Франц дарсыг сансарт хадгална

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

Францын 12 лонх дарсыг Олон улсын сансрын станцад хүргэжээ. “Bordeaux” улаан дарсыг нэг жил сансарт хадгалсны дараа дэлхийд буцаан хүргүүлэх гэнэ. Судлаачид жингүйдэл, цацраг бүхий сансрын орчин дарсны чанарт хэрхэн нөлөөлөхийг судалж, хүнсний үйлдвэрлэлд шинэ амт, чанар бий болгохоор зорьж буй юм.

Францын Бордо, Германы Бавари мужийн их сургуулиуд энэхүү туршилтад оролцож байна.

Дарс үйлдвэрлэхэд хөөлгөгч, бактери ашиглаж, химийн урвал явагддаг тул сансарт судлах хамгийн тохиромжтой гэнэ. Сансарт нэг жил хадгалагдсан дарсыг дэлхий дээр хадгалагдсан дарстай харьцуулан шинжлэх аж.

Энэ нь “Space Cargo Unlimited” гарааны компанийн ирэх гурван жилд сансарт хэрэгжүүлэх хөдөө аж ахуйн салбартай холбоотой зургаан төслийн нэг юм.

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Олон улсын сансрын станцыг хувийн компаниудад ашиглах боломж олгох болсон. Үүнээс өмнө “Budweiser” шар айраг үйлдвэрлэдэг компани Ангараг гараг дээр хэрэглэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор сансрын станцад арвайн үр илгээж байсан бол Японд үйлдвэрлэгдсэн виски, Шотландын скоч зэрэг бүтээгдэхүүний дээж сансарт туршилтад орж байсан гэнэ.

Олон улсын сансрын станцад өдгөө АНУ-ын гурав, ОХУ-ын хоёр, Италийн нэг сансрын нисэгч ажиллаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top