Я.Буянжаргал: Эмчээрээ хоол зөөлгөж байгаа улс Монголоос өөр байхгүй

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.31/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3880 иргэнийг тусгаарлан, ажиглаж байна. Одоогийн байдлаар 2310 иргэн тусгаарлалтад байна. Эдгэрсэн хоёир иргэнийг тусгаарлах байр руу шилжүүлэн ажиглалтад авсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна" гэв.

Түүнчлэн "Тусгаарлах байранд байгаа иргэдээс өрөө жижиг байна, хоол амтгүй байна, нохойны хоол өглөө, өрөөндөө дасгал хиймээр байна, цэргийн төв эмнэлэг биш өөр эмнэлэгт тусгаарлагдмаар байна гэх мэт гомдол хэлж байна. Эмчийн өөдөөс вареньтай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уурлаж, уйлж байна. Хоорондоо хэрэлдэж, зодолдож байна. Үүнийгээ зогсоомоор байна. Корнавирус бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаж авч байгаа улс цөөхөн байгаа. Иргэдээ таван одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Монгол Улс үүнийг хийж чадаж байна. Амны хаалтаа зүүгээгүй байна гээд ташуурдаад, ороолгоод зүүлгэж байгаа улс орныг та бүхэн нийгмийн сүлжээгээр харж байна. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй шүү. Монгол иргэн эмчээрээ хоолоо зөөлгөөд, өөдөөс нь талх шидэж байна. Тусгаарлах байранд байгаа болон ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа эмч нар дэлхийн олон улс оронд урилгаар очдог, ДЭМБ-д зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцдог хүмүүс. Ийм хүмүүс үйлчилж байхад иргэд зан авираа татах хэрэгтэй. Хэн нэгнийг уурлаж, уйллаа гээд тусгаарлах хугацааг богиносгочихдог юм биш. Энэ бол ганц иргэнийг хамгаалахаас гадна Монгол Улсын бүх иргэнийг хамгаалж байгаа ажил. Дараагийн тусгай үүргийн онгоцонд суух гэж байгаа иргэд үүнийг бодож шийдвэрээ гаргах хэрэгтэй" гэв.

Түүний өгсөн мэдээллээс харахад тусгаарлах байранд байгаа зарим иргэдийн сахилга бат, ухамсрын асуудал эмч нарын толгойны өвчин болж байгаа бололтой. Тиймээс иргэдийг сэтгэл зүйн хувьд амгалан тайван байж, холбогдох байгууллагын өгч байгаа дүрэм, журмыг сахиж, эрүүл мэндийн салбарын ажилд хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.  

Top