Ш.Оргил: ОХУ-аас ирсэн автомашин бүрт ариутгал хийж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 07

Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдөр /2020.03.07/  12:00 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Засаг дарга Ш.Оргил "Алтанбулаг боомтоор 238 тээврийн хэрэгслээр 490 Монгол, 62 гадаад нийт 552 зорчигч орж ирсэн. 552 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад сэжигтэй тохиолдол илрээгүй. Алтанбулаг боомтоор 243 тээврийн хэрэгслээр 454 Монгол, 70 гадаад нийт 524 зорчигч гарсан байна. Сүхбаатар боомтоор 306 дугаар галт тэрэг 30 зорчигчтойгоор өчигдөр 22 цаг 30 минутад Сүхбаатар өртөөн дээр орж ирсэн. Үүнээс Монгол 12, гадаад улсын 18 иргэн байсан бөгөөд зорчигчдын халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн Япон улсаас дамжин орж ирсэн Монгол Улсын нэг иргэн байсан тул ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгөөд байна. Сүхбаатар боомтоор 05 дугаар галт тэрэг Монгол 40, гадаадын 7 зорчигчтойгоор гарах чиглэлд явлаа. Эрүүл мэндийн асуудалтай зорчигч илрээгүй.  

Алтанбулаг-Улаанбаатар чиглэлийн авто замын Шаамар сумын Дулаанхааны дөрвөн зам, Баянгол, Сайхан сумдын хяналтын цэгээр гуравдугаар сарын 07-ны өдрийн 08 цагийн байдлаар гарах чиглэлд 158 тээврийн хэрэгсэл, 514 зорчигч, орох чиглэлд 84 тээврийн хэрэгсэл 278 зорчигч нэвтэрч, нийт 346 зорчигчдод асуумжийн хуудас олгож, бүртгэл хөтлөн нэвтрүүлээд байна.

Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пунктээр гуравдугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 118, суудлын 33, автобус 11, нийт 162 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 295 зорчигчдод зөвлөмж өгөөд байна" гэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.251) 2020 оны 03 сарын 07

Орост байдал хүндэрч эхэлсэн шүү. Анхаарал болгоомжоо эрс дээшлүүлээрэй Сэлэнгэ аймаг!!!

1  |  0
Top