ЭМЯ: Эмнэлгээр очих нь коронавирусээр өвчлөх ЭРСДЭЛТЭЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит /2020.04.012/ мэдээллээ өгlлөө. 


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Нийт 1,780,314 хүн коронавирусээр халдварлаад байна. Өвчлөл АНУ, Англи, Испани, Итали, Турк улсад халдвар өндөр байна. Азийн орнуудаас Япон улсад халдвар идэвхтэй байна. Японд 24 цагийн дотор 372 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Хөрш зэргэлдээ ОХУ-д халдвар нэмэгдэж байна. Нийт 1667 хүн халдвараар өвчилсөн. Нийт 106 хүн нас барсан. Улаан-Үүдэд 61 хүн, Эрхүү хотод 24,  Тува улсад 1 тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдлын тоо нэмэгдэж, 4, 5 дугаар саруудад оргил үедээ хүрнэ гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлсэн байна.

Иймд ОХУ-д эмнэлгийн тоог нэмэгдүүлсэн байна. Эмнэлгийн хангамжийг дээшлүүлж, анагаахын чиглэлээр сурч буй оюутнуудыг хамруулах ажлыг зохион байгуулж байна. Хөл хориог хэвээр мөрдөж байгаа. ОХУ-д анхаарал татаж буй зүйлийн нэг нь коронавирусээр өвчилсөн хүний 56-60 хувь нь дөчөөс доош насны залуучууд байна. Тэгэхээр өвчлөлийн чиг хандлага эргээд Ази, Европт залуучууд ихээр халдварлах эрсдэлтэй байгаа. БНСУ-д ч залуучууд ихээр халдвар авч байна. Энэ нь залуучууд маск зүүхгүй байх, гадуур явах, анхаарал болгоомжгүй байснаас халдварлаж байна. Иймд ДЭМБ-аас зохих зөвлөмжийг дагахыг анхааруулсан” гэлээ.

Мөн тэрбээр “Манай улсын хувьд 16 тохиолдол зөөвөрлөгдөж орж ирсэн. Тэдний дөрөв нь эрүүл болж эмнэлгээс гарсан. Одоо 12 хүнийг эмчилж байна. Өчигдрийн Алтанбулаг боомтоор орж ирсэн хүмүүсийг оруулаад 1695 хүн тусгаарлалтад байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Япон, Солонгос, Ухань хотод халдвар анх тархах үед эмч, эмнэлгийн ажилчид их хэмжээгээр халдварласан. Нийт өвчилсөн хүмүүсийн 10 гаруй хувь нь эмч, эмнэлгийн ажилчид байна гэсэн тооцоо бий. Тиймээс манай иргэд аль болох эмнэлгийн байгууллагаар очихгүй байх хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагаас тушаал шийдвэр гарч, эргэлтийг хязгаарласан байгаа. Эмнэлгийн хоол унд хүрэлцээтэй сайн байгаа учраас заавал эмнэлэгт хэвтсэн хүнээ эргэж очих шаардлагагүй юм” гэв

Top