Их Британи өнөөдөр түүхийн шинэ хуудас нээнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

2016 онд Их Британи 47 жилийн дараа Европын Холбооноос гарах сонголт хийв. Өнөөдөр /2020.01.31/ Гринвичийн цагаар 23.00 цагт /УБ: бямба гарагийн 07.00/ гурван ерөнхий сайд, хоёр сонгуулийн нүүрийг үзэж, бартаат замаар удаан явсны эцэст Их Британи Европын холбооноос албан ёсоор гарна.

Энэ өдөр Британийн сайд нарын танхим 2016 оны бүх ард түмний санал асуулгаар Брекиситийн төлөө санал өгсөн тухайгаа анх зарлаж байсан Сандерлэнд хотод ээлжит бус хурал хийнэ.

Гринвичийн цаг 23.00 заахаас нэг цагийн өмнө Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ард түмэндээ хандан үг хэлнэ. Урьдчилан бэлдсэн түүний үгийг тус улсын гол гол сувгууд дамжуулна.

“Засгийн газар болон миний бие улс орноо нэгтгэж, урагш хөтлөхийг зорьж байна. Хамгийн гол нь энэ бол төгсгөл биш, харин эхлэл. Энэ бол үүр гэгээрэх мөч, шинэ алхмын өмнө хөшиг нээгдэх мөч. Энэ бол үндэсний жинхэнэ шинэчлэл, өөрчлөлтийн мөч. Энэ бол та бүгдийн болон гэр бүлийн тань амьдралын боломж таны хаана төрж, өссөнөөс үл шалтгаалах тэгш боломжийн шинэ эрин зууны эхлэл. Энэ бол бидний нэгдэж, өсөн хөгжиж эхлэх мөч” гэж Борис Жонсон хэлнэ.

Брекситийн орой Лондонгийн Даунин стрит дэх Их Британийн Засгийн газрын ордны хар тоосгон ханан дээр тусгайлан энэ үйл явдалд зориулсан цаг 22.00 цагаас эхэлж түүхэн үйл явдалд ойртох мөч бүрийг тоолж эхэлнэ. Уайтхолл гудамжны бүх байшин гэрэлтүүлэг асааж, Парламентын талбайг Их Британийн тугаар чимнэ. Энэ өдөр “Бүх улс үндэстэнтэй энх тайван, хөгжил цэцэглэлт, найрамдалтай зэрэгцэн орших” гэх бэлгэдлийн үг бүхий Брексит дурсгалын зоос гүйлгээнд гарна. Хүн болгон хүлээж байсан ч Биг Бен энэ түүхэнд үйл явдлыг дуугүй гэрчилнэ. Өдгөө засварт буй Биг Бен цагийг ажиллуулахад хагас сая орчим фунт шаардагдах тул Брекситийг Биг Бенгүй угтахаар шийджээ.

Баасан гарагт Гринвичийн цагаар 23.00 цагт Британийн паспорт өнгөө өөрчилж, 30 гаруй жилийн өмнө байсан шиг хөх өнгөтэй болно.

Их Британи 1973 оны нэгдүгээр сарын 1-нд Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгт элсжээ. 1992 онд хаант улс Маастрихтийн гэрээнд гарын үсэг зурж, Европын Холбооны гишүүн болж байв.

Европын Холбооны эгнээнд нэгдсэн эхний жилүүдээс л Их Британи эдийн засаг, улс төрийн гол гол асуудалд байж болох бие даасан байдлыг хадгалахыг эрмэлзэж байв. Тухайлбал, тус улс 1995 оны Шенгений гэрээ, 1990 онд Европын нэгдсэн валют болох еврогоос татгалзсан.

2011 онд эдийн засгийн хямралтай зэрэгцэн Их Британид ЕХ-ны гишүүнчлэлд дургүйцсэн уур амьсгал ширүүсэж эхэлсэн. Хууль тогтоогч Дэвид Наттэл Их Британийг ЕХ-ноос гаргах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах асуудлыг хөндөж тавив. Өргөн барих бичигт Британийн 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурж, Брекситийн түүх эхэлж байв.

Их Британи ЕХ-ноос албан ёсоор гарсан мөчөөс шилжилтийн үе эхэлнэ. Энэ хугацаанд ЕХ, Их Британи цаашдын харилцааны асуудлаар хэлэлцээ хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top