М.Энхсайханыг яллахад хүргэсэн УИХ-ын дүгнэлт

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Хууль хяналтын байгууллагын хаалга татсан биш энхийн цагаан тагтаа болж хувираад буй улс төрийн экс өндөр албан тушаалтан ганц нэгээр тоологдохгүй. Эцэстээ халаагаа өгсөн дүү нартаа захиа хаяглаж, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхөд хүртэл нөлөөлөх гэж оролддог моод Монголд эчнээ дэлгэрээд байгаа. Шүүхийн шатанд хүрэхээс өмнө ном, зохиол болох нь элбэгшиж.  Энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы төрийн хоёр ч өндөр албан тушаалтанд хандаж бичсэн захиа цахимаар хөвөрч эхлэв. Түүнийг прокуророос 2014-2016 онд Монгол Улсын мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглан бусдад давуу эрх олгох замаар үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахыг завдсан  гэж буруутган, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн. Харин тэрбээр үүнийг улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн үзэж буйгаа удаа дараа мэдэгдээд байгаа юм. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад үнэн мөн нь тодрох учраас М.Энхсайханы ахалсан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээрт УИХ-аас гарсан ажлын хэсгээс өгсөн дүгнэлтээс танилцуулж байна. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах консорциумтай “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ”-ний төслийг 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. 
 


 

1. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах консорциумтай хийхээр бэлтгэсэн Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээ нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.

2. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтад ялсан консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүд нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцээгүй, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангаагүй байна.

3. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д 2,558,175,510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 2,475,201 иргэн болон 8,497,671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй. Энэ талаарх зохицуулалтыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд тусгаагүй байна.

4. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд тусгаагүй. Консорциумтай байгуулах Хамтын ажиллагааны гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл Монгол Улсад ашиггүй байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг бууруулж, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах боломжийг хааж байна.

5. Засгийн газрын ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар шалгарсан Консорциумтай хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үнд­сэн зарчим, удирдамжийг мөр­дөөгүй, түүнийг хэрэгжүүлээгүй байна.

6. Тавантолгойн ордыг ашиглах Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, төмөр замын концессийн гэрээ нь гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангаагүй, Монгол Улсын гадаад бодлогод баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэхгүй байна.

7. Тавантолгойн нүүрсний ордын дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэлбэр нь Монгол Улсад эдийн засгийн үр өгөөж багатай, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг Тавантолгойн уралдаант шал­гаруулалтын нэг хэсэг болгон хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн охин компанид шилжүүлэх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  зөвлөмжүүд, УИХ болон Засгийн газрын тогтоолуудыг зөрчиж байна.

8. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд заасан “Улс төрийн албан тушаалтныг хэлэлцээрийн аль нэг талд оролцуулахгүй байх” заалтыг Засгийн газар зөрчиж, улс төрийн албан тушаалтан Монгол Улсын сайд М.Энхсайханаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахлуулсан байна. Улмаар тухайн улс төрийн албан тушаалтан нь үндсэндээ дангаараа шийдвэр гарган УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан удирдамжид заасан “Гэрээний төсөл боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч байгууллагын туслалцааг авах” гэснийг зөрчсөн байна. Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий хууль, санхүүгийн зөвлөхүүд хөлсөлж авсан хөрөнгө оруулагч консорциумын талтай адил түвшинд ажиллаж чадаагүй байна. Ажлын хэсэг төрийн ашиг сонирхлын үүднээс харах ёстой олон асуудлууд, тухайлбал хөрөнгө оруулагч талын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагчийн дотоод бүтэц, үйл ажиллагааны дүрэм журмыг судлах, тухайн гадаадын хөрөнгө оруулагчийн харьяалдаг улстай Монгол Улс байгуулсан олон улсын гэрээнүүд төсөлд хэрхэн нөлөөлөхөд дүгнэлт хийх гэх мэт дан ганц төрийн албан хаагчдын хийх боломжгүй олон асуудлыг орхигдуулжээ.

9. Засгийн газрын  чиглэл зөрчигдөж, сонирхлын зөрчилтэй компанийг уралдаант шалгаруулалтад шалгаруулсан байна. Засгийн газар нь 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад үлдсэн зургаан компанийн дунд уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан атал уралдаант шалгаруулалтад оролцоогүй, “Энержи ресурс корпораци” ХХК, түүний охин компани болох “Энержи ресурс” ХХК-ийг шалгаруулсан байна.

10. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмших “Энержи ресурс корпораци” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, 49 хувийг эзэмших “Чайна Шенхуа Энержи” компани нь гадаадын хуулийн этгээд байх тул Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдүүдийн 100 хувь хяналтад орж байна.

11. Тавантолгойн ордыг ашиглах төслийн компанийн 51 хувийг эзэмшихээр шалгараад байгаа “Энержи ресурс кор­пораци”-ийн хувьцаа нь толгой компани болох Кайманы арлын “ММС” компанийн их хэмжээний өрийн барьцаанд байх тул төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадамжгүй гэж үзэж байна. Санхүүгийн хүнд байдалд орсон “ММС” компанийн хувьд “Тавантолгой” ордыг ашиглах эрхийг олж авах нь бизнесийн өрсөлдөгчгүй болж, нөөцөө нэмэгдүүлэх замаар зах зээлийн үнэлгээгээ өсгөж, санхүүгийн хүндрэлээс гарах боломж болж байна.

12. Төсөлд оруулах хөрөнгө оруулалтыг ойролцоогоор дөрвөн тэрбум гэсэн бөгөөд энэ хөрөнгө оруулалтад одоо “Энержи ресурс” компанийн Ухаа худаг ордод оруулсан хөрөнгө оруулалтыг нэг тэрбум ам.доллар тооцож байна. Гэвч “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайд оруулсан бодит хөрөнгө оруулалт хэд болох, үнэлгээг хэрхэн тооцох, аргачлал, томъёололтой холбоотой заалт байхгүй байна. Гэтэл “Энержи ресурс” компанийг эзэмшдэг толгой компани “ММС” нь 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт нэг тэрбум 285 сая ам.долларын богино болон урт хугацааны өртэй гэдгийг “ММС”-ийн 2014 оны жилийн эцсийн тайланд тусгасан байна.

13. Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудаас харахад, “Энержи ресурс”нь дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа яаж ч тооцож болох, ямар хугацаанд энэ хөрөнгө оруулалтыг оруулах нь тодорхойгүй болж байна. Тус компани амлаж байгаа дөрөв орчим ам.тэрбум долларын хөрөнгө оруулалтаа гэрээний 30 жил, сунгалтын 30 жилийн хугацаанд нийт 60 жилийн хугацааны турш үргэлжлүүлэн цувуулж хийх, эсвэл Тавантолгойн ордыг ашиглаж олсон орлогоосоо хөрөнгө оруулалт болгон буцааж хийх, эсвэл хөрс хуулалт гэх зэрэг өндөр зардалтай үйл ажиллагааны зардлыг өсгөн тооцох зэргээр хөрөнгө оруулалтыг өөрийн үзэмжээрээ хийхээр зохицуулжээ.

14. “Энержи ресурс” нь Таван­толгойн ордыг ашиглах эрхийн дагуу олж авч байгаа эрх, ашиг сонирхлыг барьцаалж хөрөнгө оруулалт босгож байна. Энэ нь тус компанийн давуу тал биш бөгөөд Тавантолгойн ордыг ашиглах эрх авснаар үүсч байгаа боломж юм. Хэрэв Засгийн газар энэ боломжийг “Эрдэнэс-Тавантолгой”-д зөв­шөөрсөн тохиолдолд “Эрдэнэс-Тавантолгой” өөрөө хөрөнгө оруу­лалт татах бүрэн боломжтой юм.

15. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар санхүүжүүлэгч нь гэрээний зүйлийг бусад этгээдэд шилжүүлэх, “Энержи ресурс”-ийг гуравдагч этгээдээр сольж, эрх үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэх эрхтэй байна. Үүнээс харахад, эхнээсээ гэрээнд ингэж бусад этгээдэд барьцаалах, шилжүүлэх эрх олгосон зохи­цуулалт тусгаж байгаа нь “Энержи ресурс” компани цаашдаа ийм үйл ажиллагаа хийх зорилготой бэлтгэж, эдгээр заалтын дагуу ирээдүйд “Энержи ресурс” хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээнээс гарахаар төлөвлөжээ гэж үзэж байна.

16. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ Гадаад хэргийн яамаар хянагдаагүй, албан ёсны орчуулга хийгдээгүй гэрээний төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Оюутолгойн гэрээг байгуулахад Гадаад хэргийн яам албан ёсоор орчуулгыг нь хянаж, УИХ-д өргөн барьсныг тэмдэглэх нь зүйтэй.

17. Уул уурхайн томоохон төслийн асуудлаар Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээ бүр ямар нэг хэмжээгээр маргаан дагуулдаг, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй нь цагийн шалгуураар тодорхой болдог. Тухайн үед ажил хариуцаж гэрээ байгуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжгүй болдог буруу жишиг Тавантолгойн гэрээний төсөл боловсруулах явцад ч давтагджээ. Олон арван тэрбум ам.доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол Улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байна. Иймд Засгийн газрын ажлын хэсгийн холбогдох улс төрийн албан тушаалтан болон төрийн албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлагатай.

Энэ мэт ноцтой үг үсэг агуулсан дүгнэлтийг УИХ-аас гарсан ажлын хэсэг М.Энхсайханы гардаж байсан Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулах гэрээнд хийсэн.

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар гарсан ажлын хэсгийн даргаар Л.Эрдэнэчимэг, гишүүдээр А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар ажилласан байдаг.

Тэгвэл прокуророос энэ гэрээ хэлэлцэл хийгдэх үйл явцыг шалгаад, М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг буюу Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан хэмээн буруутгасан.

Мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хохирол учруулсан зэргээр ял тулгаад байгаа юм.

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эсэргүүцэгч(121.168.50.25) 2020 оны 04 сарын 22

Хийгээгүй гэрээний шалтагаар хүнийг хэлмэгдүүлж болохгүй!!! Завдсан гэдэг чинь ямарч утга алга, тэр гэрээг батлах батлахгүй нь УИХ ын бүрэн эрх шүү дээ! Тэгээд ч хэн ч ямар ч муу төсөл хийж л байдаг. Харин тэр нүдэн дээр алга болсон 280,000,000 долларыг Жанхуу Баттулгаас нэхэж ял асуумаар байна!!!!

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 21

Mongolchyyd eh ornoosoo yrvagchidiig sain tanidag bolsoon .Ene ydaa shvvh hyyliihan hamgaalaad vldevel .Mongolchyyd hetsee negen tsagt hergiig dahin shvvj yaliig bvgedengees asyyh bolno .Shvvhed oroltsoson hvn bvriig 3 ved ni shiitgeh bolno .Eh ornoos yrvagchidiig hamgaalsasan hamaaral bvhii hvmvvs sanaj yav .

0  |  0
Энэ (150.129.142.38) 2020 оны 04 сарын 21

ЗА АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨ ТЭГЭХГҮЙ БОЛ МАШ ХЭЦҮҮ БОЛОХНЭЭ.САЯХАН ХЯЗГААРТАЙ ЧӨЛӨӨЛЖ БАЙЖ СОЛОНГОС ЧИГЛЭЛ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ ЖООХОН БУУСАН ИЛҮҮ ЧӨЛӨӨЛӨЖ БАЙЖ ОЛОН АГААРЫН ЧИГЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ АВИА КОМПАНИ ИХСЭЖ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ БУУНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА.ЗӨВХӨН МИАТЫГ ДАМПУУРУУЛАХГҮЙ ГЭЖ ХЯЗГААРТАЙ ХАНДАХ НЬ ТОМ ЗУРАГААР ХАРАХАД УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ УЛС ТӨРИЙН ШАХАА ДЭНДҮҮ ДАНХАР БҮТЭЦИЙН ЗАРДАЛЫГ ЭНГИЙН ИРГЭД БИД ҮНЭТЭЙ БИЛЕТ БОЛГОЖ ДЭМЖИХ ЦАГ ОДОО БИШ.

0  |  0
Top