Мэдээллийг худал гэж байгаа бол НОТОЛГОО гаргаж өгөх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

“Хэвлэлийн эрх чөлөө ба Эрүүгийн хууль” сэдэвт хэлэлцүүлгийг TV5 телевизээс санаачлан зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, МСНЭ-ийн хуулийн зөвлөх, өмгөөлөгч Г.Балжмаа, Улсын ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор Г.Оюунболд, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү, www.zarig.mn сайтын захирал Н.Өнөрцэцэг, “Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар, www.urug.mn сайтын Ерөнхий редактор У.Болортуяа, www.livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа, www.ETZone.mn сайтын эрхлэгч Г.Алтанцэцэг нар оролцлоо.


МСНЭ-ийн Ерөнхийлөгч, сэтгүүлч Х.Мандахбаяр:

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Дэлхийн хэвлэлийн өдөр тохиогоод удаагүй байна.Энэ өдөр бол нийт сэтгүүлчдийн баяр гэхээсээ илүүтэй эв санааны нэгдлийн өдөр байдаг. Бид бүхний зүгээс телевизүүддээ Эрүүгийн хуулийн талаар хэлэлцүүлэг хийгээч гэж хүсэлт тавьсан. Хүсэлтийг маань хүлээж авч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа TV5 телевизийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Энэ бол зөвхөн хэдхэн сэтгүүлчийн асуудал ярих гэж байгаа зүйл биш. Иргэдийн мэдэх эрх, чөлөөт хэвлэлийн асуудал бол бүр цаашлаад ардчилсан Монгол Улсын асуудал. Эрүүгийн хуульд 13.14 дэх заалтад “Илтэд худал мэдээлэл тараах” гэдэг зүйл заалт орсон. Үүнтэй холбоотой янз бүрийн мэтгэлцээн сошиал орчинд гарсан. Харин мэтгэлцэхээсээ илүүтэй энэ хуулийг яаж хэрэглэх ёстой юм бэ гэдгийг ярих хэрэгтэй. 2018 оны хоёрдугаар сарын 8-нд манай баг МСНЭ-ийн удирдлагад сонгогдон гарч ирэхэд гол яригдаж байсан асуудал бол Зөрчлийн тухай хуулийн 6.21 гэсэн заалт байсан. Харин бид бүхэн хамтран хөөцөлдөж, тэмцсэний үр дүнд энэхүү “Гүтгэх” гэдэг заалтыг Эрүүгийн болон Зөрчлийн хуулиас хасуулж чадсан. Энэ хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулиар цагдаад дуудагдсан сэтгүүлчдийн төлөөлөл ирсэн байна. Би өөрөө ч тэдний нэг нь. Тодорхой хувийг нь эзэмшдэг “Өглөөний сонин”-г Страто компани шүүхэд өгсөн ч хэрэгсэхгүй болсон. Өнөөдөр албан тушаалтай, эрх мэдэлтэй хүмүүс “Миний талаар илтэд худал мэдээлэл тараасан байна” гээд сэтгүүлчид гомдол гаргадаг. Үүний хариуд сэтгүүлч ямар нэгэн тайлбар, мэдүүлэг өгөхөөс илүүтэй гомдол гаргагч талыг нь гомдлоо тайлбарлах, сэтгүүлчийн баримтад тулгуурлаж бичсэн материалыг илтэд худал гэдгийг нь нотлохыг шаардах хэрэгтэй. Илт худал мэдээлэл гэдгийг нь гомдол гаргагч өөрөө нотолчих юм бол сэтгүүлч дараагийн шатны баримтаа гаргаж тавьдаг байх шат руу явах ёстой. Үүнийг сэтгүүлчид маань ойлгохгүй байна уу, эсвэл ойлгосон ч өөрийгөө зоригтойгоор хамгаалж чадахгүй байна уу гэдгээ тодорхой жишээн дээр ярилцах байх. Дээрээс нь цагдаа, прокурорын төлөөллүүд ирсэн учраас тодорхой хариултуудыг өгөх байх гэж бодож байна.
 

Zarig.mn сайтын захирал Н.Өнөрцэцэг:

-Энд хүрэлцэн ирсэн нийт сэтгүүлчдэдээ дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн мэнд хүргэе. Миний хувьд “Гүтгэх” гэдэг заалтыг Эрүүгийн тухай хуульд оруулсанд туйлын эсрэг байр суурьтай байдаг. Яагаад сэтгүүлчдийг мохоох үйл явц руу манай улстөрчид түлхчихсэн юм бол гэдгийг гайхаад олдоггүй юм. Сэтгүүлчдийн гэхээсээ илүүтэй иргэдийн мэдэх эрхийг шоронжуулах гэсэн хатуу бодлого гэж боддог. Эрүүгийн тухай хууль цагаан сарын үеэс хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд найман албан тушаалтан манай сайтын нэр дээр гомдол гаргасан. Үүнд нэг их гоншигоноод байгаа юм байхгүй. Баримттай учраас би баримтаа аваад л очно. Ганц төвөгтэй юм нь би сурвалжлах, мэдээлэх ажлаа хийж байх ёстой байтал хэн нэгэн байцаагчийн үүд сахидаг, түүний цаг завыг асуудаг. Энэ бол сэтгүүлчдийг залхаах гэсэн улстөрчдийн явуургүй бодлого, хэвлэлийн эрх чөлөөнд маш бүдүүлгээр халдсан, сэтгүүлчдийг уяатай ботго шиг байлгах гэсэн үйлдэл.  
 

“Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар:

-Монголд эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлч их цөөхөн байдаг. Дараагийн үеийн үүд хаалгыг хааж байна, энэ хууль. Гэмт хэрэгтэн болж байхаар спортын, нийгмийн сэтгүүлч болсон дээр гэж бодож байна. Дараагийн асуудал нь яагаад сэтгүүлчид бусдын нэр хүндэд халдсан гээд буруутгагдаад байдаг вэ гэхээр гурван цуврал эрэн сурвалжлах нийтлэл бичээд гаргалаа гэхэд 800 гаруй өгүүлбэр болдог. Гэтэл нийтлэлийг нь бүхэлдээ хүлээн зөвшөөрөөд байгаа хэрнээ ганцхан өгүүлбэрийг нь сонгож аваад “Үүнийгээ тайлбарла” гэдэг. Дотор нь байгаа маш олон ноцтой мэдээлэл, баримтыг  ойшоохгүй хэрнээ ганцхан өгүүлбэр тайлбарла гэдэг. Тэгээд чадахгүй, хэлэхгүй болохоор шүүх дээр унаад гэмт хэрэгтэн болдог. Тэгээд эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр бичсэнийхээ төлөө нэг насаараа гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн тодорхойлолттой үлдэх болчих гээд байдаг. Үүнээс болоод манай сэтгүүлчид сүүлийн үед ажлаа хийхэд маш хүндрэлтэй байна. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч, сэтгүүлч Х.Мандахбаяр:

-Энэ хууль зөв, буруу гэдэг бол өмнөх асуудал. Хууль маань одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Нэг зүйл дээр сэтгүүлчид маань гомдолтой байгаа. Сэтгүүлчид ял авах болчихлоо, МСНЭ үүн дээр дутуу дулимаг ажиллаа гэсэн шүүмжлэл байгаа. Үүнийг ойлгож байна. Эрүүгийн хуулийг батлуулах гээд хэн нэгэн сэтгүүлч, МСНЭ батлуулчихсан юм байхгүй. Хуулийн ажлын хэсэг дээр З.Боргилмаа, Г.Балжмаа бид гуравтай нийлээд гучаад хүн ажилласан. Ер нь сэтгүүлчид та бүхэн өөрсдөө худал мэдээлэл тарааж болохгүй шүү дээ гэдэг зүйлийг олон хүн хэлж байсан. Ер нь бид нар баримтаа дахин нягтлаад мэдээлэх юм бол Эрүүгийн хуулийн “худал мэдээлэл тараах” гэдэг заалт бидэнд үйлчлэхгүй. Өнөөдрийн хэлэлцүүлгийг яагаад санаачилсан бэ гэхээр яг одоо шалгагдаж байгаа сэтгүүлчдийн асуудал, үүнийг цагдаагийн байгууллагаас хэрхэн шалгах юм. Мөн прокурорын байгууллага нотлох баримтыг хэрхэн үзэх вэ гэдгийг л хэлэлцмээр байна. Тиймээс энд ирсэн сэтгүүлчид маань өөрт тохиолдсон асуудал, шалгагдаж байгаа тохиолдлоо ярьж өгөөч.
 

Livetv.mn сайтын сэтгүүлч Р.Будрагчаа:

-“Монголын хөлбөмбөгийн холбоон дэх бэлгийн хүчирхийлэл” гээд дөрвөн цуврал нэвтрүүлэг хийсэн. Анхны дугаар маань 2019 оны 12 сард цацагдсан даруйдаа л манай редакцад дарамт, сүрдүүлэг асар ихээр ирсэн. Мөн над дээр хоёр зөрчлийн хэрэг үүсгэсэн. Цагдаагийнхаа шатанд хэрэгсэхгүй болсон. Хохирогчдын нэрийг нууцалсан нь хохирогчоо хамгаалсан байна гээд хаасан. Харамсалтай нь эхнийх нь хэрэгсэхгүй болонгуут дараагийнх нь шүүхэд хандчихдаг. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгуулж байхад ажлаа хийхэд хүртэл хүндрэл үүсдэг. Одоо ерөөсөө сэтгүүлчийг залхаах, бах таваа хангах аргатай болсон нь баримттай байхаас үл шалтгаалаад цагдаад өргөдөл гаргачихдаг. Тэгээд цагдаагийн үүдэнд уяатай байлгаж бах таваа хангадаг. Би гүтгээгүй, худал мэдээлэл цацаагүй нь тогтоогдсон ч тэр нөхөрт ямар ч хохирол байхгүй. Сэтгүүлч буруугүй нь тогтоогдоход гомдол гаргагчийг торгох ч гэдэг юм уу зохицуулалт хийж өгөөгүй. Дээрээс нь байцаагч, мөрдөгчид нь яг л хулгайч, гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг харьцдаг.
 

Urug.mn сайтын редактор У.Болортуяа:

-Зөвхөн манай Монголд л сэтгүүлч,иргэний хооронд маргаан гараад байдаг юм биш. Дээрээс нь сэтгүүлчид нэг талдаа гараад л нөгөө талд нь улстөрчид, сэтгүүлчдэд баалуулдаг хэд гараад байгаа хуйвалдааны онол шиг зүйл бол байхгүй гэж бодож байна. Харин  цагдаагийн байгууллагын ажилчдын ёс зүйн болон мэдлэг, мэдрэмжийн асуудал, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн талаар наад захын ойлголтгүй байдгийг хэлмээр байна. Хамгийн сүүлд л гэхэд манай сайт Загдаа гэж хүний тухай мэдээлэл дамжуулахад иргэний гомдлоор бид нарыг шууд дуудсан өдрөө хоёр сая төгрөгөөр торгочихсон. Харин манайх шүүх дээр очоод ялсан. Уг нь шүүх хүртэл явахгүй байх боломж байсан. Даанч сэтгэлгүй цагдаа хуулиа бариагүйгээс ийм байдал бий болсон. Цагдаа нар маань хэвлэн нийтлэх эрх чөлөө, сэтгүүлчийн тухай мэдлэг, мэдээлэлтэй байх, мэдрэмжтэй байх ёстой гэдгийг дахин хэлье. Прокурорын байгууллага манайд хамгийн хаалттай. Үүнээс болоод сэтгүүлчид алдаа гаргах магадлал тэр хэрээрээ нэмэгдэнэ. Уг нь бол бусад оронд хамгийн нээлттэй байгууллага нь прокурор байдаг.
 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:

-Гүтгэх, илтэд худал мэдээлэл тараах гэсэн заалтаар 2018 онд Зөрчлийн тухай хуулиар 121 тохиолдлыг шалгасны 16 нь, 2019 онд 122 шалгагдсаны 15 нь сэтгүүлч байсан бол 2020 оны эхний дөрвөн сарын хугацаад 30 хэрэг шалгагдсаны тав нь сэтгүүлч байна. Цагдаагийн байгууллага аливаа хэрэг маргааныг шалгахдаа яллах ба цагаатгах нотлох баримтыг хамтад нь цуглуулдаг. Улмаар прокурорын байгууллагад шилжүүлж, цаашлаад шүүхээр гэм буруугүй эсэхийг эцэслэдэг. Иргэн хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргалаа гэхэд түүнийг нь хугацаанд нь шалгаж шийдвэрлэх ёстой байдаг. Харин цагдаагийн ажилтан энэ чинь хэрэг биш байна гээд буцаах ямар ч боломж байдаггүй. Тоо баримтаас харахад 10 гаруй хувь нь сэтгүүлчид байгаа бол үлдсэн нь сошиал орчинд бусдыг доромжилж гүтгэсэн хуурамч хаягтай хүмүүс дээр ирсэн гомдлууд байна. Монгол Улсын Үндсэн хуулиар итгэл үнэмшилтэй байх үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гэж заасан. Бид үүнийг л яриад байдаг болохоос үндсэн үүргийг нь ч мөн Үндсэн хуулиар зааж өгсөн байдаг. Хүний нэр төр алдар хүнд ашиг сонирхлыг хүндэтгэн үзнэ гэж заасан. Цагдаагийн ажилчдын ёс зүй дээр асуудал байхыг үгүйсгэхгүй. Бид энэ талаа  р 126 утсаар иргэдээс гомдол мэдээллийг нь байнга авч, шалгадаг.              

Zarig.mn сайтын захирал Н.Өнөрцэцэг

-Цагдаа дээр очиж байцаалт өгөхөөр очихдоо нэг юм анзаарсан нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд сэтгүүлчид гомдсон гомдлоо гаргахдаа шууд цагдаагийн байгууллагын даргад гаргадаг юм байна гэж ойлгосон.  Тэгэхээр байцаагч нь дээрээс тушаал авчихсан юм шиг л ажилладаг. Сүүлийн байцаалт дээр хүртэл намайг байцаагч нь бүр хөтөлж асуулт асуусан. “Генерал Гэрэлийг чи өөрийнхөө үзэл бодлоор гүтгээд биччихсэн юм байна тийм үү?” гэж асуусан. Уг нь бол иргэн Гэрэл гомдол гаргасан болохоос биш Генерал Гэрэл гэх хэрэг байхгүй. Ж.Энхбаяр гишүүний гомдол дээр хүртэл тэр 800 хятад оруулж ирсэн компаниудын дунд түүний компани байгаа эсэх нь ямар ч сонин биш. Зүгээр л үүнийг хэн гаргаад тавьчихав, хэн чамд хэлсэн л гээд байна, манай цагдаа нар. Хэн мэдээлснийг л мэдэх нь хамгийн чухал юм шиг байна лээ. Ийм нэг буруу хандлага байгаа юм. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч, сэтгүүлч Х.Мандахбаяр:

-Юун дээр манай сэтгүүлчид шүүмжлэлтэй хандаж байгаа вэ гэхээр цагдаа, прокурорын байгууллага нэг талыг барьж ажилладаг гэдгийг л хэлээд байгаа. Зөрчлийн хууль одоо байхгүй ч гэсэн үйлчилж байхдаа маш хурдтайгаар, захиалгаар сэтгүүлчийг буруутгаж, гомдол гаргагчийн талд асуудлыг шийдэж болно гэсэн ойлголтыг дарга  нарт төрүүлчихсэн. Харин одоогийн Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт шал өөр утга агуулгатай. Харамсалтай нь өнөөх буруу жишиг нь одоогийн шинэ Эрүүгийн хууль дээр яг адилхан үйлчлэх гээд байна. Цагдаа нар маань асуудлаа судлахгүй хүнийг судалдаг, эх сурвалжаа хэлэхийг шаарддаг. Уг нь бол гомдол гаргагч нь тухайн мэдээллийг илтэд худал гэдгийг өөрөө нотлох ёстой, нотлуулдаг баймаар байгаа юм.  Сэтгүүлчийн гаргаж тавьсан асуудал зөв буруу, нийгэмд хэрхэн нөлөөлөх, онц ноцтой зүйл нь юу байна гэхийн оронд хэнээс мэдээллээ авсан, яаж гүтгэсэн гэдэг байдлаар ажиллаж болохгүй.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:

-Албан тушаалтнуудад үйлчилдэг гэсэн юм байж болохгүй. Иргэн хүн ЦЕГ-ын дарга ч бай, надад ч бай гомдлоо гаргахаар нь би харьяаллынх нь дагуу шилжүүлнэ шүү дээ. Цагдаагийн байгууллага дээр ирж байгаа гомдлыг бид авахгүй гэх боломж байхгүй. Тэгээд ч цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаанд прокурор хяналт тавьж ажилладаг. Бид нар дураар авирлах ямар ч боломж байхгүй.


Өмгөөлөгч Г.Балжмаа:

-Төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргасан хэрэг Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байсан. Тэр үед нэг өөрөөр шалгадаг. Жирийн иргэдийн гомдлыг болохоор хорооны цагдаа шалгадаг байдал бий. Хоёрдугаарт мөрдөн байцаагчийг дундаас нь сольдог асуудал ч бий. Гуравдугаарт иргэн хүний ямар ч гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгадаг гэдэг бол худлаа. Сэтгүүлч дангаараа өргөдлөө бичээд очихоор авдаггүй. Дараа нь би өөрөө цуг очиж байж өргөдлийг нь авхуулсан. Миний оролцож байсан 20 орчим хэрэг дээр нэг ч удаагийнх дээр нь цагаатгах талын баримт цуглуулж байгаагүй. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:

-Үнэхээр тийм юм байгаа бол манай 126 дугаарын утсанд гомдол гаргаж болно. 
 

УЕПГ-ын хяналтын прокурор Г.Оюунболд:

-Олон хэргийн дунд монголын цагдаа, прокурор ажилладаг. Монголд 35 мянган гэмт хэрэг эргэлдэж байгаагаас нийтлэг 12 мянган гэмт хэргийн өргөдөл гомдол дунд байгаа хүмүүс. Гүтгэх, доромжлох гэмт хэрэг бол 2002 оны Эрүүгийн хуулиас л гэмт хэрэг байж ирсэн. Жилдээ хорь орчим энэ төрлийн гэмт хэрэг байдаг гэж би санаж байна. 483 тохиолдолд хэрэг үүсгэсэн ч 400-аадыг нь хэрэгсэхгүй болгосон байдаг юм. Эрүүгийн хуулийн 13.14 гэсэн заалтаар сая шинээр хэрэгжиж эхэлснээс нь хойш 46 хэрэг үүссэн байна. Гэхдээ хэд нь сэтгүүлчтэй холбоотой гэдгийг сайн хэлж мэдэхгүй. Бид бол хуулийг сайн муу гэж дүгнэх ямар ч эрхгүй. Батлагдсан хуулийг л дагаж мөрдөж, хэрэгжүүлнэ. Мөрдөгч маань сэтгүүлч хүн ямар ажил хийдгийг мэдэхгүй. Тиймээс энэ тал дээрээ сайн ойлголцож энэ мэргэжлийн сэтгүүлзүй гэдэг дээрээ ойлголцох хэрэгтэй. Яг үнэндээ Монголд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэж байхгүй. Сэтгүүлч гэж хэн юм бэ гэсэн зүйл байхгүй. Мэргэжлийн сэтгүүлзүй, иргэний сэтгүүлзүй гэж ялгаагүй. Хүний нэр төрд халдаж болох 20 үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. Үүний хамгийн аюултай нь гүтгэх байдаг. Харин энэ үйлийн нэрийн дор сэтгүүлчийн эрх ашгийг зөрчөөд байна гэж яривал ондоо хэрэг. Илт худал мэдээлэл гэж юуг хэлэх вэ гэдэг практикийг харах хэрэгтэй.

“Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар:

-Сэтгүүлч олон талын эх сурвалжаас мэдээлэл аваад материал бэлтгэчихээр тэр мэдээллийг хэн гаргаад өгчихсөн бэ гэдэг нь тэр гомдогчид маш хэрэгтэй байгаад байгаа юм. Тийм учраас өндөр дээд албан тушаалтнууд энэ санаархлаа биелүүлэхийн тулд цагдаа, хуулийн байгууллагыг өөрсдийн дураараа явуулах сонирхолтой байгаад байна. Гэтэл бид яаж мэдээллийг олж авдаг вэ гэхээр бараг л хууль зөрчиж олж авдаг. Мөрдөн байцаалтын нууцад байгаа мэдээлэлд орохын тулд эх сурвалжаараа дамжиж ордог. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа хүн хууль зөрчөөд надад мэдээлэл өгчихдөг. Үүнийгээ би хэлчих юм бол тухайн эх сурвалжийн маань амь нас, эрүүл мэнд, албан тушаалд аюул учирч эхэлнэ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч, сэтгүүлч Х.Мандахбаяр:

-Цаашид МСНЭ ганц л шаардлага тавина. Тэр нь гомдол гаргагч этгээд сэтгүүлчийн гаргасан баримт мэдээллийг илтэд худал гэж үзэж гомдол гаргах юм бол үүнийхээ нотолгоог гаргаж өг. Тэгээгүй нөхцөлд сэтгүүлч ямар ч баримтыг нэмж гаргаж өгөх үүрэггүй. Харин тайлбараа очоод өгчих хэрэгтэй. Харин үүнээс цааш дахин дахин очиж, дуудсан цагт нь байнга үүд сахих хэрэггүй. Эвлэл дээрээ очоод өмгөөлөгчдөө итгэмжлэхээ гаргаад өгчих. Үүний тулд МСНЭ ажиллаж байгаа. Үүний дараа харин цагдаагийн байгууллага зүй бус шаардлага тавих, эх сурвалжаа хэлэхийг шаардах юм бол МСНЭ сэтгүүлчидтэйгээ нийлээд тэмцэхээс өөр арга байхгүй.
 

-ETZone.mn сайтын эрхлэгч Г.Алтанцэцэг:

-Би Орхон аймгаас ирж хэлэлцүүлэгт оролцож байна. “Эрдэнэт хивс” компанийн 430 гаруй ажилчдын хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдөж байгаа талаарх мэдээлэл ярилцлагыг бэлтгэж хүргэсэн. Гэтэл үүнээс болоод жил гаран Орхон аймгийн шүүх дээр явж байна. Хуулийнхнаасаа хүсээд байгаа ганцхан юм бол чадвартай байгаач, мэдрэмжтэй байгаач л гээд байгаа юм. Надад мэдээлэл өгсөн хүмүүс нь зураг хөрөгтэйгөө дуу бичлэгтэйгээ байсаар байтал худал мэдээлэл гээд залруулга гарга гээд байдаг.Миний нийтлэлийн эх сурвалж ил тод байна .Яаж үгүйсгэх юм бэ? Энэ бол үнэхээр шударга үнэнд нийцэхгүй зүйл учраас нийтийн эрх ашгийн төлөө залруулга гаргахгүй явж байна.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа:

-Энэ худал мэдээлэл тараах, гүтгэх гэдэг харилцааг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг байхад хариуцагч нь өөрөө мэдээгүй байхад л хоёр сая төгрөгөөр торгочихсон тохиолдол бий. Эрүүгийн хуульд орсноороо энэ шийдвэрлэгдэх процесс нь уг нь илүү хамгаалалттай болсон. Мөрдөн байцаагч зөв, бурууг нь гаргаж өгч байна. Дээрээс нь прокурор хянадаг боллоо, илүү хамгаалалттай боллоо гээд бид бодож байтал яг энэ хуулийг хэрэглээд ирэхээрээ амьдрал дээр юу болж байгааг манай сэтгүүлчид сая зөндөө ярилаа. Эх сурвалж нь сонин байгаа болохоос биш сөхсөн материалын үнэн зөвийг тогтоох гэж явахгүй байна. Иргэний мэдэх эрх бол төрмөл эрх. Үүнийг нь сэтгүүлчид, цагдаа, прокурор нийлж хамгаалах ёстой байтал ойлголтын зөрүүтэй, нэг нэгнийхээ эсрэг байгаа юм шиг байгаа нь хуулийг хэрэглэхэд өөр ойлголт гаргаж байгаад харамсаж байна. ТЕГ-ын дарга ганцхан “Тас нуусан” гэдэг үгэн дээр л буруутгаж цагдаад гомдол гаргасан байдаг. Уг нь бол хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яагаад тусгаагүй юм бэ гэдгийг шалгахгүй хэрнээ сэтгүүлчийг шалгаад байдаг.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:

-Олон сэтгүүлчийн гаргаж тавьсан мэдээллийн мөрөөр олон гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, тогтоож байсан. Олон санал санаачилга гарсан хэлэлцүүлэг боллоо. Хэвлэл мэдээллийн байгууллагын онцлог, мэдээлэл түгээх талаар цагдаагийн байгууллагад сургалт явуулах тухай ярьж байна. Үүнийг зүйтэй гэж үзэж байна. мөн сэтгүүлчдийнхээ эрх зүйн мэдээллийг дээшлүүлэх сургалт ч байж болно. Сэтгүүлчид маань бас эрх зүйн мэдлэг дутмаг байснаараа элдэв асуудалд орооцох эрсдэл гарч байна. Тиймээс цаашид тал, талаасаа анхаараад явъя.   

МСНЭ-ийн Ерөнхийлөгч, сэтгүүлч Х.Мандахбаяр:

-Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярласнаа илэрхийлье. Нэг л зүйлийг эцэст нь хэлмээр байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг маш яаралтай батлах цаг болсон. Эх сурвалжаа нууцлах эрхийг анх удаа хуулиар хамгаалж, төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргахгүй байхыг хүртэл энэ хуулиар зохицуулах ёстой. Мөн иргэдийн мэдэх эрхийг хангахын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилтийг ил тод байлгах, эздийн ил тод байдлыг ч мөн суулгаж өгөх боломж байгааг хэлье. Хуульчид, сэтгүүлчид хамтарч хууль бус зүйлстэй хамтдаа тэмцэх хэрэгтэй гэдгийг хэлье.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.96) 2020 оны 05 сарын 05

Сэтгүүлчдээ манайхан хамгаалах ёстой шүү. Бидний өмнөөс хоточ нохойн үүргийг гүйцэтгэж байгаа шүү дээ. Сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй, ялангуяа ийм ороо бусгаа цаг үед.

0  |  0
Уншигч(182.160.36.190) 2020 оны 05 сарын 05

Цагдаа.хуулийн системийг төрийн эрхтэн дархиангууд гартаа оруулсан нь үнэн...гэвч сэтгүүлчидийн нилээд хэсаг нь мэдлэг боловролоороо их хурлын гишүүд шигээ арчаагүй түвшинд сэтгэдэг...хаха..

1  |  0
Уншигч(150.129.142.151) 2020 оны 05 сарын 06

Монгол улсын хамгийн хоцрогдсон салбар сэтгүүл зүй. Ор хөнжил, хов, жив л бичнэ. Монголын сэтгүүлчид хуран чуулж салбараа яаж өөд нь татах вэ? Яаж эх орны хөгжилд хувь нэмэр оруулах вэ гэдгээ сайн ярилцах цаг болсон. Үнэндээ эдний бэлтгэж байгаа мэдээлэл тэтгэврийн хүмүүсийн оюуны хэрэгцээг хангаж чадахгүй л байгаа шүү дээ. Дэлхий нийт технологийн ямар дэвшилд ороод бна даа та минь.

2  |  0
Top