КОВИД-19: Сүмо бөх халдвар авсан байж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Японы сүмо бөхийн холбооноос өнгөрсөн Хаврын тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулсан. Токио хотын захиргаанаас Онц байдал зарласан тул ирэх сард эхлэх Зуны тэмцээнийг ч хойшлуулж, тавдугаар сарын 24-нд эхлүүлэхээр болоод байгаа билээ.

Мөн бөхчүүдийг гадагш гарахыг хориглосон шийдвэр гаргаж, бөхчүүдээ хамгаалах арга хэмжээ аваад байгаа.
 


Харин хэд хоногийн өмнөөс сүмо бөх, ояката нар халдвар авсан байж магадгүй мэдээ хэвлэлээр гарсантай холбогдуулан өнөөдөр /2020.04.09/ Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Шибатаяма ояката мэдээлэл хийлээ.

Шибатаяма ояката жюүрёогоос доош цолтой нэг бөх Токиогийн эмнэлэгт дахин шинжилгээнд орсныг дурдаад, эхлээд сөрөг дүн гарснаа дараа нь эмнэлгээс эерэг гэж мэдээлснийг зарлалаа. Гэхдээ албан ёсны хариу маргааш гарах юм байна.

Тэрхүү сүмоч энэ сарын 4-нд халууран, нэг хэсэг дарагдсан ч дахин халуурч эхэлсэн гэнэ.

Шинэ төрлийн коронавирусний шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтэн, шинжилгээ өгч байгаа юм. Хэрэв халдвар авсан нь тогтоогдвол сүмогоос анхны тохиолдол болох юм.

Тэгвэл дэвжээний бөхчүүд ч мөн адил тусгаарлалтад орж, Зуны тэмцээн явагдахгүй болно. Тус дэвжээ бөхчүүдээ тусгаарлалтад оруулж, эмнэлгийн шинжилгээний дүнг хүлээж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.188) 2020 оны 04 сарын 09

mongo mongo geseer bgaad barildaad bhiin

0  |  0
Top