Засгаас батлан даасан 500 сая ам.долларын бондын төлбөрийг төлжээ

2020 оны 05 сарын 18

Засгийн газрын баталгаа гаргасан ТАВАН өрийн нэг нь Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын гадаад үнэт цаасны төлбөр гэдгийг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус банк 2015 онд таван жилийн хугацаатай гаргасан уг бондын төлбөрөө өөрийн эх үүсвэрээр төлсөн гэдгээ мэдэгдсэн байна.

Сануулахад, Худалдаа хөгжлийн банк 2015 оны тавдугаар сарын 19-ний өдөр 500 сая ам.долларын 9.375 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалсан. Худалдаа хөгжлийн банкны эзэмшиж байсан нийт 1,001.6 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг барьцаалан Засгийн газар баталгаа гаргасан юм.

Худалдаа хөгжлийн банк үнэт цаасны эх үүсвэрийг Монголбанканд худалдан, үнэт цаасны төлбөрийг төлөхөд буцаан худалдан авах своп хэлцлийг Монголбанктай хийсэн байдаг.

Коронавируснээс хамааран хөрөнгө оруулагчид эрсдэлтэй санхүүжилтээс дайжиж буй энэ цаг үед хагас тэрбум ам.долларын өрийг дахин санхүүжүүлнэ гэдэг амаргүй гэдэг асуудал өнгөрсөн хугацаанд яригдсан. Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны мэдээллээр хагас тэрбум ам.долларын төлбөрөө хийжээ.

Дашрамд, 2015-2019 он хүртэлх хугацаанд Худалдаа хөгжлийн банкны Өр төлбөр ба Өөрийн хөрөнгийн хэмжээ хэрхэн өөрчлөгдсөнийг харуулъя.


Өөрийн хөрөнгийн дүн      

2015 он- 646,962,871

2016 он - 724,716,101

2017 он - 843,743,948

2018 он - 928,780,083

2019 он-  728,034,852

 


Өр төлбөр ба өөрийн хөрөнгийн дүн        

2015 он- 5,523,425,320

2016 он- 6,611,089,579

2017 он- 6,854,145,215

2018 он- 7,283,789,683

2019 он - 7,803,013,556

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top