Сансраас 16 хоног тутам нууцлаг дохио ирж буйг эрдэмтэд илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Сансрын уудмаас нууцлаг радио дохио ирэх тохиолдол багагүй гардаг хэдий ч эрдэмтэд дэлхийгээс хагас тэрбум гэрлийн жилийн зайнаас нэг л эх үүсвэрээс ирж буй радио дохиог анх удаа тогтоожээ. Энэ бол хэдхэн миллисекунд үргэлжилдэг радио давтамжийн зурвас дахь маш хүчтэй радио цацрагийн туяа юм. Хэдийгээр эдгээр нь маш богино хугацаанд “амьдардаг” ч олон зуун сая нартай тэнцэх эрчим хүчийг ялгаруулах чадвартай аж.

Ийм дохиг өнөөг хүртэл цорын ганц удаа цацарч, дахин давтагддаггүй гэж үздэг байжээ. Эрдэмтдийн илрүүлсэн 150 гаруй радио цацрагаас зөвхөн арав нь л давтамжтай байсан аж. Тиймээс эрдэмтдэд эдгээр дохионы эх үүсвэрийг илрүүлэх боломж цөөн тохиож байжээ.

FRB 180916.J0158+65 гэж нэрлэгдэж буй энэхүү нууцлаг радио дохио тодорхой давтамжтай болохыг эрдэмтэд тогтоожээ. Одон орон судлаачдын судалснаар, дөрвөн хоногийн турш үл мэдэгдэх эх үүсвэр цаг тутам нэгээс хоёр цацраг ялгаруулж дараагийн 12 хоног намждаг бөгөөд давтагдсан дохио нь эхнийхээсээ сул байдаг аж. 12 хоногийн дараа дахин давтагддаг гэнэ. Дунджаар 16.35 хоног тутам энэ үзэгдэл давтагддаг байна. Канадын одон орон судлалын төвд 409 хоногийн турш явуулсан ажиглалтын үр дүнд энэ давтамжийг тогтоож чаджээ. Эрдэмтэд энэ дохио манай дэлхийгээс 500 сая гэрлийн жилийн зайд буюу одод үүсдэг мандал дахь эх үүсвэрээс гаралтай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ объект хэт том хэмжээний хар нүх биш гэдэгт итгэлтэй байгаа ч одны хэмжээний хар нүх байхыг үгүйсгэхгүй байна. Тогтмол давтамжтай эл мөчлөгийг зэргэлдээх ямар нэгэн объектын таталцах хүчний нөлөөгөөр тайлбарлах боломжтой гэнэ. Өөр нэгэн хувилбар ёсоор, радио цацрагийн дохио хар нүхний хүчний нөлөөн дор тодорхой хугацаанд хаагдаж байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top