Говь-Алтайд алтны гурав, нүүрсний хоёр уурхай үйл ажиллагаа явуулж байна

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

- БАЙГАЛЬ ЭХ-ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ -

Эзэн Чингис хааны өлгийн нутаг болох Хэнтий аймгаас эхлүүлсэн "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг 16 дахь аймагтаа өртөөллөө. Говь-Алтай аймгийн Алтай хотод болсон уг хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн үндэсний хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат тэргүүтэй албаныхан болон иргэдийн төлөөлөл оролцсон бол зохион байгуулагчдын зүгээс Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар оролцож, үндсэн илтгэлийг тавилаа. 

Ж.ГАНБАТ: УУЛ УУРХАЙН ЗӨВШӨӨРЛИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БАЙХ БОДЛОГО БАРЬЖ АЖИЛЛАДАГ

Үндэсний хэлэлцүүлгийг нээж Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат үг хэлж, аймгийнхаа уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Үндэсний хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн та бүхэнд баярлалаа. Энэхүү хэлэлцүүлэгт аймаг, сумдын удирдлага болон мэргэжлийн хяналтын байцаагч, бичил уурхайчдын төлөөлөл, нутгийн иргэд хүрэлцэн ирсэн байна. Үндэсний хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон гэж бодож, дүгнэж байна. Говь-Алтай аймаг Монгол Улсын баруун зүгт оршдог. Зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд, өмнө талаараа БНХАУ-тай хил залгаа аймаг. БНХАУ-тай хиллэгдэг хилийн урт нь 360 км. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 141.4 мянган хавтгай дөрвөлжин. Говь-Алтай аймаг нь 18 сум, хоёр тосгон, 83 багтай. Нийт 58470 хүн амтай. Алтай хотод 18.9 мянган хүн амьдардаг. Нийт аймгийн хүн амын 49.8 хувь нь эрэгтэй, үлдсэн хувь нь эмэгтэйчүүд байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.

Говь-Алтай аймгийн дарга, удирдлагууд уул уурхайн чиглэлээр хэд, хэдэн бодлого барьж ажиллаж байгаа аж. Тухайлбал, уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоог нэмэхгүй байх бодлого барьж ажиллаж байна. Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат хэлэхдээ "Уул уурхай, байгаль орчны салбарт төрөөс баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллаж байна. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэх замаар уул уурхайн салбараас хараат бус хөгжлийн бодлого баримталж байна. Говь-Алтай аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагатай Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дэх хэсгийг үндэслэж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр ажиллаж байна" гэв. Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаггүй, орон нутагтайгаа хамтарч ажиллахгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллаж байгаагаа хэллээ.

ГОВЬ-АЛТАЙД ЗУРГААН УУРХАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 53.91 хувь нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад багтжээ. Өнөөдрийн байдлаар тус аймагт 93 орд 701 гаруй илрэл мэдэгдээд байгаа аж. Харин аймгийн хэмжээнд 96 аж ахуйн нэгж 149 лиценз эзэмшиж байна. Энэ нь аймгийн нийт газар нутгийн таван хувийг эзэлдэг байна. Тэгвэл аймгийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг зургаан уурхай байдаг. Тодруулбал, "Мандал Алта групп" ХХК-ийн Хөв булгийн нүүрсний уурхай, "Гоби коулд энд энержи" ХХК-ийн Зээгтийн нүүрсний уурхай, "Алтайн хүдэр" ХХК-ийн Таяннуурын төмрийн хүдрийн уурхай, "Болдгянтболд" ХХК-ийн Зүүн сайрын алтны шороон орд, "Эн Си Жи Ти" ХХК-ийн Хуурайн алтны шороон орд болон "Цогц эрин транс" ХХК-ийн Бөөрөгийн алтны шороон орд зэрэг зургаан уурхай үйл ажиллагаа явуулдаг байна. 

Аймаг, орон нутгийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг 65 аж ахуйн нэгжийн байгал орчны менежментийн төлөвлөгөөг хянан бүртгэж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллаж байгаа талаар Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат ярилаа. Тэрбээр жилд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх дансанд дунджаар 15 сая төгрөгийг байршуулдаг гэх мэдээллийг өглөө. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хүчин төгөлдөр зургаан лицензийг дөрвөн аж ахуйн нэгж эзэмшдэг байна.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 15 СУМЫН 415.26 ГА ГАЗАР ЭВДРЭЛД ОРЖЭЭ

Говь-Алтай аймгийн хэмжээнд зохион байгуулалтад орсон нэг холбоо, есөн төрийн төрийн бус байгууллага бүртгэгджээ. Харин бүртгэгдээгүй 24 нөхөрлөлийн 300 гаруй уурхайчинг нэгдсэн зохион байгуулалтад оруулжээ. Улмаар өнөөдрийн байдлаар Алта сумын Торготын нуруунд "Замт" нэртэй талбайг албан ёсоор бичил уурхайн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, тус газрыг бичил уурхайн зориулалтаар улсын кадастр, бүртгэлийн системд бүртгүүлж чадсан аж.

Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатын ярьж байгаагаар тэд одоогоос хоёр жилийн өмнө аймгийнхаа эвдэрсэн газрыг тоолж, нарийвчилсан судалгаа явуулжээ. Тэрбээр "Аймгийн хэмжээнд эвдрэлд орсон газрыг судалж, тоолсон. Тооллого, судалгааны ажлын үр дүнд 15 сумын газар нутаг эвдэрсэн нь тогтоогдсон. Нэг үгээр хэлбэл, 15 сумын 159 газрын 415.26 га газар эвдрэлд орж, орхигдсон байна. Тус газрууд нь гар аргаар ашигт малтмал олборлосон, уул уурхайн олборлолтод өртсөн, овоолгод дарагдсан, түгээмэл тархацтай ашигт малтмал зэргийг олборлосноос болж эвдрэлд орсон байдаг" хэмээн ярилаа.

Ч.МЯДАГБАДАМ: БИЧИЛ УУРХАЙЧИД УЛСАД 101 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛСӨН

Энэ удаагийн "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн үеэр Алтайн бичил уурхайчдын эв нэгдлийн холбооны тэргүүн Ч.Мядагбадам мэдээлэл өглөө. Тус холбоо нь 401 гишүүнтэй, гурван жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Бичил уурхайчид 2012 оноос хойш 70.1 га газарт биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийсэн байна.

Энэ талаар Ч.Мядагбадам "Бид орон нутгийнхаа эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 101 сая төгрөгийн татвар төлсөн. Харин 2018-2019 оны хооронд Алтайн суманд найман сарын хугацаанд ажиллаж нөхөн сэргээлтэд 69 сая төгрөг төлсөн. Мөн аяны хүрээнд 13 гаруй сая төгрөгийг зарцуулсан байдаг" гэв.

Түүнчлэн иргэн Т.Эрдэнэбаяр "Засгийн газрын 154 дүгээр тогтоолд шанаганы багтаамж гэдэг тоног төхөөрөмжийн талаар тусгаж өгсөн байдаг. Энэ асуудлыг анхаарах шаардлагатай байна. Уул уурхайн аж ахуйн нэгжийн байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө, бичиг баримт нь шаардлага хангадаггүй. Хэдийгээр өмнөхөөсөө хариуцлагатай болсон ч шаардлага хангахгүй байна. Байгаль орчноо хамгаалах, техник эдийн засгийн төлөвлөгөөгөө байнга хянаж, хяналт тавихгүй бол болохгүй байна. Дүйцүүлэн хамгаалах тухай гэж байдаг. Шороон орд дээр л ярих байх л даа. Гэхдээ үндсэн орд газарт зайлшгүй ярих ёстой байна" гэх саналыг хэлж байлаа.

Харин бусад иргэний зүгээс Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Алтайн хүдэр" компанийн талаар шүүмжлэлтэй хандаж байв. Тус алтны компани нь сумын газар нутгийг сэндийчиж, там болгож байгаа хэрнээ орон нутагтаа ямар нэгэн хөрөнгө оруулалт хийдэггүй гэнэ. Тиймээс Цээл сумын нутгийн иргэд тус компанид хариуцлага тооцож, ямар нэгэн арга хэмжээ авахыг хүслээ. Үүнээс гадна сумын эдийн засагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумын хөгжил, цэцэглэлтэд гар бие оролцохыг хүсэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top