ДЭМБ: АНУ-д нас баралт 100 мянгад хүрнэ гэсэн математик тооцоолол байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

 

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ,  ДЭМБ-аас коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. /2020.03.30/

Өнөөдрийн байдлаар дэлхийн 202 оронд халдвар бүртгэгдээд байна.  ОХУ-ын Эрхүү хотод коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас мэдээллээ.

ДЭМБ-ын  мэдээллээр дэлхийн хэмжээнд 713 021 хүн халдвар авч, 33 557 хүн нас барж, 146 629 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

АНУ-д халдварын тархалт 140 мянга давж, нас баралт 2400 болоод байна. АНУ-ын Харшил, халдварт өвчний хүрээлэнгийн захирал ард иргэдэд хандан мэдээлэл хийхдээ “Халдварын оргил үе хараахан болоогүй. Ирэх долоо хоногт оргилдоо хүрэх магадлалтай байна. Математик тооцооллын дагуу хэдэн сая хүн  халдвар авч, нас баралт 100 мянгад хүрнэ” гэсэн тооцоолол  хийснээ танилцуулжээ.

Итали улсад ням гарагт 756 нас баралт бүртгэгджээ. Дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл тогтоосон хөл хориог цаашид үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайд нь мэдэгдлээ. Хязгаарлалтын бүх арга хэмжээг зургаадугаар сар хүртэл үргэлжлүүлнэ гэж мэдээлсэн байна.

Испани улсад сүүлийн 24 цагийн байдлаар 838 нас баралт бүртгэгдсэн нь халдвар анх гарснаас хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Франц улсад халдварын шинэ тохиолдол 2600, нас баралт 292 бүртгэгджээ. Эмнэлэгт  19 мянган өвчтөн эмчлүүлж  байна. БНГУ-д халдвар авсан хүний тоо 24 цагт 4000-аар нэмэгджээ.

 

Top