Ахиад л МАНАН дундаа төөрөх цаг айсуй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Дэлхий дахинаа тархаж буй аюулт өвчнөөс үүдэлтэйгээр нийгэм, улс төр тэр чигээрээ нам жим байна. Гэхдээ хөшигний цаана улс төр өрнөж байгаа нь ойлгомжтой. Тэр тусмаа сонгуулийн жил шүү дээ. Үнэнийг хэлэхэд ах намынханд энэ байдал таалагдаж байгаа нь илт. Учир нь өөрт байгаа нөөц рейтингээ хадгалах сонирхол байгаа болов уу гэсэн хардалт хаа хаанаа бий. Харин Ардчилсан намын хувьд “Боож үхэхэд бор шидмэс л дутна” гэдэг болж байх шиг. Арга ч үгүй, өвчин зовлон гээгүй бол өдийд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой жагсаал цуглаан, хараал ерөөл урсгаж байх ёстой өдрүүдийг ийнхүү корона хэмээх нуувчинд аваачаад хийчихсэн. Бусад жижгүүд ч адилхан тарчилж байна. 

Тэд ядахад олны танил биш, боломж гарвал олны өмнө гарах сонирхол байгаа ч аанай л нуувчинд орчихсон. Олон жил тогтвортой ажиллаж ирсэн мэргэжлийн гэж болох судалгааны байгууллагуудын дүн ч нуувчинд орчихсон гэж болохоор.

Учир нь өнөөдөр тэдний дүн ерөөсөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар гэсэн гурван нөхрийн талд гарч байна. Өөр ч арга алга. Аюулт өвчин заналхийлж байгаа ч төр ажлаа явуулах учиртай. Тиймээс энэ эрхэм гурван нөхрөөс өөр ард түмэнд харагдаж үзэгдэж байгаа хүн алга. Эрх биш Засгийн газар нэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа учраас олны өмнө гарч байна. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж байгаа сайдууд бас азтай. Түүнээс нэг сул гишүүн байсан бол тэд нийгэмд харагдаж чадахгүй ийм нөхцөлд байгаа юм.

 Нийт судалгааны төвүүдийн дүнгээс тандахад рейтинг өндөртэй улс төрийн нам алга. Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн 30 орчим намаас эрх баригчид олж авсан рейтингээ хадгалж байгаагаас өөр юу ч  алга. Гэхдээ сонгуулийн өнгө ерөнхийдөө харагдаж байна. Тодотговол, улс төрийн намуудын үйл ажиллагаа, явуулж байгаа нөхцөл байдал, улстөрчдийн хандлага, нийгмийн байдал, судалгааны байгууллагуудын дүн гээд олон талаас нь нэгтгэн харвал айсуй сонгууль ялагчгүй байж мэднэ. Ялсан ч Засгийн газраа эмхлэн бүрдүүлэх хэмжээний саналыг аль нэг намд өгөхгүй нь тодорхой харагдана. Аль ч улс төрийн нам 39-өөс дээш суудал авч байж сая Засгийн газраа дангаараа бүрдүүлэх эрх нь нээгдэнэ. 

Тэгвэл хөшигний цаана рейтингээ хадгалахыг зорьж байгаа улс төрийн ууган хүчний рейтингийг судалгаанаас харахад дөнгөж 24 хувьтай байгаа аж. Ардчилсан намын рейтинг ч 20 орчим хувьтай байгаа бол гуравдагчдын орон зайд байгаа МАХН-ын нэгдэл 13, ШИНЭН-ын нэгдэл 11 гэх зэргээр явж байгаа нь үүнийг илтгэнэ. 

МАН-ын хувьд олонхийн хүч түрэн сонгуулийн системийг томсгосон мажоритариар явуулахаар болсон. Тэд 2016 онд олонхи болсон даруйд ОУВС-гийн хөтөлбөрийг оруулж ирсэн. Тийм дээ ч эдийн засгийн байдлыг ч арай дээр гаргаж ирсэн байх. Гэхдээ ОУВС-гаас  тогтоосон санхүүгийн хорио цээрийн дэглэмийг ч үл тоон, үрэлгэн төсөв баталсан нь сонгуулийн үеэр аймаг бүхэнд өрнөх сонгуулийн дайнд хамаг хүчээ хаяхаар шийдсэн хэрэг. Сүүлийн 30 жил ийм л улс төр хийж ирснийг нуух юун. Мажоритар системээр хоёр гол улс төрийн хүчин ойролцоо суудал авч, хамтарсан Засгийн газар байгуулдаг 2004, 2008, 2012 оны нөхцөл байдал биднийг тосож уулзана. Энэ тохиолдолд рейтинг нь 10 гаруй хувьтай байгаа  Н.Энхбаярын МАХН болон бууриа засаад удаагүй ШИНЭН,  ХҮН-ын өмнө боломж нээгдэх нь ойлгомжтой харагдана. Тэгэхээр эдгээр намуудаас арай олон суудал авсан намаа засагт урих нь ойлгомжтой. Энэ бүх зүйл юуг өгүүлж байна вэ гэвэл МАНАН үүсэх боломж харагдаж байна гэсэн үг. 

Сонгууль дөхөх тусам улс төрийн намын дарга нар өөрсдийнхөө рейтингийг өсгөх оролдлого хийж байгаа ч нэгэнт буй болсон рейтингийг эвдэх тийм ч амар байхгүй бололтой. Тэр тусмаа улс төрийн ууган хүчинд суудал авах өндөр магадлал бүхий нөхдөд мандат олгохгүй гэсэн бор шувууд тойрог бүрээс л нисэн ирж байгаа нь том аюул. Улс төрийн ороо бусгаа энэ цагт нэр дэвшигчдийг бүлэг фракцаар ангилах, улс төрийн өнцгөөр харах, хувийн үзэл бодлоос үүдэн мандат олгох юм бол улс төрийн нам бүр л сүйрнэ.

Нөгөө талд эх сурвалжийн хэлж байгаагаар МАН-аас ахиад суудал авах хамгийн шаанстай нөхдөд мандат өгөхгүй байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Хэрвээ ингээд улс төрийн нөхцөл байдал, намын дотоод асуудлаас болж, ялалт байгуулах магадлалтай хүмүүсээ мандатгүй үлдээгээд байвал намын дарга тэсрэх бөмбөг нэмж халааслаад байна гэсэн үг. Тэд нэгэнт олон жил усалсан тойрогтоо бие даагаад ч болтугай ямар нэгэн аргаар нэрээ дэвшүүлж таарна. Намаас гэх юм бол угшил нэгтэй МАХН хамгийн ойр байна, Н.Энхбаяр алгаа дэлгээд л угтана. Ялдаггүй юм гэхэд МАН-аас нэр дэвшигчийн саналыг баттай хуваана. Ийм нөхцөлд тэднийг ялагдал тосож уулзана уу гэхээс өөр юу ч байхгүй. АН, АН-ын дарга С.Эрдэнийн хувьд бол ойлгомжтой. Намын дарга болсноос хойш уруудсан хүн. Хөдөө орон нутгаас суудал чирэх магадлал бүхий хэдэн нөхөд намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн бол хамгийн найдвартай хоёр суудал болох Ж.Батзандан, Л.Болд нар өрх тусгаарлаад авсан. Мөн Н.Алтанхуяг ч арга ядсан үед нэг суудал гэж найдах хамгийн боломжит дүр. Гэтэл тэр С.Эрдэнэ экс даргатайгаа огт ойлголцоогүй. Н.Алтанхуяг бол яагаад ч Ц.Туваан мэттэй зүйрлэх дүр биш. Энэ тухайд олныг нурших нь илүүц хэрэг. Ерөөсөө АН-д найдлага тавихад тун хүнд. 

Гуравдагчдын орон зайд ихээхэн найдлага тавьж байгаа МАХН даргаасаа эхлээд асуудалтай байна. Н.Энхбаярын хувьд авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байсан нөхдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн хууль баталсан нь яах аргагүй гацаанд хийчихлээ. Одоогийн байдлаар уг асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгөөд байгаа ч шийдэлд хүрээгүй. Анзаарч харвал Үндсэн хуулийн цэц аливаа асуудлыг хурдан шийдэж байгаа ч энэ асуудлыг хойш тавьж байгаа нь шийдвэр гаргахаас илт халгаж байгааг харуулна. Урьд өмнө яг энэ төрлийн заалтыг Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн хэмээн буцааж байсан удаатай. Тэгэхээр Н.Энхбаяр энэ байдалтайгаа зууралдсаар сонгуульд орох нь тодорхой. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын нөхөд түүний эсрэг явж байгаа. 

Хэдийгээр О.Баасанхүү өөр намаас нэрээ дэвшүүлэх нь тодорхой болсон ч Н.Энхбаярт хэрхэн хариу барихаа мэдэж байгаа. О.Баасанхүү Н.Энхбаяр шиг олон дэмжигч үгүй ч хорлохыг л бодно. МАХН-ыг дунд нь салган Их хурал зохион байгуулж байсан нөхөрт тодорхой хэмжээний орон зай үлдсэн байж таарна. Энэ мэт нь түүнд гай болно уу гэхээс гавьяа болохгүй.

Намуудын судалгааны дүн ирсэн ч нууцалж байна


Жижиг, том намууд тойргуудад судалгааны баг гаргаж, бүхий л намуудын судалгааны дүн гарсан ч нууцалж байгааг баттай эх сурвалж хэлсэн.  Таамаглахад нэг талаараа нэр дэвшигчдийн хувь заяа судалгааны багийн гарт байна. Намын даргын дээр дурдсан ангилал, судалгааны багийн дүн нь нийлж болох ч бодит байдал дээр байнга л зөрүүтэй явж ирсэн төдийгүй ялагдал авчирч байсан түүх цөөнгүй бий.  Үүнийг анзаарч харж байгаа учраас нууцалж байгаа болов уу. 

Намын санхүүжилт авсан судалгааны баг янз бүрээр л ажилладаг. Хамгийн харамсалтай нь гол төлөв үүрэг өгсөн намын дарга нарт таалагдах дүн танилцуулах хэрэг гардаг тал бий. Мэдээжийн хэрэг чадах чадахгүй олон судалгааны баг бүрдэж, намуудаас ажил олж авах гэж тэмцэл өрнүүлнэ. Тэр тусмаа мөнгөтэй намаас ажил олж авахыг хичээнэ. Манай нөхцөлд энэ мэт зовлон бий. Нөгөө талаар судалгааны баг маань ямар цэгт хэрхэн ажиллав гэдэг ч өөрөө ихээхэн эргэлзээтэй. 

Уг нь улстөрчид, улс төрийн намууд эртнээс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах нь хамгийн бодит судалгаа болох учиртай, тэр тусмаа сонинуудтай. Сэтгүүлчид бол яах аргагүй өнөөдөр гаргасан зүйлдээ маргааш нь хариуцлага хүлээдэг хүмүүс. Тэд нийгмийн хаана ямар цэг байдгийг хэнээр ч заалгахгүй. Судалгаанд оролцсон сонгогчдын нэр ус, албан тушаал зураг хөрөг гээд бүхий л зүйл сонины нүүрэн дээр бодитоор гаргахаас өөр аргагүй. Редакциас ч ийм шаардлага тавина. Хөдөлшгүй баримт бол энэ, хаашаа ч булзахгүй үнэн бол энэ юм. Нөгөө талаар тэр судалгаа сонины хуудсан дээр зураг хөрөгтэйгөө үлдэж хүн бүхэн дамжуулан уншина гээд олон давуу талтай. Түүнээс судалгааны баг бол цаасан дээр хэнийх нь мэдэхгүй гарын үсэг цуглуулаад түүнийгээ нэгтгээд танилцуулж байгаа ямар ч баримтгүй зүйл. Энэ бүх зүйлээс харахад айсуй сонгуулийн үр дүн МАНАН дунд төөрүүлэх л болж байх шиг.

Ерөөсөө олон намаас бүрдсэн парламент бүрдэх шинж байгааг ажиглагч судлаачид ч сануулаад байгаа. 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
su ah(202.179.24.122) 2020 оны 03 сарын 20

Naad bichver shig yum chini harin manan bna daa.\nMongolchuud koronavirusiin esreg zogsoj chadsan shigee MAHAH giin esreg sanalaa ugch niigmee eruuljuuleheer ergelt bucaltgui shiidsen gedgiig duulgachihaya

0  |  0
НАЕМНИК(66.181.168.131) 2020 оны 03 сарын 20

Uaaaaashshashshashaa.damn

0  |  0
Kkk(24.19.4.149) 2020 оны 03 сарын 20

Orkuudaa shine namiig demjij ork nerneesee saliya bugdeeree!!

0  |  0
Top