ДЭЛХИЙН ТОЙМ: АНУ, Хятадын харилцаа "коронавирусээр халдварлажээ"

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Шинэ төрлийн коронавирус цар тахал дэгдээгээд зогсохгүй дэлхийн эдийн засгийн ихэнх салбарын “гэрлийг” унтраав. Дараагийн алхам нь шинэ хүйтэн дайн. Гэхдээ энэ удаад БНХАУ, АНУ-ын хооронд дэгдэхээр болоод байна

Дэлхийд хамгийн хүчирхэг эдийн засагтай энэ хоёр улс цар тахлын урьд хожид байгаагүй үр дагаврыг ойлгохоор хичээж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаг, хүлээлт нурж, ажлын байр олон саяар хэмжигдэх тоогоор үгүй болохын зэрэгцээ засгийн газрууд 12 жилийн өмнөх санхүүгийн хямралын үеийнхээс ч хол давах олон тэрбум ам.доллартой тэнцэх тусламжийн багц бүрдүүлэхээр хамтдаа хүчин зүтгэсээр. Хэдийгээр цар тахал хэзээ, хэрхэн дуусах нь тодорхойгүй ч Бээжин  дэлхийн хэмжээний хүсэл зорилгыг нь сөрөх эсэргүүцэлтэй тулахаар сэтгэл шулуудаад байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Хятад улс урьд өмнө нь байгаагүй гаднын таагүй нөхцөл байдал, сорилттой урт хугацаанд нүүр тулахад бэлэн байх ёстой гэж мэдэгдэв. Дэлхий дээр үүсээд буй эмх замбараагүй байдлын манан дундаас Хятадын эрх баригчид Хятадын Ухань хотод анх бүртгэгдсэн халдварт өвчин дэгдсэний бурууг тохох гэсэн олон улсын дайралтыг сөрөн зогсохоор гарч ирж байна. Эрүүл мэндийн хямрал АНУ, БНХАУ-ын харилцаанд урьд хожид байгаагүй сөрөг үр дагавар авчирна гэж Вашингтонд төвтэй Дэлхийн аюулгүй байдлын судалгаа шинжилгээний хүрээлэнгийн захирал Гал Луфт үзэж байна.

 

Коронавирусний дараах дэлхий дэх Хятадын үүрэг

Хэрэв цар тахал маргааш дуусвал нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр засаж залруулж болох ч үр дагавар нь урт сүүдэр үлдээх болно гэж Оксфордын их сургуулийн Хятад судлалын төвийн судлаач Жорж Магнус ярьжээ. Энэ сүүдрийн нэгэн хэсэг байж болох зүйлийн талаар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цухуйлгасан. Тэр нь КОВИД-19-ийн гарал үүслийг АНУ шалгаж байна гэв. Дэлхий дахинд 200 мянга гаруй хүний аминд хүрээд буй цар тахлыг санаатайгаар дэгдээсэн нь нотлогдвол Хятад улсад хариуцлага  хүлээлгэнэ гэж Цагаан ордны тэргүүн сүрдүүлэв. Үүнтэй зэрэгцэн Британийн танхимын сайд Майкл Гув өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятад улсыг халдварт өвчний хүрээ, гарал үүсэл, хоруу чанарын талаар бодит мэдээлэл өгөөгүй хэмээн буруутгасан бол Германы канцлер Ангела Меркель Хятадаас вирусний гарал үүслийн талаар илүү нээлттэй, тунгалаг байхыг шаардаж, энэхүү найрал дуунд нэгдэв. Энэ бүхэн коронавирусний дараах дэлхийд олон улсын харилцааны хурцадмал байдал үүсэхийн дохио болж байна гэж Магнус үзэж байна.

Хятад, Америк судлалын хүрээлэнгийн /Вашингтон/ бодлого судлаач Сурабх Гупта КОВИД-19 зохиолын ихэнх хэсэг бичигдээгүй байгаа энэ цаг үед коронавирусний хямралын үр дагаврын талаар тодорхой ярих эрт байна гэж онцолжээ. Харин “Albright Stonebridge Group” зөвлөх үйлчилгээний компанийн ахлах зөвлөх Кен Жаррет коронавирусний цар тахлын бодит үр дагавар тус хоёр улсын хооронд үл итгэлцэл, дайсагналыг улам гүнзгийрүүлнэ гээд ялангуяа АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед буруутныг хайх тоглоом Хятадын эсрэг үзлийг хурцатгана хэмээн эмээж буйгаа илэрхийлжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-д явуулсан судалгааны дүнгээс үзвэл, америкчуудын гуравны хоёр нь Хятадын талаар сөрөг үзэл бодол илэрхийлсэн нь 2005 оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт юм. Судалгаанд оролцогчид цахим халдлага, АНУ-ын худалдааны алдагдал, цэрэг зэвсгийн өрсөлдөөн, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг Хятад улстай холбожээ.

Коронавирус шинэ хүйтэн дайныг өдөөх аюулыг бий болгохын зэрэгцээ дэлхий дахины бизнесийн үйл ажиллагааг зогсоож, Хятадын экспортоос хамааралтай эдийн засгаар дамждаг дэлхийн дахины нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг ил гаргав. “Gavekal Dragonomics” судалгааны төвийн шинжээч Дан Ванг АНУ, БНХАУ-ын эрх мэдлийн төлөөх тулаан эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд хүргэж болзошгүй гэж үзэж байгаа бол зарим ажиглагчид коронавирусний эсрэг дэлхий дахины тулаан Доналд Трамп АНУ-ын Цагаан ордныг тэргүүлэх болсон цагаас хойш АНУ, БНХАУ-ын хооронд үүсээд буй ширүүн өрсөлдөөний галыг намжаах боломж олгосон гэж үзэж байна.

Нөхцөл байдал эсрэгээр эргэв

Ирэх арваннэгдүгээр сарын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трамп Хятадтай шөргөөцөлдсөн бодлогоосоо ухрахгүй нь дамжиггүй гэж Гал Луфт үзэж байна. Трамп хариуцлагаас зугтаан, бусдад бурууг тохдогоороо алдартай. Төрийн эрхэнд байх хугацаанд нь тохиож буй эл томоохон хямралын өмнө болоод ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ цаг үед тэрбээр Хятадыг илүү нээлттэй, илүү хурцаар буруутгах талтай.

Вашингтоны “Stimson” төвийн ахлах судлаач Юн Суний хэлснээр, их гүрнүүд бие биеийнхээ сул талыг ашиглах нь бичигдээгүй хууль. КОВИД-19 АНУ-д ч тэр, БНХАУ-д тэр итгэх итгэлийг сулруулсан. Магадгүй Хятад улс ялагчаар тодрохгүй ч байж болох. Гэхдээ тэр ялж чадна. Энэ ялалт Хятадаас хариуцлагыг хүлээн авч, геополитикийн ашиг хонжоо харалгүйгээр бусдад тусламж үзүүлэхийг нэхнэ.

Трампын засаг захиргаа КОВИД-19-ийн эсрэг тулаанд барьц алдаж байгаа нь Хятадын нэг намын тогтолцоо тодорхой хэмжээнд давуу талтай гэх итгэлийг бэхжүүлсэн. Энэ нь Хятадын төрийн хэвлэл, тус улсын дипломатуудын Ши Жиньпиний удирдлага доорх Хятадын хөгжлийн загварыг сурталчлах хүчин чармайлтыг тайлбарлахад тус болов. Гэхдээ КОВИД-19-тэй тэмцэх нь тухайн дэглэмийн чанараас илүүтэйгээр хямралын менежментийн асуудал юм гэж  “Carnegie Europe” гадаад бодлогын судалгааны төвийн дэд захирал Л.Бомасси үзэж байна. Хачирхалтай нь коронавирусний хямрал баруунд ардчилсан тогтолцооны үнэт зүйлсийг талархах хандлагыг улам дэвэргэсэн. Учир нь барууныханд хагас захиргаадалтын дэглэм дор амьдрах нь ямар байдгийг богино хугацаанд мэдрүүлсэн гэж тэрбээр тайлбарлав.

Зарим шинжээчид коронавирус Бээжингийн дотоод бодлогын ихэнх зорилго, зорилтыг нурааж, Хятадад ээлтэй улс орнуудын харилцааг шалгана гэж харж байна. Энэ цаг үе бол даруухан тоглох, сайн үйл бүтээх, хохирсон нэгэнд туслалцаа үзүүлэх цаг. Өнөө  үед бол гамшгаас боломж хайх цаг биш.

Хятадын санаачилсан Ази, Европ, Африк, Латин Америкийн 70 орчим улсыг хамрах олон тэрбум ам.долларын өртөгтэй дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл болох “Бүс ба Зам” санаачилга мөн коронавирусний цохилтод өртөөд байна. Урт хугацаанд Хятад улсад Бүс ба Зам нь вирус аялах зам гэсэн тодорхойлолтод дасах хэрэгтэй. АНУ, Европтой харилцаа муудахын зэрэгцээ Хятад улсын дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын сүлжээг бий болгох төлөвлөгөөний стратегийн холбоотон болох Африктай харилцах харилцаанд сүүлийн долоо хоногт мөн сэв суув. Үүний шалтгаан нь Хятад улсад оршин суугаа африкчуудыг ялгаварлан гадуурхах явдал гарч буй тухай мэдээлэл гарсантай холбоотой. Африкийн улс орнуудын элчин сайд нар БНХАУ-ын Гадаад хэргийн яаманд хандан Гуанжоу хотод африкчуудыг гэр, зочид буудлаас хөөн ялгаварлан гадуурхах болсныг эсэргүүцэн гомдол гаргасан нь ховор алхам болсон. Бээжин үүнийг үгүйсгэв.

Африк тивийн хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны түнш болох Хятад улс КОВИД-19 цар тахалд нэрвэгдээд буй улс орнуудын хүсэлтээр олон тэрбум ам.долларын өрийг тэглэх шаардлагатай нүүр тулж болзошгүй. Хятад улс нийт 143 тэрбум ам.долларыг Африкт цутгасан. Энэ мөнгөний ихэнх хувь төмөр зам, далайн боомт, нисэх онгоцны буудлаас авахуулаад цахилгаан станц барих зэрэг дэд бүтцийн төсөлд чиглэсэн. Тиймээс коронавирус Африкийн эдийн засгийг сүйрүүлэхэд хүрэх аваас Хятад улс нигүүлсэнгүй хандаж, өрийг нь хөнгөлөх алхам хийх учиртай гэж Гупта үзэж байна.

Харин Хятад, Америкийн харилцааны ирээдүйн талаар коронавирус энэ хоёр улсын харилцааг тодорхойлох мөч болно гэсэн шинжээчдийн үзэл бодолтой Юн Сун нийлэхгүй байна. Хямралаас ашиг хонжоо олох гэсэн “харцагууд” хэзээд байдаг. Гэхдээ энэ нь нэг удаагийн хямрал хүчний тэнцвэрийг өөрчилж, шинэ бүтэц зохион байгуулалт гарч ирнэ гэсэн үг огт биш. Гэхдээ Луфтын хэлснээр, ойрын ирээдүйд АНУ болон бусад улс орон Хятад улсад дарамт, шахалт үзүүлэх болно. Ингэхдээ зарим нэг нь халдварт өвчнийг хил давуулан алдсан гэж Хятадыг шүүхэд өгч, хариуцлага үүрүүлэхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс ирэх зун дэлхий дахин Олимпын наадмын оронд буруутныг хайх тоглоомоор тоглож, энэ нь олон улсын тавцан дээр онцгой хортой орчныг бүрдүүлэх болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.88.61.155) 2020 оны 05 сарын 06

virus buteeged ooro oorto boln orool bustad gai zovlon tariad suuj bdag uls oron bdag l uym bh daa!sanaand ch bagtahgui aimshigtai yum.

0  |  0
Top