СЭЛЭНГЭ: УОК, Засгийн Газрын шийдвэрийг мөрдөж ажиллахыг бүх шатны байгууллагуудад үүрэг болголоо

2020 оны 11 сарын 12

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Ш.ОРГИЛ: БИД ТӨРИЙНХӨӨ ШИЙДВЭРИЙГ ДАГАЖ МӨРДӨН, ЭВ ЭЕТЭЙ, ДЭГ ЖУРАМТАЙ, НЭГДМЭЛ НЭГ БАЙЖ ЧАДСАНААРАА ЭНЭ ЭРСДЛИЙГ ДАВАН ГАРАХ БОЛНО

 

Аймгийн Онцгой комиссын ээлжит хурал болж, Улсын Онцгой комисс, .УОК болон Засгийн газраас нэгдсэн мэдээлэл өгч, 5 хоногийн хугацаанд хөл хорионы хатуу дэглэм тогтоосныг албан ёсоор зарласан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, Монгол Улсын эрдэмтэн мэргэд, салбар салбарын мэргэжилтнүүдийн зөвлөмжийг үндэслээд гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн 06 цагаас 11-р сарын 17-ны өдрийн 06 цаг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжихийн дараагийн арга хэмжээ нь онц байдал юм. Тэгэхээр маргааш өглөө /2020.11.12/ 06 цагаас эхлээд хоёрдугаар зэрэглэл рүү Улс орон даяараа орж байна. Өөрөөр хэлбэл 5 өдрийн хугацаатай ХАТУУ хөл хорионы дэглэмд шилжиж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нь Монголд анх удаагаа авагдаж байгаа арга хэмжээ юм. Энэ хүрээнд дараах байгууллагууд хэвийн ажиллана. Үүнд:

-хүнсний хангамж хэвийн явах ёстой учир хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээх станц, хүнсний үйлдвэр, нефть хангамжийн байгууллагууд, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станц, түлш, дулаан хангамж, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнс тээврийн хөдөлгөөнүүдэд хязгаарлалт хийхгүй. Бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хязгаарлалт хийхээр боллоо.

0-12 настай хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн байна.

Төрийн байгууллагуудад ковидтой холбоотой цөөн тооны хүмүүс ажиллана. Бүх салбарт гамшгаас хамгаалах улсын алба байдаг. Тэр албанд хэн ажиллах нэрс өнөөдөр орой гарч байгаа учир тэр хүмүүс ажиллаж бусад нь гэртээ байна.

Банк санхүүгийн байгууллагын хувьд тодорхой хязгаарлалттайгаар ажиллах зохицуулалтыг хийх бол хувийн хэвшлийн байгууллагуудыг гэрээсээ онлайн хэлбэрээр ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөхийг уриалжээ.

Манай Улс өнөөдрийг хүртэл зөөвөрлөгдөн орж ирсэн улсуудын тоонд байсан бол өнөөдрөөс эхлээд дотооддоо алдсан улсуудын тоонд ороод байна. Коронавирусийн батлагдсан тохиолдлын ойрын хавьталыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр 24-48 цагийн дотор олж тогтоох ёстой. Ингээд 24-48 цагийн хугацаанд ажиллаад одоогийн байдлаар 73 ойрын хавьталыг илрүүлээд байна. Ойрын хавьтал гэдэг нь лаборторын батлагдсан тохиолдолтой 1,5 -2 метрээс дотогш зайд хамгаалах маскгүй уулзаж, харилцсан, 15 минутаас дээш хугацаагаар уулзсан байвал тэр хүнийг ойрын хавьтал гэж үздэг байна. Дээрх 73 хүнийг эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд тусгаарласан байна. Эдгээр хүмүүсээс гадна үзвэр үйлчилгээ гээд дам хавьталаар 2000 гаруй хүн байна. Энэ хүмүүсийн байршлыг тогтоох ажил одоогоор хийгдэж байна. Үүний дараа шинжилгээ өгөх ажлыг хийх юм байна. Эдгээр хүмүүсийн шинжилгээ сөрөг гарна гэдгийг одоогоор хэлэх эрт байгаа учраас дор бүрнээ анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй байна. Улсын хэмжээнд хэд хэдэн аймаг руу хавьталд орсон хүмүүс нэвтэрсэн тохиолдол байгаа учраас тухай бүрт нь арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: ”Бид Улсын Онцгой комиссын энэхүү шийдвэрийг хатуу чанд дагаж мөрдөнө. Хамтдаа энэ вирусын эрсдлийг даван гарах болно. Ард иргэд дэлгүүр хоршоо явахдаа л гэрээсээ гар. Өөрийгөө, гэр бүлээ, хайртай бүхнээ хамгаалах онц чухал шаардлага тулж ирсэн гэдгийг хэн бүхэн дор бүрнээ ойлгож ухамсарлах хэрэгтэй. Та эрүүл байж чадсанаар таны эргэн тойрны хүмүүс эрүүл байж, ажил амьдралаа авч явах болно. Одоо хий дэмий сэлгүүцдэг, айл айл дамжин хэсэж, амралтын байдалтай байх үе биш гэдгийг онцгойлон анхаарах хэрэгтэй. Хаа хаанаа хариуцлагатай, дэг журамтай байхыг хатуу анхааруулъя. Бид төрийнхөө шийдвэрийг дагаж мөрдөн, эв эетэй, дэг журамтай, нэгдмэл нэг байж чадсанаараа энэ эрсдлийг даван гарах болно” гэдгийг тодотгон тэмдэглэж хэллээ.

Тиймээс онцын шаардлагагүй тохиолдолд ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос ОНЦГОЙЛОН анхаарууллаа.

Top