ХАНШ НЭЭХ ӨДӨР: Жирийн л нэг улирлын мөчлөг эхэлж байгаа өдөр

2020 оны 04 сарын 04

Өнөөдөр ханш нээх өдөр. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай.  Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялгаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг байна.

Монголчууд ханш нээх өдөр мал болон ичээнээсээ гарсан амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваршилт, зуншлага ямар байхыг шинжин тодорхойлж иржээ. Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.

Нөгөө талаас нь энэ өдрийн тухай зарим ойлголтын талаар “Оточ манрамба” их сургуулийн судлаач, багш, “Манба дацан хийд”-ийн зурхайч Д.Сайнсайханаас өнгөрсөн 2019 онд Zindaa.mn сайтын тодруулга мэдээллийг хүргэе.
 


"ХАНШ НЭЭХ ӨДӨР НЬ ЖИРИЙН Л НЭГ УЛИРЛЫН МӨЧЛӨГ ЭХЭЛЖ БАЙГАА ӨДӨР"
 

-Ханш нээх өдрийн талаар тодруулж өгнө үү. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголтууд байдаг?

-Энэ бол байгаль дэлхийтэй холбоотой ойлголт юм. Монгол жилийн дөрвөн улиралтай бол дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хуваан, 24 улирлаар нарийвчлан авч үздэг. Тухайлбал, хаврын улирлыг хаврын урь орох, хур усны цаг, ичэгсэд хөдлөх, хаврын хугас дунд, гэгээн тунгалагийн өдөр буюу ханш нээх өдөр, тариалангийн хур буух улирал гэж хуваана. Үүний дотроос ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Энгийнээр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэсэн үг.

-Ичигсэд хөдлөх болон ханш нээх өдрийн ялгаа нь юу вэ. Энэ өдрүүдэд цээрлэх зүйл байдаг уу?

-Хүмүүс ханш нээх өдрийг ичигсэд хөдлөх өдөртэй андуурч ойлгоод байдаг. Ханш нээхийн тухайд дээр хэлсэн. Харин ичигсэд хөдлөх өдөр бол аливаа ичнээ байдаг амьтад хөдөлж, ичээ нүхнийхээ ам руу толгойгоо харуулдаг байна. Тиймээс ч энэ өдөр газар, шороог хөнддөггүй хэмээдэг. Харин ханш нээх өдөр тийм цээр байдаггүй. Ер нь эдгээр өдрүүд нь ямар нэг онцгой зан үйлгүй, жирийн л нэг улирлын мөчлөг эхэлж байгаа өдөр.

-Зарим хүмүүсийн дунд энэ өдөр талийгаачийн газрыг эргэдэг гэх ойлголт байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Монгол ёс заншилд энэ өдөр бурхан болоочийн газраа эргэдэг заншил байхгүй. Ханш нээх гэдэг нь Хан ши гэсэн хятад үг. Хятад улс мөн л арга, билгийн тоололтой. Хааны тооллынхоо үеэс  газар тариалангийн улирал эхэллээ гэдгийг сануулж, зан үйл хийдэг байж. Тэр үед тариаланчид нь газар тариалангийн нутагтаа очиж, өөрсдийн өвгөдийн газрыг эргэдэг байж. Энэ бол манай ёс биш юм. Энэ талаар зурхайч Л.Тэрбиш гуай болон бусад учир мэдэх хүмүүс тодорхой ярьсан байдаг.

Монголчуудын хувьд эцгийн газарт гурван жил очдоггүй гэх мэтээр бурхан болоочоо нутаглуулсан газарт очиход нарын учиртай байдаг. Дээр үеэс эцэг, эхийн газрыг ямар үед тахидаг байв гэж авч үзэхээр үр хүүхдийнх нь амьдрал ахуй нийтдээ доройтох зэрэг онцгой үед нутаглуулсан газрын ойролцоох гол горхи, булаг шанд, уул овоог аргадан тахидаг. Өөрөөр хэлбэл, шарил дээр очих бус байгаль дэлхийгээ аргаддаг гэсэн үг.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.230) 2020 оны 04 сарын 05

Тийм л байж таарна.

0  |  0
Top