Украины онгоцыг сөнөөсөнтэй холбогдуулан Иранд жагсаал боллоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Ираны эрх баригчид Украины иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоцыг санамсаргүй сөнөөснөө хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан тус улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.

Онгоцны ослын улмаас 168 зорчигч, нисэх багийн есөн гишүүн амь үрэгдсэнээс Ираны 83 иргэн амиа алдсан юм.

Жагсагчид Тегеран болон бусад хотуудад эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, онгоцны осолд холбоотой албан тушаалтнуудыг огцруулахыг шаардсан байна. Тегераны төв Азади талбай болон бусад дүүргүүдэд эмх замбараагүй байдалтай тэмцэх анги нэгтгэлүүдийг дайчлаад байгаа бөгөөд жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэсэн тухай зарим хэвлэлүүд мэдээлжээ.

Ням гарагт /2020.01.12/ жагсагчид “Америкийг бидний дайсан гэж бидэнд худал хэлж байна, бидний дайсан энд байна” гэсэн үгтэй лозунг барьж жагсжээ.

Бямба гарагт оюутнууд онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх үүднээс Тегеран хотын хоёр их сургуулийн байрны гадаа цугласан ч орой нь жагсагчид, хууль хүчнийхний хооронд мөргөлдөөн гарчээ.

Үүнтэй зэрэгцэн ням гарагт Ираны генерал Сулейманийн гэгээн дурсгалыг хүндэтгэх цуглаан болсон байна.

Мөн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрх баригчид Засгийн газрын эсрэг жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг анхааруулжээ. “Дэлхий дахин та бүгдийг ажиглаж байна, хамгийн гол нь АНУ та бүгдийг ажиглаж байна” гэж тэрбээр жиргэжээ.

Мөн үеэр Их Британи улс Иранд суугаа элчин сайдыг нь саатуулсан явдлыг буруутган олон улсын эрх зүйг зөрчиж байна гэжээ. Их Британийн гадаад хэргийн сайд Доминик Раабын мэдээлснээр, Их Британийн элчин сайд Роб Макэр онгоцны ослоор амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх цуглаанд оролцсоны дараа түүнийг саатуулжээ. Элчин сайд зарим жагсагчид засгийн газрын эсрэг уриа хэлж эхлэх үеэр цуглааныг орхин явсан гэж өөрөө мэдэгдсэн байна.

Ням гарагт Ираны эрх баригчид Их Британийн элчин сайдыг дуудаж, хууль бус цуглаанд оролцож дипломат бус үйлдэл гаргасныг нь буруутган, гомдол мэдүүлсэн байна. Мөн өдөр Тегеран дахь Британийн элчин сайдын яамны байрны өмнө эсэргүүцлийн жагсаал болж, Их Британийн далбааг шатаасан хэрэг гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top