ХӨНДӨХ СЭДЭВ: Төр “Капитал”-аас мөнгөө олж авна гэж найдалтгүй юм байна

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

-ЭРГЭЛЗЭЭ ҮҮСГЭСЭН ХОЁР БАНКНЫ НЭРИЙГ ЗАРЛАЖ, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДЭД ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖ ОЛГОХ ЁСТОЙ-

Монголд дархлагдсан, хэр баргийн асуудлын ард аргалаад, эсвэл хуулийн цоорхой ашиглаад гарчихдаг арилжааны банкууд гэж байна. Тэд эхнээсээ дампуурч эхэлсэн бол одоо ч үлгэн салган үйл ажиллагаа явуулж байгаа хэд бий. Ийм банкууд салбартаа жижигт тооцогдож, эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулдаггүй ч хэн нэгэн улстөрчийн дэмжлэгээр татвар төлөгчдийн мөнгийг эргэлдүүлэн амь зууж ирсэн нь нэгэнт ил болсон зүйл. Хамгийн хортой нь системийнхээ шүдний өвчин болсон банкууд салбарынхаа шинэчлэлд саад болж буй явдал юм.     

Банкуудын хувьд системдээ ач холбогдолтой, ач холбогдолгүй гэх ойлголт бий. Системд томоохон байр суурь эзэлж буй банк хүндрэлд орвол нийт системээ араасаа дагуулах эрсдэлтэй. Жишээлбэл, системийн нийт хөрөнгийн 20 хувийг төвлөрүүлсэн банканд хүндрэл үүсвэл, үлдсэн 80 хувьд хүчтэй нөлөө үзүүлнэ. Тиймээс системийн хувьд ач холбогдолтой томоохон банкуудыг ангилж, илүү өндөр хяналт тавьж үйл ажиллагааг нь хянах шаардлагатай болж байгаа юм. Энэ бол зөвхөн Монголд баримталж буй бодлого биш. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр үүссэн асуудлуудын нэг нь энэ. Тухайн үед ач холбогдолтой банкууд системдээ том хувь эзэлдэг, мөн нэг нь нөгөөгөөсөө маш их хамааралтай болчихсон байсан. Улмаар нэг банк нь хүндрэхэд системийн хэмжээний эрсдэл үүссэн. Энэ бол дэлхийн санхүүгийн хямралаас авсан том сургамж. Монголд түүнээс өмнө сис­темийн ач холбогдолтой, ач холбогдол багатай банк гэх ойлголт байгаагүй аж. Монголбанкны тодор­хойлсноор банкны системд нөлөө бүхий банкуудад ХААН, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн зургаан банк багтаж байна. Эдгээр банк нь системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж буй. Түүнчлэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс банкуудыг дотор нь том-3, дунд-3 болон бусад банк гэж ангилан авч үзсэн байдаг. Таван их наяд төгрөгөөс дээш активтай бол том, 1-5 их наядын активтай бол дунд ангилалд оруулж байгаа. Нэг их наяд төгрөгөөс бага активтай банкуудыг системийн бус гэж үздэг. Одоогоор систем хамгийн их нөлөөтэй гурван том банкаар Худалдаа хөгжил, ХААН, Голомт тооцогдож байна. Тэгвэл 1-5 их наядын автивтай буюу дунд ангилалд Хас, Төрийн банк Улаанбаатар хотын банкууд багтдаг бөгөөд Чингис хаан, Капитрон, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ариг, Богд, Кредит, Тээвэр хөгжлийн банкуудыг системийн бус банк гэж үзэж байгаа. Тэгвэл системийн бус банкуудын хувьд муу мэдээ ар араасаа дагуулсаар байна.

“Капитал”-ыг татан буусгаснаар арилжааны 13 банк үйл ажиллагаа явуулах болсон. Саяхан “Ариг” банкны байдал бишдэж, удирдлагыг нь Монголбанкны хүчээр атгалаа. Дээр нь нэмээд хоёр ч банкны асуудал активын чанарын үнэлгээг дахин нягтлахад гарч ирсэн талаар мэдээлэл байна. Ерөнхийдөө хоёр ч жижиг банкны өөрийн хөрөнгө нь эргэлзээтэй болж, эрсдэлийн санг нь нэмэгдүүлсэн гэдэг л ойлгомжтой болоод байгаа. Тиймээс эрх баригчид эргэлзээ үүсгэсэн хоёр банкны нэрийг зарлаж, хадгаламж эзэмшигчдэд боломж олгох ёстой. Үгүй бол “Капитал”-ын түүх давтагдах магадлалтай болсон гэдгийг сал­барынхан шивэр авир ярилцаж байгаа нь нууц биш болж. Банкны салбар эрүүл мэндээ тодорхойлдог маш тодорхой үзүүлэлтүүдтэй. Гэтэл “Капитал” банк сүүлийн жил гаруй хугацаанд санхүүгийн мэдээллээ их тод тайлагнахаа больчихсон. Тэгэхээр олон нийт, ялангуяа тус банканд мөнгөө хадгалуулсан иргэд мэдээлэлгүй болсны улмаас хохирсон. Хэрэв хууль журмын дагуу санхүүгийн тайлангаа ил тод гаргаад явсан бол тухайн банкны байдал аль эрт ил болох боломж байсан юм. Нөгөө талаар энэ удаагийн банкны дампуурал урд өмнө нь дампуурч байсан банкуудтай харьцуулахад, маш том дархлааны систем нэвтрүүлсний дараа болсон гэдгээрээ онцлогтой. Өмнө Анод, Зоос, Хадгаламж банк дампуурахад төсвөөс 400 гаруй тэрбум төгрөг гарсан. Татвар төлөгч­дийн мөнгө гэсэн үг. Харин энэ удаад Хадгаламжийн даатгалын корпорац ажиллаж, харилцах, хадга­ламж эзэмшигчдийн хохирлыг төлж, барагдуулах гэж байгаа юм.

Татан буугдсан “Капитал” банкны хадгаламжийн 99.5 хувь даатгагдсан бөгөөд хадгаламж эзэмшигчид одоо ХААН банкаар дамжуулж мөнгөө буцааж авч болж байна. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгө буюу төр хөрөнгөө эргүүлэн олж авч чадаагүйг дахин, дахин сануулахад илүүдэхгүй биз. Уг нь ОУВС-гийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын стандартын дагуу банкны салбарт шалгалт хийснээр шинэчлэл эхлүүл­­­сэн гэж үздэг. Арилжааны банкуудын булхайг ил болгосон активын чанарын үнэлгээгээр 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал гарахад, зарим банкны эзэн энэ үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм. Зөвшөөрөөгүй нөхөд эхнээсээ банкныхаа хаалгыг барьж эхэлсэн. Өнгөрсөн онд Монголбанкнаас хүчээр татан буулгасан “Капитал”-аар жишээлэхэд, эзэд нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд нэг ч алхам хийгээгүй бөгөөд эцэстээ төр буюу татвар төлөгчид хамгийн том хохирогч болж таарсан юм. Төрийн 29 байгууллагын 374.9 тэрбум төгрөгийг залгиад сууж байгаа. Эдгээрээс том дүнтэй мөнгө хадгалуулсан байгууллагуудыг нэрлэхэд, Эрүү мэндийн даатгалын ерөнхий газар 136.1 тэрбум, Нийгмийн даатгалын ерөнхий газар 104.1, Хөгжлийн банк 56.4, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 42.9, Сангийн яам 16.8, анагаахын сургууль 4.1, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар 3.9, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 3.1, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 1.9, Татварын ерөнхий газар 1.5 тэрбум, "Эрдэнэт" үйлдвэр 154.7 саяын авлагатай хоцорсон. Харин “Капитал” банкны эзэн гэр бүлийнхэн ямар ч хариуцлага хүлээгээгүйн дээр Төрийн ордонд байр сууриа хадгалан суугаа. Ер нь л төр мөнгөө олж авна гэж найдалтгүй үйл явц өрнөж байна.

Нэгдүгээрт, “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболдод банкны дампууралтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэснээр бүх хөрөнгийг нь хуулийнхан битүүмжлэн, төрийн хамгаалалтад  аваад буй. Авсан зээлээ төлдөггүй компаниудын хувьцааг “Капитал” банк өрөндөө суутган авсаар нийт найман охин компанитай болжээ. Эдгээр компанитай үүсгэсэн зээлийн харилцааг хууль бус үйлдэл гэж үзэн прокуророос 220 орчим үл хөдлөх хөрөнгө, газрыг битүүмжилжээ. Нийт өртөг нь 200 орчим тэрбум төгрөг хэмжигдэж буй хөрөнгийг борлуулсан тохиолдолд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах боломж бүрдэх аж. Өөрөөр хэлбэл, төр мөнгөө олж авах боломжтой болно гэсэн үг. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас үүссэн энэ нөхцөл байдлыг залруулахаар Хяналтын прокурорт ханджээ. Гэтэл хяналтын прокурорын дээд шатны удирдлагууд эрүүгийн хэргийг шийдтэл битүүмжлэх нь зөв гэсэн байна. Үүнээс үүдэн хэрэг шүүхийн олон шат дамжин эцэслэн шийдэгдэх хүртэл он цаг хугацаанд төр мөнгөө олж авахааргүй харагдаж байгаа.

Хоёрдугаарт, “Капитал”-ын томоохон зээлдэгчид өнөө хэр нь олдоогүй. Одоогоор 211 тэрбум төгрөгийн зээлийн багцтай байгаагийн  192 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 90 хувь нь чанаргүйджээ. Тус банкнаас их хэмжээний зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгааг Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагч хэлсэн. Өнгөрсөн хуга­цаанд “Капитал” банкны томоохон зээлдэгчдийг олон нийтийн төдийгүй улстөрчид хүртэл эрх хүлээн авагчаас шаарджээ. Томоохон зээлдэгчдийг зарлах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд муугаар нөлөөлж болзошгүй учраас өнгөрсөн хугацаанд нууцалсан. Зээлээ төлдөггүй нөхдийн толгойг илсэн энэ байдал цаашид үргэлжлэхгүй бөгөөд гуравдугаар сарын 31 гэхэд  зээлээ эргүүлэн төлж эхлэхгүй бол том зээлдэгчдийн жагсаалтыг олон нийтэд ил болгох аж. Мөн шүүхийн шатанд он цаг элээх энэ үйл явц үндсэндээ 10 жил ч үргэлжлэх магадлалтай. Зээл барагдуулахтай холбоотойгоор эрх хүлээн авагчийн зүгээс 65 зээлдэгчээс 94 тэрбум төгрөг нэхэмжлэх шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Зургаан зээлдэгчийг эрэн сурвалжлах захирамж гаргуулсан байна. Гэхдээ бас нэг муу мэдээ байгаа нь  “Капитал” банк бүх зээлийг төлүүлж, өглөгийг барагдуулсан ч 205 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нь нэгэнт тодорхой болжээ. Энэ мэт банк дампуурахад, хадгаламж эзэмшигчид хохирсон маргаан олон жилийн турш үргэлжилдэг хуультай. Тэртээ 10 гаруй жилийн өмнө дампуурсан банкны хохирогчид ч хохирлоо бараг­дуулж чадалгүй өнөөдөртэй золгосон тохиолдол цөөнгүй. Үүнийг Монгол Улсын дампуурлын хууль үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбон тайлбарладаг. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаанд дурдсанаар хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага Монгол Улсад төлбөрийн чадваргүй байдал түүнтэй холбогдох эрх зүйн зөрчил гаргасан холбогдох этгээ­дэд оногдуулах хариуцлагын хэмжээ судлагдсан орнуудтай харьцуулахад сул байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top