Ж.Цолмонгийн "Цагийн зурвас" номын цуврал | НАНДИН ЗУРВАС

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.

ХАНИЙН ТЭНГЭР, ҮРИЙН ХАЙР

“Анхных ч бай биш ч бай

Амьдралд анх хөтөлсөн тэр л хайр

Эргэж хэзээ ч олдохгүй

Элгэнд ууссан их хайр байдаг юм”   

Жадамба, “Дусал ухаан”

Саарал костюм пиджактай, буржгар уртавтар халимагтай, насандаа өндөр, туранхайдуу, харах байдлаасаа дөлгөөхөн долоо орчим насны хүү “Яргайтын богино”-ны АУИС-ийн зуслангийн хаанаас ч харсан харагдах өндөрлөгт байрлах довон дээр баригдсан зуны байрны урд байрлах саравчны сандал дээр эвлэгхэн цомцойн сууна. Түүнийг зуслангийнхан нь том, жижиггүй “Володя” гэж өхөөрдөнө. Энэ бяцхан өхөөрдөм хүү бол АУИС-ийн Эмгэг физиологийн тэнхмийн эрхлэгч, Монгол Улсад эмгэг физиологийг үндэслэгч их эрдэмтэн, Монгол Улсын найм дахь Ерөнхий Сайд асан Жигжиджавын хүү Б.Од, АУИС-ын түүх, фиолософийн тэнхмийн эрхлэгч Ш.Цэрмаа нарын отгон хүү Одын Оч байлаа. Тусгаар Монгол Улсаа төвхнүүлэн тусгаар тогтнолоо олохын төлөө өөрийн залуу насаа харамгүй зориулж, Манж-Хятадын засаг захиргааны хуучин зохион байгуулалтыг зоримогоор халж баг, сумын бүтцийг бий болгох засаг захиргааны реформыг удирдан зохион байгуулж, “Манжийн хааны сүргийн үлдэгдлийг ядуу ардын өмчид шилжүүлэх” тухай Засгийн газрын тогтоол боловсруулан батлуулж ард иргэдээ өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болгож чадсан  Монгол Улсын анхдугаар Их хурал, Улсын анхны бага хурлын төлөөлөгч, Дарьгангын хошуу занги, Монголын Харилцан туслах хоршооны дарга, БНМАУ-ын Худалдаа Аж Үйлдвэр, зам, тээвэр, харилцан нэвтрэлцэх холбооны яамны анхны сайд, Монгол Улсын Найм дахь Ерөнхий сайд, Чин Шударгуу сайд нэрээр ард түмэндээ алдаршсан ухаант мэргэн өвөг эцэг Цэнгэлт овгийн Балжингийн Жигжиджав миний хань, Одын Очийн өвөө нь юм. Өвөө маань түүхийн ороо бусгаа цагт ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолын төлөө харийн бодлогоос үл хамаарч өөрийн хараат бус бие даан  оршин тогтнох үндэсний агуу их үзэл баримтлал дээрээ баттай зогсож ЗХУ-ын КН, Коминтерний даалгаврыг биелүүлээгүйн улмаас амь насаа алдах үндсэн шалтгаан нь болсон юм.

Төрт ёсны өнө удаан жилийн түүхтэй, түүхэн ард түмний төрийн түшээд ариун үйл хэргийн төлөө амь биеэ алдах харам биш байсан биз. Өвөө минь Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа олон шинэлэг бодлого боловсруулж хэрэгжүүлж байсны дотор ард иргэдийн эрүүл мэндийн асуудлыг чухалчлан үзэж, олон ажил зохион байгуулсны дүнд эрүүлийг хамгаалахад ахиц гарч, улмаар тус асуудлыг хариуцсан  яам байгуулах ажлыг биечлэн хөөцөлдөж анхны сайдаар нь Пунцаг гэгч эмэгтэйг томилж байжээ. Төрийн өндөр албанд эмэгтэй хүнийг тэр бурангуй нийгмээс холдох гэж эрмэлзэж байсан хүнд үед томилно гэдэг бол ардчилсан үзэлтэй, жендерийн мэдрэмжтэй, мэдлэгтэй холч хараатай улс төрч, удирдагч байсныг нотолж байна. Өвөөг минь 1933 оны тавдугаар сарын хорин хоёрны өдөр улс төрийн аллага үйлдэн алтан амийг нь хорвоогоос авч явсан юм. Пап (Очийн аавыг бүгд тэгж дууддаг байсан юм) маань дөнгөж ой гаруйхан настай байв. Өвөөгийн маань авааль гэргий, паапын минь ээж, Аюуш яах учраа мэдэхгүй уй гашууд дарагдан байхад нь нагац ах, Гончигийн Бумцэнд( Бага хурлын дарга, Намын төв хорооны тэргүүлэгч гишүүн асан, өвгөн партизан гэж олноо алдаршсан) тэр өдөртөө ирж Аюуш эмээ, пап хоёрыг маань аваад баруунхил рүү явсан гэдэг. Тэр өдрөө папын нэрийг Наранхүү байсныг Одоор сольж, эмээг минь партизан Баатар гэдэг хүнтэй гэрлүүлэн папыг нэрээр нь овоглосон юм билээ. 1988 онд Оч бид хоёр гэрлээд Аюуш эмээ дээр очиж байхад, мөн дараа нь ардчилсан хувьсгал гараад Жигжиджав өвөөгийн түүхийг сэргээх боломж бүрдэхэд ч эмээ минь тэр л үеийн айдас хүйдэснээсээ салаагүй та нарт минь муугаар нөлөөлөх вий гээд л айж эмээж байж билээ. Үнэхээр цэвүүн үе байж олныг хомроглон хэлмэгдүүлж олон айлыг өнчрүүлсэн гашуун түүх яах аргагүй үнэн юм. Жигжиджав өвөө маань түрүүчийн гэр бүлээсээ гурван сайхан хүү хоёр охинтой билээ. Жигжиджав өвөөгийн том хүү Дагва-Осор манай аав ээжтэй бага залуугаасаа үерхэж нөхөрлөсөн үй зайгүй андууд Сүхбаатар ахын аав нь юм. Сүхбаатар ахынх манай хоёр нэг байранд, тэднийх таван давхарт манайх дөрвөн давхарт амьдардаг байв. Сүхбаатар ахын гэргий Гантөмөр эх барих эмэгтэйчүүдийн эмч, миний бага дүү Жамулыг эх барьж авсан “авсан ээж” нь билээ. Жамул дөнгөж мөлхөж сурч байхдаа дээшээ мөлхөж, Сүхбаатар ахынд орчихоод “Авсан аав нь л байна, авсан ээж нь алга” гэсээр тэврүүлсээр орж ирж билээ. Гантөмөр эгч миний аавын АУИС-ийн төгсөлтийн нэг ангийн охин. Алтан гартай, мэдлэгтэй, жинхэнэ ёс зүйтэй эмч хүн. Сүхбаатар ах Үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар олон жил ажиллаж байгаад гавьяаныхаа амралтаа авсан. Тэднийх гарын таван хуруу шиг 4 хүү нэг охинтой. Том хүү нь оюутан байхдаа амь үрэгдэж нөхөж баршгүй гарз учирсан ч, үрээс үлдсэн үр болох Баясаа ач хүүгээ өөрийн нэр дээр болгон өсгөн хүмүүжүүлсэн юм. Тэднийх олон ач, зээтэй. Оч бид хоёр очих болгонд гэр бүлийн шинэ зураг авахуулан бидэнд үзүүлдэг юм. Тэдний бага хүү Амраа манай Пүжи хоёр ёстой унаган багын найзууд. 2014 оны хоёрдугаар сард миний том охин Маралгуа бид хоёр Сүхбаатар ахындаа очиж дүү Очийнх нь явуулсан илгээмжийг гардуулж өгсөн. Оч маань Сүхбаатар ах бид хоёр нэг өвөөтэй шүү дээ гээд л бахархаж ярина. Жигжиджав өвөөгийн гуч хүү, бага хүү Шар гуайн хүү Октябрийн хүү Цогтбаатар бид нар сайн найз нөхдүүд. Олон юман дээр бие биендээ тустай, их ойр дотно байдаг. Жигжиджав өвөөгийн ач хүү Шарын Цогтоо ах, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн маань намайг “Цэцэн бэр”-ээр өргөмжилсөнд би их баяртай байдаг юм. Цогтоо ах Очид “Захиргааны эрх зүй” номоо “Удам судрын маань хэлхээ ухаант мэргэн өвөг дээдсийн маань залгамж холбоо эрхэм дүү Одын Очдоо дурсгав” гэж бичээд өгснийг би цээжилсэн юм. Паапын минь гарын шавь, ЭМШУИС-ын захирал асан, АУ-ны доктор, профессор, Гавьяат багш Ц.Лхагвасүрэн “Чадалтай залуусыг олж авдаг бэлгийн нүдтэй эрдэмтэн хүн байсан юм. Аливаад төв үзэлтэй, асуудлыг бүхий л талаас нь үнэлэн байж шийддэг, маш ноён нуруутай, хүн чанар хүний мөсөөр хүн шиг хүн байсан” гэж паапыг минь дурсан бичсэн байдаг юм. Мөн “Б.Од багш мянга мянган шавийг төрүүлсэн их эрдэмтэн, профессор, Монгол улсын эрүүл мэндийн салбарын эмч мэргэдийн үе үеийнхнийг бэлтгэсэн “гавьяатай” хүн, Монгол улсын Анагаах ухааны боловсролд Эмгэг физиологи  гэдэг агуу  өргөн шинжлэх ухааныг хөгжүүлэн цэцэглүүлэхэд анхнаас нь эхлэн үүрч зүтгэсэн түүхэн хүн. Анхдагч байх амаргүй бас хариуцлагатай үүрэг, аливаа үйлийн эх үндэс суурийг хэрхэн тавьснаас хожмын үр хэрхэх нь гойд их холбоо сүлбээтэй байдаг болохоор патфизиологоор овоглосон эрдэмтэн, судлаач багш нар бүгдээрээ Б.Од багшийгаа дурсч, анагаах ухааны  гүн ухаан болсон патфизиологийн шинжлэх ухаанаар бас багшаараа бахархацгааж байдаг, Эмгэг физиологийг ойлгож, эзэмшиж судалсан хүн ямарч байсан гайгүй эмч болчихноо гэж багшийн минь хэлж байсныг амьдралд батлаж л явна” гэж хэлсэн байдаг. Эрүүл мэндийн сайд асан, Академич П.Нямдаваа паапын талаар дурсахдаа “Од багш заавал нэмэлт даалгавар өгч, шинжлэх ухааны эхэн шугам дээр шинээр гарч ирсэн тодорхой сэдвээр реферат бичүүлдэг байсан. Надад нэг удаа хавдрын үүслийн тухай олон онолуудыг харьцуулжсүүлийн үед их анхаарал татаж буй вирүс-генетикийн онолын тухай тайлбарласан реферат бичихийг даалгаж, уг онолыг дэвшүүлсэн зөвлөлтийн нэрт вирүс судлаач Л.А.Зильбергийн сүүлчийн монографыг өгч, тэр рефератаараа 1969 оны оюутны эрдэм шинжилгээний  бага хурал дээр анхныхаа илтгэлийг тавьсан минь их эрдмийн ертөнц рүү орсон том гараа байсан. Олон он жил өнгөрсөн боловч багшийн минь уужуу тайван, хамт байхад нөмөр нөөлөг мэдрүүлсэн ухаалаг дүр төрх сэтгэлд минь хадаастай байх ажээ” гэж дурсан бичжээ.  Паап, маам хоёр минь долоон хүүхдийн эцэг эх болж өнөр өтгөн, үлгэр дуурааль социалист гэр бүлийг цогцлоон, бүх хүүхдүүддээ дээд боловсрол, мэдлэг мэргэжил эзэмшүүлж, хөдөлмөрч, эх оронч үзлийг төлөвшүүлэн хүмүүжүүлж, хүн байх эрхэм чанарт сургасан юм. Миний маам, Ш.Цэрмаа нь Улсын багшийн дээд сургууль, Монгол Улсын их сургууль, Анагаах ухааны дээд сургуулиудад багш, тэнхмийн эрхлэгчээр гучин есөн жил ажилласан хэдэн мянган шавь нараа олон салбарт бэлтгэсэн ардын багш, эрдэмтэн хүн юм. Олон жил МАХН \МАН\-ын түүхийг зааж судалсан хүн. МАХН \МАН\-ын түүх нь Монгол Улсын шинэ цагийн түүхийн салшгүй нэг хэсэг мөнөөс мөн юм. Саяхан  2015 оны арваннэгдүгээр сарын хорин долооны өдөр УИХ-ын гишүүдийн ная аравны дөрвөн хувийн саналаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний зуун жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх” тухай УИХ-ын тогтоол гарсан нь сайшаалтай юм. Монгол хүн бүр, Монголын иргэн бүр, өнөөдрийг хүрсэн жаргалтай, жаргалгүй туулж ирсэн амьдрал, хүрсэн ололт амжилт, ухарсан ухралт бүгд асар их үнээр олдсон, тусгаар тогтнолынхоо үнэн зөв түүхийг мэдэж байх ёстой гэж боддог юм. Түүхээ хэдий гашуун ч, хэтэрхий нялуун ч  үнэнээр нь өвлүүлэн үлдээх, үнэн зөв түүхийн мэдлэгийг иргэн бүртээ тэр тусмаа ирээдүйн Монгол улсыг авч явах үр хүүдүүддээ өвлүүлж, мэдлэгжүүлэх нь төр засгийн ариун үүрэг юм. Түүнээс өөрийн үзэмжиндээ тохируулан түүхийг найруулан зохион бичих эрх хэнбэ гуайд ч, ямар ч төрд байхгүй, тэр л түүхгүйгээр аль ч төр байхгүй гэдгийг ясандаа хадтал ойлгосон байх ёстой. Эс тэгвээс засаж болошгүй алдас болох юм. Харин түүхээ үнэн зөвөөр нь, зөв мэдлэгийг өгөхийг шаардах нь иргэн бүрийн эдлэх ёстой дархан эрх, мэдэж авсан түүхэн дээрээ анализ дүгнэлт хийж, залгамж халаа, түүхийн холбоог үүсгэж, түүхээсээ алдаагаа олж, цаашид алдахгүй байх нь аль алиных нь үүрдийн хариуцлага гэж боддог юм.  Монгол улсын төр засгийн тэргүүнээр, МАХН-ын даргаар дөчин дөрвөн жил ажилласан, манай төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал оноогдсон түүхэн хариуцлагаа тухайн  үеийн ядуу буурай, цөөхөн хүн амтай, хавчигдмал орны түүхийн он цагуудад үүрч л явж биднийг “Ардчилал” гэж зүйлтэй учрах боломжийг олгосон байх л гэж бас мунхаглан боддог юм. Олон санаа байдаг биз дээ, гэвч... Маам Ю. Цэдэнбалын бүтээлүүдийг редакторлан шинэчлэх МАХН-ын Төв хорооноос байгуулсан удирдах таван эрдэмтнээс бүрдсэн хариуцлагатай комисст оролцон 1940-1954 оны бүтээлүүдийг нь хариуцан хянан тохиолдуулсан юм. Улаанбаатар хотын тавин хоёрдугаар тойргийн депутатаар, Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн хорооны тэргүүлэгч гишүүнээр, МХЗЭ-ийн төв хорооны бүгд хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. Маамын Ардчилсан Германы хорин жилийн ойд уригдан, ойн медалиар шагнагдан сансрын анхны эмэгтэй нисгэгч Терешковатай хамт авахуулсан зураг нь байдаг юм. Маам, паап маань тухайн үеийн сэхээтнүүдийн нэгэн адил эх орныхоо бүтээн босголт хөгжил дэвшлийг түргэвчлэнэ хэмээн эрмүүн явсан алтан үеийнхний нэг мөн. Үр хүүхдээ харж хандах цагаар маш хомс тийм боломж, тийм зовлон тоочих ч эрх тэдэнд минь байгаагүй юм билээ. Очийн хоёр дахь ах Цолмон ахыг төрчихөөд байхад харах хүн байхгүй Баатар өвөө харна, заримдаа маамыг үрчлэн авч байсан Дамдин эмч, ээж Цэрмаа нар луугаа хөдөө өгч явуулна. Тэр үед маам, пааптай минь их ойр дотны анд нөхөд байсан Нийгмийн ухааны институтын тасгийн дарга Санж, эхнэр Дулмаа /Монгол Улсын Ерөнхий Сайд асан С.Баярын аав, ээж/ маам, паап хоёрыг загнан “бушуу хүүхэд авчруул, үгүй бол бид өөрсдөө явж авчирна “гээд л Санж гуай тоглодог байсан гэж дурсаж ярьж байсан.  Оч минь гурван ах, гурван эгчтэй. Том ах О.Намжил, дунд ах О.Цолмон, бага ах О.Соёнгийлт, том эгч О.Түмэнчимэг, дунд эгч О.Уранчимэг, бага эгч О.Түмэнцэцэг.

1988 он

22. Маралгуа

1988 он гарлаа. Бид хоёрдугаар улирлынхаа шалгалт, шүүлгээ өгөөд эх орондоо ирэв. Онгоцны билет тэр үед хямдхан байжээ зуун тавин рубль байсан шиг санаж байна. Бид стипендээрээ бүх юмаа зохицуулаад л байдаг байв. Билэгт сайн өдрийг сонгож байгаад бэр гуйх ёслол хийхээр болов. Бид үүрийн жингээр босон бэлтгэл ажлаа хийж эхлэв. Бэрд гарах гэж байгаа бүсгүйн, охиноо хадамд гаргах гэж байгаа айлын ажил их байлгүй яахав. Үүрээр зүрх хурдан хурдан цохилон, дэндүү эрт байсан учир жаахан унтья гээд нүдээ аньсан ч анигдахгүй, сэтгэл догдлоод, нэг л бүх юманд дуудсан мэдрэмж төрөөд байж билээ. Бэр гуйхаар ирсэн хүүгийн талынханд гарыг нь цайлгах бэлэг, цай хоол, таваг тариа бэлдэх гээд нэлээд их ажилтай болов. Хэдэн хүн ирэх нь тодорхой бус байлаа. Тэгж тэгж дөрвөн хүн ирэхээр боллоо гэв. Маамын ах Ш.Гандорж, Очийн том ах О.Намжил, дунд ах О.Цолмон, бага ах О.Соёнгийлт нар ирэхээр болсон байв. Тэд орж ирээд аав, ээж, эмээтэй минь  мэндлээд сууцгаав. Ирсэн хүмүүс өөрсдийгөө танилцууллаа. Маам (Очийн ээж) минь эхээсээ дөрвүүлээ, хамгийн том нь Юүдэн эгч, тэгээд Гандорж ах, Цэрмаа (маам), Бадамжав эгч. Хамгийн бага охин Бадамжавыгаа нялх бага байхад нь айлд өргүүлсэн юм билээ. Гандорж ах тэр үед НАХЯ-д холбооны газрын дарга, хурандаа цолтой, ВЧК КГБ-ийн хүндэт медальтай байсан юм. Намжил ах гутлын үйлдвэрт мастер, Цолмон ах хотын боловсролын газарт ажиллаж байгаад нэгдүгээр арван жилд багш, Соёнгийлт МУИС-д багш, аспирант байв. Очийн дээд талын хоёр ах нь гэрлээгүй. Намжил ах гэр бүлтэй, хоёр хүүтэй. Манай талаас аав, ээж, эмээ өөрсдийгөө танилцуулав. Тэгээд тэд яриа хөөрөө болж цай, хоол идэн хэсэг суулаа. Тэгтэл Гандорж “За, гол ажлаа хийе дээ, энэ чинь, цаг ч явж байна” гээд бослоо. Босон томоос том хадаг мөнгөн аягатай сүү аавд барин “шүр сувд нь танайд байна, шижир алт нь манайд байна...” гээд л уянгалуулан ярьж эхлэв. Би тэр хэлсэн сайхан үгсүүдийг цээжилж авч чадаагүй бөгөөд одоо ой тойнд буухгүй байна. Аав маань ч эргүүлээд бэлэг дэмбэрэлтэй сайхан үг хэлсэн байх, би ичээд өрөөндөө орчихсон юм. Тэгээд тэд гарын бэлгээ солилцож, ярианы сэдэв маань ирээдүйг бэлгэдэн зөгнөсөн бэлэг дэмбэрэлтэй үгүүдээр чимэгдэн нилээн хэдэн цаг суусны эцэст ирсэн зочид маань явахаар болов. Би нэг л удаа намайг харъя гэхээр нь бөөн ичин байж гарч ирээд өрөөндөө ороод дахиж гарч ирээгүй. Түүнээс хойш хуримын бэлтгэл ажил гээд манай хоёр гэр бүл, хамаатан садангууд нэлээд хөл хөөрцөг боллоо. Оч бид хоёр ч уулзалдсангүй, утсаар л хааяа ярьдаг байв. Очийгоо харахад их өндөр, нуруутай, дөлгөөхөн, даруухан, эелдэгхэн. Хүний үгийг хөгшин ч бай залуу ч бай, хүүхэд ч бай яг л ижилхэн дуустал нь тэвчээртэй сонсдог, ярьж дууссаных нь дараа инээмсэглэн “так” гэж хэлдэг байж билээ. Очийн гэр бүлийнхэн өнөр өтгөн, бүх зүйлээ хэлэлцэж шийддэг, зөвлөгөө зөвлөмж өгдөг, түүнийгээ дагаж мөрддөг,  хүмүүжилтэй гайхамшигтай сайхан гэр бүл юм.

Социализмын үед бурхан шашныг шүтэх нь хориотой, лам хуваргаар явах нь хязгаарлагдмал байсан хэдий ч хүн бүр өөрийн гэсэн очдог ламтай, шүтдэг бурхантай байсан юм. Аав, ээж, эмээ гурав бид хоёрын хурим хийх өдрийн сайныг асууж сонгон 1988 оны хоёрдугаар сарын наймны өдөр гэж товлов. Хуримын өдрийн үүр цайв уу үгүй юу босов. Аажуу тайван гэр бүлээрээ өглөөний ундаа уугаад, хувцас хунараа өмсөж эхлэв. Ээж өмнөх орой нь бидний бүх хувцасыг бэлдээд тавьчихсан болохоор хүн бүр хувцасаа олж өмсөх л асуудал байлаа. Ээж минь өдөр бүр аавын костюмыг индүүдэж өлгүүрт хийгээд, , ширээн дээр цаг, бөгж, түрийвч, толийтол тослосонгутлыг нь  бэлдэж өгдөг байв. Нэг юмыг нь дутуу тавьчихвал аав заавал мартана, дараа нь хүргэж өгөх гэж ажил болно. Бид  гэрээсээ гарлаа. Аавынхаа машинд би суулаа. Тэр үед Улаанбаатарт барууны машин байдаггүй, байсан машинууд нь оросын “Чайка”, “Волга”, “Жигули”, “Москвич” машинууд л байдаг байсан. “Чайка”, “Волга” машиныг дарга нар хөлөглөнө. Хуримын ордон нэг хар “Чайка”-тай байсан шиг санаж байна. Тэр машинд хосууд болох бид хоёр суув. Хуримын ордны үүдэнд буугаад оров. Хоёр талын ах дүү нар шатны баруун зүүн талаар дээшээ өгсөн битүү зогссон байлаа. Тэгээд гэнэт том модон хаалга нээгдэн бид цаашаа оров. Социалист шинэ гэр бүлийг бүртгэхэд Ардын их хурлын депутат ирж үг хэлдэг байв. Бид хоёрын хурим дээр манай паапын тэнхмийн эрхлэгч (Очийн аавыг өнгөрсний дараа эмгэг физиологийн тэнхмийн эрхлэгчийг олон жил хийсэн) Зэвгээ багш маань байлаа. Зэвгээ багш бол манай маам, паапын найз, номын анд, жижигхэн цагаан, царайлаг, зөөлөн, жинхэнэ эрдэмтэн, эдүгээ Монгол улсын гавьяат багш хүн юм. Хуримын ордны хурим зохион байгуулагч эмэгтэй бүгдийг бидэнд зааж өгнө. Нэгэн эрэгтэй цээл хоолойгоор “Та хоёр....” гээд л нэг сонин аялгуугаар, цээжээрээ үгүүдийг урсгасан нь бүх хуримд зориулагдсан нэг л үг байдаг түүнийгээ маш сайн цээжилсэн байна гэж бодогдохоор байлаа. Ямар ч байсан социалист залуу гэр бүлийг бүрдүүлж байгаа хосууд бид бие биедээ хайртай байж, амьдралын бүхий л баяр баясгалан, хүнд хэцүүг даван туулж, үүрд үнэнч журмыг сахихаа тангараглахыг бид хоёроос хүсч байлаа. Бид хоёр бөгжөө солилцов. Хуримын ордонд захиалдаг байсан арван дөрвөн каратийн хаан хатан сүйх хээтэй хос алтан бөгжийг солилцов.Одоо ч чамин, гоёмсог хийцтэй  бөгжнүүд гарсан байна билээ. Түүний дараа ширээнд сууж гарын үсэг зурав. Бидний хуримыг бүгдийг нь видео хальсанд бичсэн, хааяа үзэхэд гоё байдаг юм. Гарын үсэг зурж байхдаа би их алгуурхан тайван зурж билээ.  Тэндээс гараад Сүхбаатарын талбай орж зургаа татуулав. Бидний хуримын найр “Залуучууд” зочид буудлын зааланд болсон. Тэр үед олон хүн орох хэдхэн газар байсан юм. Миний мэдэхийн “Солонго”, “Улаанбаатар”, “Баянгол”, “Идэр”, “Сэлэнгэ”, “Алтай” ресторанууд л байдаг байсан. “Залуучууд” зочид буудлын рестораны эрхлэгчээр миний ээжийн багын найз Туул эгч ажилладаг байсан юм. Туул эгч хоёр дүүгийнхээ хуримыг өөрийнхөө ресторанд хийнэ гээд бүгдийг өндөр төвшинд зохион байгуулсан байв. Хүн болгон ээлжээр үг хэлж, ерөөл айлдаж байлаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ж.Бадраа гуай Оч бид хоёрт зориулж ерөөл бичиж, түүнийгээ уншиж өгөв. Бид хоёр хамгийн анхны вальс эргэв. “Залуус” хамтлаг тоглож, бүгд бүжиглэж, жинхэнээсээ баярлаж байлаа. ЗХУ-д гарсан “хуурай хууль”-ийн дагуу манайх бас согтууруулах ундааны хэрэглээнд хязгаарлалт тавьж, олон нийтийн газар зарахгүй болсон байлаа. Тиймээс хурим архигүй болов. Хууль л бол хууль, мэдээж дэлгүүрт архи байхгүй. Харин валютын дэлгүүрт хориг тавигдаагүй байсан тул тэндээс аав, ээж экспортын цэнхэр ярликтай цагаан архи, виски, цинзано авав. Нэг шил экспортын цагаан архи нэг доллар тавин цент байсан үе. “Залуучууд” зочид буудлаас тараад орой долоон цагт бүх ах дүү нар Очийнд уригдаж тэнд харин жинхэнэ архитай найр нь болсон санагдаж байна. Маам маань отгон хүүгээ гал голомтоо сахиг гээд дөчин мянгатын жаран тавдугаар байрны голын орцны гурван давхарт байрлах хорин хоёр тоотын хоёр өрөө байраа өгөв. Бид хоёр ингээд өөрийн гал голомт, гэр оронтой боллоо. Манай Очийн өсч торниж, эрийн цээнд хүрсэн буянтай сайхан гэр. Энэ л гэрээс бидний хоёрын ажил, хөдөлмөрийн гараа эхэлж, өнөөдөр хүний зэрэгтэй явж байна.

Би Очийндоо маам, хоёр ахтайгаа амьдарч эхлэв. Тэр гурав маань өглөө яваад орой зургаа хагас гэхэд яг хүрээд ирнэ. Маам маань гэртээ нэг жаахан хүүхэд үлдээчихсэн юм шиг л яарч ирдэг байв. Янз бүрийн арга хэмжээ болохоор хамгийн түрүүнд өндөлзөөд “Би чинь гэртээ нялх хүүхдээ үлдээгээд ирсэн, тэр минь бүлтийгээд хүлээж байгаа” гээд хэлдэг байсан гэсэн. Хоёр ах ч хурдан хүрээд ирнэ. Би одоо бодоход гайхаад байдаг юм, залуу хүмүүс байж орой үдэш ийшээ тийшээ явдаггүй байсан юм байх даа гэж.

Эх хүн байна гэдэг бол асар их хариуцлага, үүрэг үүнийгээ дагаад аз жаргал, гайхамшигтай мэдрэмж, бахархууштай хувь заяа юм. Төрөх дөхөв. Би жин ихтэй байсан болохоос эрүүл байлаа.  Миний охиныг Ж.Бадраа гуайн гэргий Бадарч эмч эх барьж авлаа.  Би гэртээ гарлаа. Миний мөрөөдөл биелж охиноо гэртээ авчирлаа. Энэ бол миний хувьд маш том гавъяа гэж яагаад ч юм бодогдож байсан. Гэрээр аав, ээж хоёр минь байж болох л бүх арга хэмжээг авав. Гол нь аав, ээж хоёр минь өөрсдөө эрдэм номоо гайхамшигтай эзэмшжээ. Тэр хоёр минь жинхэнэ алтан гартай эмч нар байлаа. Тэд охиндоо дахин амьдрал хайрлалаа. Аав минь миний охинд Маралгуа гэж нэрийг бэлгэдэн өгөв. Тэр үед орчин үеийн нэр их ховор өгдөг байж, яг тэр үеэс эхлээд янз бүрийн монгол нэр өгдөг болсон юм. Ингээд Очийн Маралгуа охин ээждээ маш их тус болон, эрүүл саруул өсөн торниж байлаа. Бяцхан охиндоо маш их баярлалаа. Тэр хүнд хэцүү үеэр хамрын ханиад ч хүрэхгүй, уйлах ч үгүй, ямар их тус нэмэртэй, ач буянтай байв аа, миний ухаантай бяцхан үр минь.  Гэтэл гэнэт нэг өдөр би комд орлоо. Тэр их цус хийлгээд шарласан байлаа. Аргагүй шүү дээ, нэг литр гаруй цус сэлбэж, судсаар өчнөөн тариа хийсэн юм чинь. Тэр үед нэг удаагийн шприц, зүү гэж байгаагүй юм. Оросын төмөр шприц, зүүг угаагаад, буцалгаж ариутгаад л дахин дахин хэрэглэдэг байсан үе. Цусны станцад эрүүл гэсэн донорууд сайн дураараа цусаа өгдөг байв. Нарийн шинжилгээ хийх багаж тоног төхөөрөмжөөр хангагдаагүй байсан. Харин миний Дэд сайд хийж байх хугацаанд донорын цусны аюулгүй байдлыг хангаж B,C, вирус ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх долоон зуун мянган ам. долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг Цус сэлбэлтийн үндэсний төвд байрлуулснаар дахин надад тохиолдсон шиг аюул бусдад тохиолдохгүй болгосон юм. Ямар ч байсан шарлаад халдварт руу явлаа. Халдвартын дарга, миний үед Халдварт өвчин судлалын үндэсний төв болсон юм, тэр үед ямар нэртэй байсныг санахгүй байна, найрсгаар угтаж аваад тусад нь палат гаргаж өгөв. Ээж, аав минь сахиж эмчилж, сувилж  их ядарсан байлаа, гэтэл дахиад... Ээж минь намайг сахиад үлдэв, би охинтойгоо хамт хэвтсэн байв. Ядаж мөөмнөөс нь салгаад яахав гэж бодсон юм. Хажуугаар нь төрөлтийн үед тавьсан арван таван оёоны улмаас булчингийн буруу агшилт үүсээд цагаан мах гараад өвдөөд байв, бас их хүчтэй дүлэлт явагдаж байсан болохоор ч нөлөөлсөн байх. Эх хүн гэдэг бол ийм л агуу. Би ч эх хүн болох гэж, цаашид эх хүнийхээ үүргийг хүлээх гэж үхэлтэй тэмцэлдэж байлаа. Би хэдийгээр шарласан ч охин минь, мөөмөө идсэн хэвээр байв. Азаар сүү сайтай байлаа. Эрчимтэй эмчилгээ хийж эхлэв. Бас л амьдрав. Ингэж  байтал Оч ирж сахихаар боллоо. Бид анх удаагаа гэр бүлээрээ гурвуулаа эмнэлэгт ч гэсэн амьдарч эхлэв.  Миний бие сайжирч байлаа. Оч өдөр болгон надад сонин гоё юм ярьж өгнө. Аз жаргалтай байлаа. Би энэ аз жаргалын төлөө л эд, эс, оюун ухаанаараа тэмцэж байсан юм.

Тэр зун өнгөрөв. Аав минь буцаад Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Зүүн Өмнөд Азийн Бүсэд, Шинэ Дели хотод томилогдов.

1988 оны есдүгээр сарын арван долооноос БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон зуны олимпийн хорин дөрөвдүгээр их наадмаас манай боксчин Н.Энхбат жаран кг-ийн жинд эхний тойрогт хийлж, дараа нь Унгарын тамирчин И.Туруг хожиж, шөвгийн наймд үлдэн Мароккогийн боксчин Х.Маржуанег 5:0 харьцаатайгаар ялж, хүрэл медалийн болзлыг ханган, мөнгөн медалийн төлөө Шведийн тамирчин Г.Крамнед 2:3 оноогоор хожигдов. Ийнхүү олимпийн хүрэл медалийг Монголын тамирчин өөрийн бяр, зориг, ухаан гурваар хүртлээ. Энэ бол бидний хувьд бахархууштай амжилт байлаа. Энэ нь тус олимпоос авсан цорын ганц медаль байсан юм. Хожим Эрүүл мэндийн  дэд сайдын албыг хашиж байхад миний хариуцдаг асуудлуудын нэг бол биеийн тамир, спортын асуудал байж, 2008 оны олимпод Монгол Улс түүхэндээ хамгийн дээд зэргийн амжилтыг тогтоосон явдал болсон юм. Энэ түүхэн амжилтыг тогтооход биеийн тамир спортын асуудлыг хариуцаж, ололт, амжилт, тэмцлийнх нь гэрч болж байсандаа бэлгэшээж, бахархдаг юм. Бид Энхбатаараа бахархаж байлаа. Тэр үед Энхбатын аав Нэргүй гуай Москва дахь МИАТ-ын төлөөлөгч байсан юм. Нэргүй ах, Юндэн эгч маань аав, ээж хоёрын маань сайн найз нөхөд байв. Бид хоёрт их сайн. Оч бид хоёр тэднийхээр байнга очно. Бид хоёрт дипломатын дэлгүүрээс тэр үед олддоггүй байсан ховор нандин зүйлсийг авч өгнө. Тэр хоёр маань буянтай сайхан хүмүүс байсан шүү. Тийм ч учраас Энхбатын ялалт бидэнд улам чухал, бүүр дотно байлаа, илүү  их бахархалтай байлаа. Оч бид хоёрын хувьд бокс бол хамгийн чухал спорт байсан юм. Хөл бөмбөг, бокс хоёр бараг адилхан байр эзэлдэг байв.   

Охин минь эмээ, өвөөтэйгээ Жагарын оронд сайхан торниж байлаа. Аав минь ажилдаа орчихсон, түрүүчийнхээсээ илүү өндөр албан тушаалд, ээж минь үр хүүхдээ, зээ охиноо өсгөж бойжуулаад, Жамул бидний явж байсан сургуульдаа ороод, Пүжи Делигийн их сургуульд орчихсон бүгд л дор бүрнээ их ажилтай. Бид хоёр мөн хичээл номондоо яваад, би нэг жилийн чөлөө авсан байсан учир дахиад л шинэ ангид оров. Манай ангид надаас гадна арван хүүхэд байсан. Тэдгээрийн дөрөв нь Орос, гурав нь Сири, нэг нь Ирак, нэг нь Кувейт. Бид их эв найрамдалтай. Паша, Ольга, хоёр Лена гэсэн дөрвөн орос хүүхэд байдаг байв. Мэргэжлийн хичээлүүд ороод эхэлчихсэн учир их сонирхолтой болж байв. Оюутан хүний амьдрал яахав гэр сургууль хоёрын хооронд л өнгөрнө. Бид элдвийн юманд сатаарахгүй байхыг хичээв ч улс төрийн нөхцөл байдал сонсогдож, мэдрэгдэж эхэлж байв. 1988 он тэр чигээрээ социалист дэглэмийг шүүмжилсэн, болж өгвөл нураах гэсэн хандлага Зүүн Европ болон Социалист орнуудад илэрч эхэлж байв. Зүүн Германд оны эхнээс өрнөж эхэлсэн үзэл суртлын тэмцэл, ялангуяа зуун хорин тэрс үзэлтэнгүүд Роза Люксембургийн \Rosa Luxemburg\ үгийг иш татан бослого, үймээн шуугиан гаргаж байв. Роза Люксембург нь жинхэнэ коммунист баатар гэж тооцогддог байсан ба тэрээр “Эрх чөлөө нь үргэлж бусдад өөр өөрсдийнхөөрөө бодох эрх чөлөө юм” гэж хэлсэн юм. Цагдаа нар тэр үйл явдалд оролцсон хэдэн арван хүмүүсийг баривчилсан ба түүний дотор гучин хоёр настай нэрт дуучин Стефан Кравчик байсан юм. С.Кравчик нь социалист бүтээн байгуулалтын эсрэг өөрийн дууны өнгө аясыг чиглүүлсэн, түүгээрээ залуусын сэтгэл санааг хөдөлгөж чадсан авъяаслаг дуучин байсан юм. Улмаар тэрс үзэлтнүүдийн цуглаан газар авч байлаа. БНСЧС улсад хоёр мянга гаруй католик шашинтнууд сүм хийдийг засгийн газрын хяналтаас гаргахын төлөө лаатай цуглаан зохион байгуулж байв. Цагдаа нар хүчээр тараан эсэргүүцсэн нэгнийг зодож жанчин, баривчилж байлаа. Италид гэхэд л Марксист–Ленинистийн улаан бригад дэмжигчдээ алдаж, Исламын радикалуудыг өөрсөд рүүгээ татах арга хэмжээнүүдийг зохиож байв. Тэд сенатор Роберто Баффилиг алав. Унгарын Коммунист Нам удирдлагаасаа Янош Кадарыг (Janos Kadar) гаргав. Кадар нь 1956 онд ЗХУ Унгарын либерал коммунист дэглэмийг устгаж эхэлсэн тэр үеэс эрч хүчээ авсанудирдагч байлаа. Эстонид гурван зуун мянган хүмүүс эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө босов. Эдгээр үйл явдлуудтай зэрэгцээд эх оронд минь тэр давалгаан зөөлөн ирж байлаа. “Бүү март, мартвал сөнөнө” гээд үнгэлдсэн хуудастай гар бичмэлийн тухай хүмүүс ярьж эхлэв. Коммунист дэглэмийн жинхэнэ мөн чанар, манай улсын төрийн бодлого, хоёр хөршийн харьцаа зэргийг шүүмжилсэн талаар ярьж байлаа. Би яг өөрөө тэрийг олж уншаагүй ч, барааг нь харсан юм. Манай Соёнгийлт МУИС-д аспирант, орой ирэхдээ нэг л сонин юм ярьсаар ирнэ. Манай маам МАХН-ын түүх философи заадаг, намын төв хороонд олон жил ажилласан хүн учир, тэр хоёр маргалддаг байв. Соёнгийлт нэг тийм үнгэлдсэн, тийм ч зузаан биш гар бичмэл авчирч надад үзүүлж байсныг би санаж байна.  Энэхүү гар бичмэлийн автор нь “Баабар” хэмээн нэрээ нууцалсан нь улам их сонирхлыг татаж, тэр үеийн залуучуудын сэтгэл зүй, оюун санааг үзэл суртлын хүлээс, мунхралаас гэгээрүүлэхэд үүрэг гүйцэтгэн, нэг янзаар, нэг хэвээр сэтгэхгүй олон ургальчаар сэтгэж болдгийг харуулан түүхийн хуудаснаа бичигдсэн юм. Монгол улс ЗХУ-ын хараат байдлаас гарах том эхлэл бол манай улсаас үе шаттайгаар цэргээ гаргасан асуудал байлаа. 1986 онд М.С.Горбачев БНМАУ-аас цэргийнхээ үлэмж хэсгийг гаргана гэж мэдэгдсэнээс хойш ийнхүү үе шаттайгаар гаргаж эхлэв. 1992 он гэхэд наян хоёр мянган цэрэг /албан хаагч гэр бүл ороогүйгээр/, 1866 танк, 2531 байлдааны хуягт машин, нисдэг тэрэг, нисэх онгоц 315, их буу, миномёт 1416 гаргав. Энэ нь ЗХУ-ын хилийн чанадад байрлаж байсан зэвсэгний долооны нэг байсан гэж үзэж байв. Хүмүүс өдий болтол болж байна гэж бодож амьдарч түүний төлөө тэмцэж, үр хүүхдүүдээ тэр дэглэмээр хүмүүжүүлж байсан нийгэмдээ зарим нэг нь эргэлзэж, зарим нь тэрүүхэндээ шүүмжилж, зарим нь дуугайхан сонсч, зарим нь өдөөн хатгаж, зарим нь эрс хамгаалж байлаа. Бидний хувьд бол нэг тийш нь холбирсон зүйл байхгүй байлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(112.96.66.34) 2020 оны 05 сарын 29

Ene hun ingeed 80 nasalj amidral uzsen buural shig nomoo tuurvij suugaa bol 3 saya erguu mal bur amidraliinhaa nomiig tuurvih yum bn l da kkkk

1  |  0
Zochin(66.181.183.219) 2020 оны 05 сарын 29

Ene huuhen bur soliorson baina.

1  |  0
zochin(66.181.181.239) 2020 оны 05 сарын 29

ene avgaigiin yugaa chalchih n komu nujno zaybaly poshla suka

1  |  0
Zochin(109.131.122.178) 2020 оны 05 сарын 29

Ikh unshuurtai nom bsan. Och said bol bolovsrol medleg turshllaga ni ali ali ni jigdersen turiin khun shuu.Shne tsagiin zaluu diplomatuud ene khunees suraltsakh zuil ikh baigaa.Ger bukd ni az jargal ajild ni husei!

0  |  1
Top