Тэсэж үлдэхийн тулд Монголыг сонгосон япон компани

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Япон. Энэ үгийг сонсохоор юу бодогддог вэ? Өндөр хөгжил. Технологийн дэвшил. Том зах зээл. Өрсөлдөөнт нийгэм. Сүмо. Гэхдээ бидний өгүүлэх түүх сүмогоос өөр. Японы өндөр хөгжил, өрсөлдөөнт нийгэм дундаж компаниудын хувьд амьд гарах, тэсэж үлдэх сорилт байдаг аж. Тэсэж үлдэхийн тулд тэд дүрээ өөрчилж, зүсээ сэргээн шинэ зах зээлд гарахаас өөр сонголт тэдэнд байдаггүй. Үүнийг би биш Японы хэвлэл өөрсдөө хэлж байна.

Дүрээ өөрчилж, зүсээ сэргээх талбар нь Монгол, монголчууд бид гэвэл та итгэх үү? Тэгвэл итгэх л хэрэгтэй. Дөрвөн жилийн өмнө Монголд хөл тавьсан япон компани газар тариалан, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр чамгүй амжилт олчихсон, тэсэж үлдэх нь бүү хэл хөл дээрээ бат зогсох гэсэн тэмүүлэлтэй болсон сонирхолтой түүхийг Японы эдийн засгийн эдийн засгийн “Nikkei” сонин хуваалцжээ.

ЭЦЭСЛЭХ-ТЭСЭХИЙН ЗААГТ

Аоно групп. Япончуудыг шинэхэн махаар хангах зорилготой энэ компани 1974 онд байгуулагджээ. Тэдний бэлтгэсэн мах японд чанарын хувьд ч, эрэлтийн хувьд ч дор орохгүй сайхан үе бий. Цагтаа цалгиж явсан энэ компани хүн амын өсөлтийн цонхны цаана орчихсон юм. Үнэн хэрэгтээ тэд өөрсдийн муу гэхээс илүүтэй нийгмийн давлагаа, долгионд цохигдсон гэвэл илүү ононо.

Төрөлт багасаж, хөгшрөлт нэмэгдэж буй энэ улсад тэсэж үлдэхийн тулд бизнесээ бодлогоо бүр эсвэл өөр салбар руу халтирч орохоос өөр сонголтгүйд хүрдэг. Ялангуяа хотынх бус хөдөө орон нутагт бизнесээ эхэлсэн компаниудад энэ долгионтой үе хүндээр тусжээ. Энэ л шалтгаанаар Аоно групп дүрээ өөрчилж, зүсээ сэргээхээр Монголыг зорьсон юм.

Фүжи уулын хормойд орших Шизүока мужид байгуулагдсан энэ компани Монгол Улсыг тэсэж үлдэх боломж гэж харжээ. Тэртээ тэргүй дотооддоо нийгэм, цаг үеийн олон сорилттой “үзэлцэж” буй компаниудад бизнесийн үзэл баримтлал, стратегиа солих бүр эсвэл өөр газар оронд шинэ бизнесээ туршиж үзэх хоёр сонголт ирдэг байна.

Аоно групп энэ хоёр сонголтоос сүүлийнхийг нь сонгосон. Тэд шинэ газар оронд тэр дундаа тал нутгийн Монголд бизнесээ сэргээх туршилтаа үргэлжлүүлэхээр болсон нь энэ. Гэхдээ өөр газар оронд бизнес эрхлэх шийдвэр гаргасан бусад компаниас Аоно групп ялгаатай. Тэд тухайн улс орныхоо орчин нөхцөлд нь тааруулж бизнесийн чиглэлээ эрс өөрчилсөн юм.

ТЭСЭЖ ҮЛДЭХИЙН ТУЛД

Дотоодын асуудлаас болоод чиглэлээ өөрчилсөн “Аоно” компани Монголын тал нутагт  дөрвөн жилийн өмнө хөл тавьжээ. Гэвч хөл тавихаас өмнө шийдвэрээ аль хэдий нь гаргачихсан байлаа. Аоно компанийг үндэслэгч Хироши Аоно монголчуудыг сайн мэддэг, ажил хэргийн шугамаар анд нөхөд болоод ч байж.

Аоно группийн Ерөнхийлөгч Хироши Аоно нэгэн удаа “Хэрэв бид зах зээлд тэсэж үлдье л гэвэл гадаад зах зээлд нэвтрэх ёстой” гэж хэлж байсан удаатай.

Монголчууд сүмогийн дэвжээг эзэгнэж байсан тэр цаг үетэй Аоногийн шийдвэр давхацдаг. Одоогоос арван жилийн өмнө 2009 онд Хироши Аоно найзынхаа урилгаар монголд аялахаар иржээ. Монголд ирсэн Аоногийн нүд нь нээгдэв үү гэлтэй болж найзынхаа хамтаар бизнес төлөвлөгөө боловсруулсан байна. Судалгаа, төлөвлөгөө дууссаны эцэст 2015 онд Монголд анхны компаниа байгуулсан юм.

Үл таних газар оронд хөл тавих шийдвэр гаргасан Японы бусад компаниас ялгаатай “Аоно” компани голлох хоёр салбарыг хараандаа авчээ. Уншигч та таасан бол уул уурхай, газар тариаланг тэд сонгосон. Тэд хүнсний ногоо, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон уул уурхайн хүнд даацын машин механизм түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Анх  1974 онд байгуулагдахдаа энэ чиглэл рүү хэлбийнэ төсөөлж байгаагүй нь лавтай.

БАТ ЗОГСОХЫН ТУЛД

Монгол бол цаг уурын хувьд эрс тэс. Тиймээс цаг улирлын аль ч нөхцөлд ажиллах боломжтой хүлэмжийн тариалалт, сүүний аж ахуй эрхлэхээр шийджээ. “Аоно” групп Монгол Улсад таван охин компани байгуулж, нийт 300 гаруй хүн ажиллаж байна. Тэд улаан буудай, рапс тариалахаас гадна төрөл бүрийн нарийн ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ.

“Nikkei” сонинд дурдсанаар тэд Монгол Улсад 8000 хавтгай дөрвөлжин.км талбайд газар тариалан эрхэлж, 3000 толгой хонь үржүүлж буй аж.

Уул уурхайн салбар бол Монгол нутагт хөл тавьснаасаа хойш бодож олсон салбар. Тэд хараахан үйл ажиллагаа явуулж эхлээгүй. Уул уурхайн хүнд даацын машин механизмын түрээсийн үйлчилгээ эрхлэхээр төлөвлөж буй бөгөөд 2020 онд энэ үйлчилгээгээ эхлэх аж. Эхний ээлжид Японд үйлдвэрлэсэн нүүрс олборлох цахилгаан экскаватор оруулж ирэхээр төлөвлөж байна.

Компанийн зүгээс 2019 оны санхүүгийн жилд 300 сая иен буюу 7.5 тэрбум төгрөг байна гэж таамаглаж байгаа аж. Ойрын таван жилийн хугацаанд энэ дүнг 500 саяас нэг тэрбум иен болгох зорилт тавьжээ.

МОНГОЛ БОЛ БОЛОМЖ

Тийм ээ. Бид бол боломж. Бидний олж хараагүйг гаднынхан олж харсаар байна. Үүний нэг жишээ нь Японы “Аоно” групп. Дотоодын эрэлт хэрэгцээ нь хумигдсан энэ компани “манайхыг” сонгожээ. Гэтэл бид эндээ муу муухайн туйл, 76-гаар толгойгоо мэдүүлсэн,  хятадад хэзээ мөдгүй эзлэгдэх гэж байгаа тосгоныхон шиг сэтгэсээр сууна. Боломжгүй гээд дийлэнх нь гаднын улсыг зорьж байгаа. Гэтэл зорьж очсон гаднынхан боломжтой гээд манайхыг сонгож байх. Эсрэг тэсрэгийн парадокс гэлтэй. 

“Монгол бол залуучуудын орон. Түүнчлэн энэ улсад зах зээлийн аль ч салбар төлөвшөөгүй” гэж Хироши Аоно ярьжээ.

Монголын эдийн засгийн дийлэнхийг аж үйлдвэрийн салбар тэр дундаа уул уурхайн салбар эзэлж буй. Уул уурхай дагасан мөчлөгийн эдийн засагтай, үүнийгээ тойрсон улс төртэй улс. Бодлого нь ч уул уурхайгаа тойрдог болохоор гадна зах зээлд тоос татахад л нөлөөлөл нь манайд дэндүү эмзэг тусна.

Гэхдээ уул уурхайгаас өөр мөнгө олох салбар, сэтгэх олон санаа бишгүй дээ бий. Даанч бид олж хардаггүй аж.  

Монголын эдийн засгийн дийлэнхийг аж үйлдвэрийн салбар тэр дундаа уул уурхайн салбар эзэлж буй. Уул уурхай дагасан мөчлөгийн эдийн засагтай, үүнийгээ тойрсон улс төртэй улс.

“Олон улсын валютын санг бараадаж эдийн засгийн дэмжлэгээр гадаад өрөө төлсөн. Гэвч ганц ОУВС тэдэнд тусалдаггүй. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагаас гадна өндөр хөгжилтэй Өмнөд Солонгос, Япон, Хятад улсын дэмжлэгтэйгээр өрийн хямралаасаа гарч чадсан юм” гэж “Nikkei” сонины нийтлэлийнхээ төгсгөлд дурджээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(153.173.26.2) 2020 оны 01 сарын 02

Хөрөнгө оруулалт төн үү, хөлжих суурь нь болоод хоосон хоцорч байна уу? Монголын хөрссөөр нэг япон мөнгөтэй болж байгаа ч өгөөж нь байхгүй л болов уу. Татварт хэдэн төгрөг өгдөг байж магадгүй ч түүнийг хөрөнгө оруулалт гэж их эндүүрцгээх юм даа хөөрхийс. Юмыг жаахан уртад нь боддог болоосой.

0  |  0
Зочин(192.82.77.149) 2019 оны 12 сарын 25

Нэг их сүртэй ойлгомжгүй зүйл бичих юмдаа чааваас гэж дээ, аль чиг газар байдаг л гадны хөрөнгө оруулалт бна. Манайд хөрөнгө оруулалт хийж байвал сайн биз дээ өөр юу бодохын бэ?

0  |  0
зочин (103.212.116.56) 2020 оны 05 сарын 03

нутаг дээрээ багтаж чадахгүй болсон мөнгөтэй хүмүүс манайханд ашигтай байвал бид ч бас муу хүмүүс биш шүү дээ цалин хөлсөө хангалттай өгөөд шударга ажиллах юм бол хэн гадагш явахыг хүсэх вэ дээ

6  |  0
Zov(112.96.118.253) 2019 оны 12 сарын 25

Zov, bayrlala

1  |  0
Top