дүн гарна. Арав хоног хэвтэн эмчлүүллээ гээд сайхан болоод, хордлого тайлагдлаа гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл хүний зан төрх, дадал хэвшил, биеэ авч явж байгаа байдалд нөлөөлөөд буруу зуршил бий болоод байгаа учраас цаг хугацаа нэлээн ордог.

-Та бүхний ажиллах нөхцөл байдал ямар байна вэ. Мансуурсан донтсон хүмүүсээс болж  хохирсон жишээ бий юу?

-Ийм байдалд хүрсэн хүнийг дураар нь байлгаж болохгүй. Дураар нь байлгах юм бол дуртай өрөөгөөр орж, мөнгө болгочих бүх зүйлийг хулгайлна. Тийм учраас маш хэцүү байдаг. Тэгэхээр эмчилгээгээ үр дүнд хүргэхийн тулд нэг хүнийг маш удаан хугацаанд дагах, зөвлөх шаардлагатай болдог. Хар тамхийг огт хэрэглэж болохгүй гэдгийг үр хүүхдэдээ багаас нь ойлгуулж сэрэмжилж байх хэрэгтэй.

-Ял эдлээд гарч ирсэн хүн донтолтоосоо салж чадах уу?

-Тухайн хүнээс бүх зүйл хамаарна. Хэр зэрэг донтсон бэ, донтолтоос гарах чин хүсэл байна уу гэдэг нь чухал. Хар тамхинд донтсон хүн нийгэмд сул чөлөөтэй яваад байхаар дахин дахин хэрэглээд л байна. Тиймээс ял эдлүүлэх нь нэг талаараа зөв. Ялтай байх хугацаандаа бүх зүйлийг бодож бясалгаад донтолтоосоо салж болно. Гэхдээ тухайн хүний донтолтын зэрэг хэр өндөр түвшинд хүрсэн бэ, тархины эд эс хэр зэрэг гэмтсэн бэ гэдгээс маш их хамаарна.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hatuu huuhen(202.9.40.26) 2021 оны 10 сарын 20

Emchlegdeh magadlal bagatai yum bna gej oilgoloo. Zasah gej uzeed zasal awah shinjgui muusain yumnuudiig bol emnelegiin argaar chadruulbal taarna. Bi neeh tiim ninjin setgeltei huuhen bish shuu. Durtaidaa uuj idej mansuursan yumnuudiig ter zamaar ni l bye bolgoh heregtei ydargaa bzde. Bas emch dagaad ywj bhuu te. Ter emchiin tsalin tatwar tulugchiin buyu ulsiin tuswuus gardiin bgaazdee

0  |  1
Хха(66.181.161.20) 2020 оны 08 сарын 06

Энэ өөрийгөө эмч гээд бгам бхда

0  |  0
Мэдлэггүй эмч нарт(192.82.78.135) 2020 оны 08 сарын 05

Хар тамхи хар тамхи л гэх юм. Мансууруулах бодисыг химийн болон, байгалийн гэж 2 хуваадаг ерөнхийд нь. Химийн гаралтай мөс, крак кокайн гэх бодисууд хүний сэтгэцийг эргэлтгүй өөрчлөлтөд оруулж маш ихээр донтуулдаг. Харанхуй бүдүүлэг Монголд Медикал марихуаныг(THC,CBD) хар тамхи гэж солиороол хэзээ хөгжинө дөө үхэрнүүд минь, зөв хэргэлвэл нойргүйдэл,бэлгийн сулрал, хоолны дуршлыг сайжруулах гэх мэт эерэг нөлөөтэй байдаг л даа.\n

0  |  0
nemo(99.57.27.106) 2024 оны 01 сарын 08

shal hudlaa arhi har tamhi yag adilhan neg ni shartana nogoodoh ni shartahgui teruugeereel yalgaatai

3  |  2
no(136.25.141.152) 2020 оны 08 сарын 04

tsavuu, Gas unerleed baiga huuhduude bas bugdiig ni shorond hiihiim baih da bas!

1  |  0
Зочин(202.9.46.102) 2020 оны 08 сарын 04

300 мянгаан спираль тавьдаг авгай шдээ. Бүүр хувийн бизнес болгочихсон

1  |  1
Zochin (203.91.115.55) 2020 оны 08 сарын 04

money ihtei humuus heregledeg bh.ted niitiin bus-nd suuj uzeegui baychuudiin huuhduud bga bho.

1  |  0
(66.181.190.23) 2020 оны 08 сарын 04

arhi tegeed tsagaan idee yu?

2  |  1
Там(64.119.26.22) 2023 оны 03 сарын 18

Нэг л орвол буцаж гарах хаалга байхгүй гэж болно. Саяд нэг хүн л эдгэрэх магадлалтай. Тиймээс үр хүүхдүүдэдээ байнга анхаарал тавиарай эцэг эхчүүдээ. Одоо нэгэнт донтсон хүмүүстээ зориулаад 5-10 жилийн хугацаанд эмчилж, тусгаарлах газрыг яаралтай байгуулах хэрэгтэй байна шүү төр засагт байгаа эрх мэдэлтнүүдээ. Цөөхөн хүн амтай манай улс энэ маягаар тун удах маш олон иргэдээ цагаан тахалаар алдах нь байна шүү.

4  |  0
хн(77.38.148.28) 2024 оны 01 сарын 08

манай монголчууд арай дэндуу, сайхан залуусаа шоронд хориод, тэнд эмчилдэг юмуу , угуй ш дээ....хорьж тамалж байснаас эмчилгээнд явуулаад, эмчлээч гэж 1000 удаа бичсэн .ямар ч нинжин сэтгэлгуй шуугчид бусдын зовлонгоор тавлаж суугаатай адил бус уу.еедтэйхэн эмчилгээний эмнэлэг байгуулаад буруу замаар орж байгаа хумуусээ эмчлээд татаж аваасай\n

3  |  1
иргэн(103.111.68.3) 2020 оны 08 сарын 04

тэгвэл нөгөө амархүү будаа юм байна чдээ

1  |  0
зочин(43.228.130.171) 2020 оны 08 сарын 04

жинхэнэ тахал чинь энэ дээ арга хэмжээ авахгүй албадан илрүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй дээ

2  |  1
Ммм(182.160.33.70) 2021 оны 08 сарын 27

тер засгаас анхаарч системтэй эмчлэх тусгай эмнэлэгтэй болох еерийгее илчлээд ирвэл яллахгуй хамгаалдаг байх хэрэгтэй юм

2  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 04

Arhi

1  |  0
Top