Тэсрэлтэт технологийн эринд Роботтой түншлэх чадвартай хүн л үнэд орно

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Хүн төрөлхтөн 2015 оноос хөгжлийн шинэ шатанд хөл тавиад байна. Энэ бол Технологийн шинэ эрин, “Дижитал шилжилтийн үе”, “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал”. Түүнийг юу ч гэж нэрлэсэн бай бидэнд хамаагүй, гагцхүү түүний нөлөөгөөр тун ойрын ирээдүйд маш олон зүйл өөрчлөгдөх нь. Товчхондоо өнөөдөр хийж байгаа зарим ажлуудыг робот, программ хангамж, хиймэл оюун ухаан булаах болно. Тэр үед хүмүүс бид яах вэ? Үр хүүхдүүдээ тэр чанга цаг үед хэрхэн бэлтгэх вэ? Энэ талаар НҮБ, Төрийн албаны зөвлөл, МУИС-аас хамтран зохион байгуулдаг “UB impulse” олон нийтийн лекц, хэлэлцүүлгийн анхны монгол илтгэгч, профессор Ч.Ундрам ийн зөвлөж байна. 


Байгууллага, хувь хүн бүр ирж буй технологийн сорилтод бэлтгээрэй

Хүний бүтээсэн технологи өөрөө дараагийнхаа технологийг бүтээж, аливаа зүйл, үйл явцыг зарчмын хувьд өөрчилж байгааг гадаадын судлаачид “дисраптив технологи” гэж нэрлэж буй. Монгол хэлнээ “тэсрэлтэт” технологийн эрин үе” гэж хөрвүүлсэн. Үүний үр дүнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа зарчмын хувьд өөрчлөгдөж, түүнийг дагасан процесст оролцдог ажил үүргийн хуваарь өөрчлөгдөнө, ажлын байрны шинж чанар хувирна. Тэгэхээр бүх байгууллага, хувь хүнд технологийн сорилт ирж байна. Ийм үед Монгол Улс хүний нөөцөө бэлтгэх буюу боловсролын бодлогодоо яаралтай анхаарах шаардлагатай.

Шинэ ур чадварт суралцаарай

Энэ үеийн давуу тал нь бид технологийн тусламжтайгаар өмнө нь шийдвэрлэж чаддаггүй байсан зарим асуудлуудыг шийдэх боломж нэмэгдэнэ. Жишээ нь: өвчин, тахал гэх мэт хүн төрөлхтний амьдралд учирч байгаа янз бүрийн асуудлуудыг технологийн тусламжтайгаар шийдэх бололцоотой болж байна. Ойрын хугацаанд гарч болох сөрөг тал нь шинэ технологи зарим ажлын байрыг орлох, шинэ ур чадварыг шаардах тул цөөнгүй хүмүүс ажлын байраа алдана. Урьд нь хүмүүсийн хийдэг байсан ажлыг компьютер, роботууд хийдэг болно. Тиймээс роботын хийж чадахгүйг хийдэг, роботыг бүтээдэг, засдаг, роботтой хамтран ажиллах чадвартай хүмүүс цаашид ажлын байртай, амьдрах боломжтой.

Ур чадвартай хүний нөө­цийг бодлогоор бэлтгэх шаардлагатай 

Монгол Улсын хувьд, зарим салбар цаг үетэйгээ зохицон шинэчлэгдэж эхэлсэн. Жишээ нь финтек буюу технологид суурилсан санхүүгийн салбар байна. Программ, аппликэйшнээр дамжуулаад зээл олгох, даатгалд хамруулах зэрэг үйлчилгээ нэвтрүүллээ. Мөн iHotel зэрэг технологид суурилсан үйлчилгээнүүд гарч эхэлсэн байна. Бусад салбарт шинэ технологийг ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чадамжтай, бэлтгэгдсэн хүн маш цөөн байна. Тиймээс нийт ард иргэдээ шинэ эрин үед бэлтгэхийн тулд бид боловсролын салбартаа анхаарах ёстой. Энэ эрин үед шинэ технологийг бүтээдэг, ажлын байран дээр ашиглах чадвартай жишээлбэл биг дата шинжилгээ хийдэг гэх мэтчилэн ажиллах чадвартай хүмүүс ажилтай байна. Нөгөө талд олон ажлын байрыг технологи орлоно. Жишээлбэл жолоочгүй машин бүтээчихлээ. Тун удахгүй нягтлан бодогч нар шаардлагагүй болно гэсэн таамаглал байгаа. Тиймээс ажлын байраа алдаж байгаа хүмүүсийг дахин сургах, мэргэжлийг нь зах зээлд нийцүүлэн хөрвүүлэх, ирээдүйн хүний нөөцөө ямар хөтөлбөрөөр хэрхэн бэлдэх зэрэг нь төрийн хувьд анхаарах ёстой асуудал юм. 

Монголын их, дээд сургуу­лиуд хурдтай өөрчлөгдөх үе ирлээ

Ер нь манай их, дээд сургуулиуд, тэр дундаа МУИС сүүлийн жилүүдэд олон шинэчлэл хийсэн. Бүтцийн хувьд ч, хөтөлбөр, агуулгын хувьд ч. Багш, профессорууддаа тавьдаг шаардлага ч  чангарсан, тэдэнд өгдөг дэмжлэг ч сайжирсан. Гэхдээ бид цаашид тасралтгүй сайжруулалтыг хийх шаардлагатай. Өнөөдөр гадаад орчин маш хурдтай өөрчлөгдөж байна. Технологиуд маш хурдтай шинээр бий болж байна. Тэгэхээр МУИС-ийг, Монголын их, дээд сургуулиудыг төгсөж байгаа залуус өнөөдөр тавьж байгаа шаардлагаас гадна маргаашийн шаардлагуудыг хангадаг байх ёстой. Төгсөгчдөө их өгөгдлийн шинжилгээ хийж, ажилд мэргэжилдээ ашиглах чадвартай болгох, интернэтийн код бичүүлж сургах, түүний тулд сургалтын хөтөлбөрөө өөрчлөх гэх мэтээр илүү хурдтай шинэчлэх шаардлага бидэнд байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top