М.Алтангэрэл: "ZioZia" брэнд эрчүүдийг төгс харагдуулдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

“Зиндаа” сэтгүүлийн №11, 12/511, 512 дугаараас онцолж байна. 


“Загвар” булангаараа дамжуулан загварын шинэ чиг хандлагыг тодорхойлогч брэндүүдийг танилцуулдаг. Энэ удаад “ZioZia” брэндийн Монгол дахь салбарын захирал, албан ёсны төлөөлөгч М.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Юуны өмнө та манай уншигчдад “Zio Zia” брэндийн талаар танилцуулаад яриагаа эхэлбэл илүү ойлгомжтой, сонирхолтой байх болов уу?

-“Zio Zia” брэнд 1995 онд “Шинсон Тунсан” үйлдвэрээс үүссэн түүхтэй бөгөөд хувийн соёл болон өөрийн гадаад үзэмждээ дээд зэргээр анхаарал тавигч, “Zio” эрэгтэй, “Zia” эмэгтэй гэсэн утгыг илэрхийлдэг юм. Энэхүү брэнд нь 2005 онд Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар Монголд анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Миний хувьд, анх байгуулагдахад нь менежер-орчуулагчаар ажиллаж байгаад 2014 оноос эхлээд Монголын тал хөрөнгө оруулалт хийгээд албан ёсны эрхтэйгээр худалдаалах болсон юм. Одоо бид Солонгосын “Дэ Вү” корпорацийн оёдлын үйлдвэр болох “Шинсон Тунсан”-аас гаралтай бүх брэнд бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг. Ер нь Солонгост үйлдвэрлэгдэж байгаа шинэлэг брэнд болгоныг оруулж ирж, Монголынхоо залуучуудын  гадаад үзэмжинд хөрөнгө оруулалт хийе гэсэн зорилго тавьж бизнесээ эхлүүлж байлаа.

“ZioZia” Брэнд нь дотроо эрчүүдийн насны онцлогт тохируулж өөр өөр брэндтэй 16-22 насны залууст “ZioZia”, 23-26 насныханд зориулсан “Z-Slim ZioZia”, 27-32 насныханд зориулсан “Black premium  ZioZia”, 32-48 насныханд зориулсан “And Z by ZioZia” гэсэн брэнд бүр өөрийн онцлогтой.

-Өөрийн тань хувьд, ямар мэргэжилтэй хүн хувцас загварын ертөнц, тэр тусмаа бизнес рүү ороод ирэв?

-Би нягтлан бодогч, санхүүч мэргэжилтэй. Харин миний аав бизнесмэн хүн байсан. Аавыгаа дагаж худалдаа бизнесийн чиглэлээр явахыг их хүсдэг байсан болохоор аавын маань хүмүүстэй харилцах нь их содон санагддаг байлаа. Ингээд бизнес хийх зорилго өвөртлөн явсаар хувцасны бизнес рүү орсон. Барилгачин хүн барьсан барилгаараа бахархдаг бол би хүмүүсийг хувцсаар чимж, гоё болсон дүр төрхийг нь харж сайхан мэдрэмж төрдөг тул энэ бизнес рүү эргэлт буцалтгүйгээр орсон гэж болно.

-“ZioZia” брэндийн бусдаас ялгарах давуу тал юу вэ?

-Маш олон брэнд байгаа нь үнэн. Гэхдээ “ZioZia” бол анхнаасаа Ази хүний биед яв цав тохируулан гаргасан брэнд учраас монгол хүнд маш сайхан зохиж, тэр ч байтугай монгол залуусын хувьд тренд загвар нь болж чадсаныг  энд онцолмоор байна. Айл гэрийн тэргүүн сайхан харагдаж, өнгө зүс гэгээлэг байх юм бол түүнийг дагаад ажил төрөл, гэр бүл нь сайн сайхан явдаг гэж би боддог. Тийм учраас би эрчүүдээ сайхан харагдуулахыг нэн тэргүүнд тавьсан л даа. Голдуу эрэгтэй хувцсаар дагнаж байгаад 2016 оноос эхлэн “IN TE F” группын эмэгтэй брэнд хувцаснуудыг түлхүү оруулж ирж байна. Яагаад гэвэл, эрэгтэй брэндийн дэлгүүрт нөхөртэйгээ орж ирж байгаа бүсгүйчүүд маань өөрсдөд нь зориулсан хувцас байхгүй учраас сэтгэл дундуур гарч явааг анзаарсан. Тэгээд л гэр бүлийн хоёр хүнийг хоёуланг нь сайхан гэгээлэг болгоё, сайхан хувцаслая гэж бодсон.

-Шинэ тутам зүйлийг хүмүүс янз бүрээр л хүлээн авч харагддаг. Анх таныг брэндийн хувцас оруулж ирж байхад хүмүүс яаж хүлээж авч байв?

-2005 онд анх энэ брэнд орж ирж байхад манайд энэ чиглэл нь бизнес гэдэг утгаараа дөнгөж хөгжиж эхэлж байсан учраас “Брэнд” гэдэг утгаараа монголчууд хүлээж авахад хүнд байсан шүү. Тэгээд 2015 оноос гайгүй болж байтал эргээд эдийн засгийн хямрал болоход манайхан брэнд гэхээсээ ахуй талдаа илүү анхаарч, хямд төсөр зүйлийг сонгох болсон. Харин миний хувьд брэндээ хаяагүй, өөрөөр хэлбэл, монголчуудынхаа хүсэл сонирхлыг бизнес болгоогүй, ямар ч байсан эдийн засаг байнга хямралтай байхгүй, монголчуудад маань брэнд гэдэг зүйл хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн учраас тууштай явсныхаа үр ашгийг үзэж чадсан гэдэгтээ нүүр бардам байдаг. Тийм учраас би 2018 оны зорилгодоо “Франчайз”-ыг гаргах зорилго тавьж, “Франчайз” эрх гаргалаа.  Дэлхий дээр хөгжилтэй улс орон олон шүү дээ. Тэр улс орны хөгжил, улс орных нь жижиг дунд, том бизнесмэнүүдийн яриаг сонин сэтгүүлээс уншиж, тэдэнтэй ярилцаж явахдаа тэдний ярианаас хамтын хүч, олон хүний оюун ухааны мэдлэг, хөдөлмөрч хүчээ нэгтгэж чадсаны хүчинд хурдан хөгжиж чадаж байна гэдгийг мэдэж авсан. Бизнесийг доороос нь эхэлсэн миний хувьд бизнест хөл тавих гэж байгаа залуучууддаа 13 жилийн турш хурааж хуримтлуулсан мэдлэгтээ тулгуурлаж  “Франчайз” гаргасан юм. “Франчайз” эрхийг сонирхож байгаа хүмүүсийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

-Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн салбар үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-2010-2015 оны үед хамгийн том буюу зургаан салбар дэлгүүртэй байсан. Харин одоо бол гурван салбар дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээр салбар 3,4-р хорооллын “Нарлаг” дэлгүүрийн дөрвөн давхарт эрэгтэй тасаг, гуравдугаар давхарт эрэгтэй эмэгтэй тасаг, хоёрдугаар салбар нь Хан-Уул дүүрэгт байрлах “Хүннү молл” худалдааны төвд эрэгтэй, эмэгтэй бүх төрлийн хувцас худалдаалж байгаа.

 -Брэндүүд классик ч гэх юм уу ямар нэгэн дагнасан өнгөөр өөрийгөө тодорхойлох нь бий. “ZioZia” брэндийн хувьд ямар өнгө илүү давамгайлдаг вэ?

-“ZioZia” бол албан ёсны ажил хэрэгч хувцсаар дагнадаг, хар, саарал өнгө илүү ноёрхдог эрчүүдийн брэнд. Өнгөний хувьд яагаад тийм байна вэ гэхээр, эрчүүдийн гадаад үзэмжинд илүү анхаарал хандуулах үүднээс хурц биш, даруухан бөгөөд өөрийн оюун ухааныг хувцсандаа илүү их шингээе гэсэн залуучуудын хүслийн  өнгө  “ZioZia” брэндэд давамгайлдаг. Материалын хувьд улирал улирлаас шалтгаалан янз бүр байдаг. 2005 онд хуванцар бүтээгдэхүүнээс гаргаж  авсан материалтай хувцаснууд голдуу гардаг байсан бол 2006 оноос хөвөн даавуу материалаар хийгддэг болсон. Одоо харин хуванцар бүтээгдэхүүнээс гаргаж авсан материал, хөвөн даавуун материал хоёуланг нь хослуулж хийж байгаа. Улирлаас шалтгаалж материалууд маань байнга хувьсан өөрчлөгддөг гэсэн үг.

-Хувцас загвар төдийгүй дэлхий нийтийн чиг хандлага маш хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Хамгийн ойрын төлөвлөгөөнөөсөө сонирхуулбал?

-Солонгос ч гэлтгүй дэлхий нийтээр хүмүүсийг илүүдэл жингээс татгалзуулах, биеийг эмх цэгцтэй харагдуулах загварын чиг хандлагад илүү анхаарч байна. Түүнд зориулж хувцсыг том хийхээс илүүтэйгээр стандарт хэмжээний чиг хандлагыг баримталж байгаа. 2005 оны загварын хувцсыг  2015, 2018 оны загварын хувцастай харьцуулахад тэс өөр болсон. Учир нь, тухайн үеийн хүмүүсийн биеийн галбир өөр болчихсон учраас размерынхаа хувьд ч өөрчлөлт гарсан. “ZiaZio” эрэгтэй брэндээрээ би маш удаан хугацаанд дагнасан. Эмэгтэй брэндийг 2018 ондоо багтаан давхар оруулж ирэхээр маш том гэрээ хийсэн байгаа. “Jessi New York” брэндийг оруулж ирэх гэрээ хийсэн бөгөөд энэ брэнд маань “Шинсэги”-ээс гаралтай ээж охин хоёр хоёулаа хослоод өмсөх, загварын чиг хандлагыг тодорхойлсон, дэгжин брэндийг оруулж ирэх гэж байна. Монголын зах зээлд үүнийг оруулаад ирчих юм бол аль ч насны хүний гадаад үзэмжинд нь хөрөнгө оруулалт хийж чадна гэсэн том зорилгыг тавьсан. 2018 ондоо зорилтот зорилго тавьж, 13 жилийн арвин туршлага стандартчлан гаргасан “франчайз” эрхээ гаргалаа.

Миний хувьд, аль болохоор монголчуудтайгаа хамтарч бизнес хийе, хэн юу чаддагаа бие биетэйгээ нийлүүлж хамтын хүчээр зүтгэе гэж боддог. Хамт олондоо ч гэсэн ингэж уриалдаг. Мөн танай сэтгүүлийн ярилцлагаар дамжуулаад бүх хүмүүст уриалахад:  хамтын хүчийг эрхэмлэцгээе, ингэвэл Монгол Улс маш амархан хөгжинө, хүнд ачаа, стресс гэдэг юмнаас салж чадна.

-Манайханд баг хамт олон болж, хамтарч чаддаггүй сул тал ажиглагддаг?

-Тийм тал байдаг ч манайхан одоо хамтрахын хүчийг ойлгодог болжээ. Монголчууд бол их хүчтэй ард түмэн. Дэлхийн аль ч улс оронд явж байхад монголчуудыг мундаг, хүчтэй хүмүүс гэж ярьдаг, тэгсэн мөртлөө ганцаараа байхаар мундаг байж чаддаггүй, хамтдаа байхдаа илүү гэдэг нь Чингис хааны үеэс нотлогдсон зүйл. Тийм болохоор хамтын хүчээр хийж яваарай гэж уриалъя. Миний хаа ч явсан хэлдэг зүйл гэвэл,  хамтын хүчээ нэгтгээч ээ, хамтын хүчээ харуулаач ээ. Магадгүй нэг нь дуучин нөгөө нь бүжигчин, өөр нэг нь загвар зохион бүтээгч, хөгжимчин байх юм бол нэг юмыг хийж чаддаг шигээ хамтдаа маркетинг борлуулалт худалдаагаа өргөн хүрээнд хамтын хүчээр хийх хэрэгтэй. Ингэж байж бид амжилтад хүрнэ. Манайд энэ л дутагдаад байгаа учраас бизнес маань хөгжихгүй байна. Сэтгэлийн хөөрлөөр юм хийж байгаа хүмүүс бий, энэ бүхэн яагаад ингээд зогсоод байгаа вэ гэдгийг би олон талаас нь судалгаа хийж үзэхэд ихэнх нь шохоорхлоор эхлээд төгсгөлөө хүртэл явж чаддаггүй шантардаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

АМЛАСНАА АЖИЛ ХЭРЭГ БОЛТОЛ ХӨДӨЛМӨРЛӨХ НЬ МИНИЙ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

-Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй хүн бизнест хөл тавихад алдаа бага гаргасан байх?

-Санхүүч хүн орлого зарлагыг сайн хянадаг, орлогоо яаж нэмэгдүүлэх, хэрхэн яаж ашигтай ажиллах вэ гээд бүгд мэргэжилд ойр болохоор дөхөм байлгүй яахав. Хүмүүс дэлгүүрт орж ирээд хэрэггүй юм худалдаж авч байгаа дүр төрхийг харахаар сэтгэл эмзэглэдэг. Чанартай юмны цаана ямар их хариуцлага байдаг вэ, брэнд гэдэг нэр яриад байдаг боловч тэр чинь чанар шүү дээ. Тэр чанарын цаана юу байна гэхээр тэр чигээрээ баг хамт олны хөдөлмөр байна. Маш их хэмжээний оюун ухаан, хөдөлмөр шингэсэн бүтээл байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгосон цагт хүний хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээл ямагт чанарыг агуулж байдаг гэдгийг мэдэрдэг.

-Таны хувьд бизнест чухам юуг баримталж, ямар зарчмаар өөрийгөө хөгжүүлж ирэв. Залууст хандаж юу захих вэ?

-Би өөрөө ном унших их дуртай. Хүүхэдтэйгээ номын талаар цэц их булаацалддаг, энэ маань намайг хөгжүүлдэг байх. Мөнгийг бий болгоход оюун ухаан хэрэгтэй гэдгийг л санаж явах хэрэгтэй дээ. Мэдлэгтэй байхад мөнгө аяндаа ороод ирнэ. 10 мянган төгрөгийг мэдлэгийн төлөө зориул, хувцсанд хэзээ ч битгий зориул. Мэдлэгийг л бий болгохын төлөө тэмүүлээрэй. Ном, сэтгүүл үнэтэй байгаа юм шиг яриад байдаг. Нэг жишээ бодоод үзээрэй. Би 10000 төгрөгөөр нэг цамц авчихаад гэртээ хариад энэ цамцаар хоол авч идэж чадах уу, 10000 төгрөгөөр ном авч уншчихаад дараа нь тэр номноос олж авсан мэдээлэл намайг хоолоо олж идэхэд тусалдаг юм байна гэдгийг битгий мартаарай. Би хойшид хүмүүст хэрэгтэй мэдээллийг олгоё гэсэн нууцхан хүсэлтэй явдаг шүү. Мөн “Зиндаа” сэтгүүл монголчуудынхаа оюуны ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баг хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Би “Зиндаа” сонин байхаас нь мэднэ. Улам илүү өргөжиж байгаад баяр хүргэе. Та бүгдийн хамтын хүч гайхалтай байна.

-Хүн болгоны туулсан зам өөр өөрийн гэсэн сонин түүхтэй байдаг. Унаж, босох үе чамгүй олон тохиолдсон байх. Тэр болгонд шантарч байсан удаа бий юу? Тэр бүхнийг даван туулахад юу зоригжуулдаг байв?

-Миний хувьд амьдралдаа баримталдаг ганц зарчим бий. Тэр нь амласнаа ажил хэрэг болтол хөдөлмөрлөх. Хүн нэг л амьдарна, хариуцлага гэдэг зүйлийг маш сайн ухамсарлах ёстой гэж ээж, аав минь надад сургасан. Хэн ч байсан хэдэн мянган сайхан зүйлийг ярьж чадна, гэхдээ тэр ярьсан бүхнийхээ төлөө тэмцэж, хийж бүтээж чаддаг хүн л амжилтанд хүрнэ шүү дээ. “Чадна” гэж хэлсэн л бол чадахын төлөө тэмцэх ёстойгоос биш чадахгүй гээд сууж болохгүй. Одоогийн залуучууд ч гэлтгүй, ер нь хүмүүс цаг баримтлахгүй тохиолдол  их байна.  Энэ бүхэн дотоод хүнтэйгээ тэмцэлддэггүйгээс болдог юм байна гэдгийг өөрийн амьдралын туршлагаас би мэдсэн. Зорилготой, зорилгогүй явж байгаа хоёр хүнийг ялгахад амархан л даа. Завтай бөгөөд зорилгогүй явж байгаа хүн хоосон хэтэвч мэт санагддаг. Тийм ч учраас залуучуудыг би оюун ухаанаа хөгжүүлэхийн төлөө тэмцдэг байгаасай гэж хүсдэг. Үзэл бодол, дотоод сэтгэл, мэдлэг гурвыг хослуулаад ирэхээр аяндаа сайхан зүйлд хүрдэг. Дээрээс нь миний хань, үр хүүхдүүд маань надад их урам зориг өгдөг учраас шантарч байсан удаагүй. Хүний компанид ажилд орчихоод явж байхдаа надад итгэсэн итгэлийг нь хөсөрдүүлэхгүйн тулд оюун ухаанаа дайчилсан. Ямар ч юманд шантралгүй сөрж зогссондоо би өдий зэрэгтэй яваа гэж боддог.

-Аливаа хувь хүн, ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад нийгмийн хариуцлага гэж том ухамсар бий. Энэ хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?

-Ер нь ямар ч брэнд, бараа бүтээгдэхүүн орж ирээд л шууд 100 хувь борлогдох тохиолдол бага. Тийм учраас би үлдсэн бараануудаа мөнгө болгоё гэж бодохоосоо илүүтэйгээр хүмүүст тус хүргэчих юмсан гэж хүсдэг. Тусламжийн гараа сунгана уу гэсэн хүсэлт манай компанид маш их ирдэг. Тэр болгонд чин сэтгэлээсээ туслахыг хичээдэг. 2008 оноос эхлээд үлдэгдэл бараануудаа үнэ төлбөргүйгээр Асрамжийн газар болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд бэлэглэдэг болсон. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн “А” бүлгийнхнийг асран хамгаалдаг “Амьдрах ухаан” ТББ-д улирал болгон бараа бүтээгдэхүүнээсээ өгч байна. Мөн 2016 оноос эхлээд агуулахын үлдэгдэл хувцсаараа нэмнээ хийгээд Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүргийн “Улаан загалмайн” нийгэмлэгт хандивлаж эхэлсэн. Энэ маань нийгэмд багахан ч гэсэн тус нэмэр болж байгаа болов уу. Нөгөө талаар, манай бараа цаг алдалгүй орж ирдэг учраас хоёр дахь жилээсээ 10 хувь, улирал өнгөрөх тусам 50 хувь хүртэл хямдал үзүүлдэг. Дөнгөж худалдаанд гарч байгаа шинэ загварууд тухайн ондоо багтаад ямар нэгэн баяр ёслолын үеэр 10-30 хувийн хямдрал тогтмол зарлагдаж, бараа бүтээгдэхүүнүүд маань улирал, жил өнгөрөх тусам хямдрал нь нэмэгдээд 50 хувь хүртэлх хөнгөлөлт зарлагддаг юм.

-Манай уншигчдад өөрийн брэндийн талаар тодорхой хэмжээний ойлголт өгсөн явдалд их баярлалаа. Танай хамт олны бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсье.  

Ярилцсан Д.Атарцэцэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(202.9.42.9) 2019 оны 11 сарын 10

nehh muuhai huuchin huwtsas tsewerlej shoshgolood zaraad bdg gazar mun uu

0  |  0
mgl(66.181.161.89) 2019 оны 10 сарын 04

za zailaa komisiin olon jil daragdsan hog l bn le yu gutsaad bga hulgaach ve

0  |  0
Top