СҮХБААТАР: “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэг өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Тост, Тосон бумбын жишиг тэмцэл “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо амжилттай болж, өндөрлөлөө. 21 аймгаар өртөөлөх энэхүү хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулсан юм.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үеэр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, мэргэжлийн судлаачид болон орон нутгийн удирдлагууд хариуцлагатай уул уурхайн ач холбогдол болон Сүхбаатар аймаг дахь уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар тал бүрээс нь мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өглөө.  

Хэлэлцүүлгийн үеэр уул уурхайгаас гадна байгаль экологитой холбоотой асуудлыг ч хөндөж байв. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд “Өнөөдрийн хэлэлцүүлгийг сүхбаатарчууд боломж гэж харж байна. Нутаг усныхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийг нэгтгэж ажилласан зохион байгуулагчдад талархлаа илэрхийлье. Уул уурхайтай холбоотой асуудлыг өнөөдөр хөндөж ярилцлаа. Уул уурхайн баялгаас гадна Сүхбаатар аймагт малын хулгай ихсэх боллоо. Мал бол байгалийн баялаг гэж үзэж байна. Аймгийн хэмжээнд бэлчээр нутгаа хамгаалах чиглэлээр олон ажил хийж байгаа. Манай аймаг 3.5 сая толгой малтай. Манай аймаг эрх мэдэлтэй хүмүүсийн адууны бэлчээр нутаг болох нь бий. Эдгээр хүмүүсээс бэлчээрээ авах гэхээр улс төржилт болчихдог. Жишээлэхэд, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн худгийг гурван удаа гагнасан. 24 сая төгрөгийн нөхөн олговор тавьчхаад байж байна. Б.Наранхүү гишүүн та 1500 адуугаа манай аймгаас авна уу. Энэ бол уул уурхайтай адил байгаль эхийнхээ төлөөх тэмцэл юм” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Харин хэлэлцүүлгийн төгсгөлд "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Аймаг болгонд асуудал бий. Аймгуудын хэлэлцүүлгээс гаргаж тавьсан асуудлуудыг нэгтгэн нэгдсэн хэлэлцүүлэг хийгээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид асуудлыг хүргэх болно. Гол нь асуудлаа иргэд гаргаж тавьж байгаа болохоор үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Нэгдсэн хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийнхан идэвхтэй оролцохыг хүсье. Бичиг, цаастайгаар ул суурьтай хандвал илүү үр дүнд хүрнэ. Ингээд яриад өнгөрөхөд шийдвэр гаргагчид сонсоод өнгөрдөг. Харин бичиг ирээгүй болохоор асуудлыг шийдэхэд баримт байхгүй гэдэг. Тэгэхээр уул уурхайн лицензтэй холбоотой солиорлыг хамтдаа цэгцэд нь оруулъя. Хэрэв уул уурхайгаа бид ашиглахаас аргагүй бол хагасыг нь үр хүүхэд, ирээдүй хойчдоо хадгалах учиртай. Монгол Улсыг, аймгийг, сумыг хөгжүүлдэггүй юм бол уул уурхайгаар яах билээ. Хүн болгон байгаль хамгаалагч байгаарай. Байгаль хамгаалах ажил багийн даргаас эхэлнэ. Уул уурхайн яам ажиллаад байгаа ч орон нутагт хөлгүй байна. Харин Төрийн ордонд 1000 хүн сууж байгаад Монгол орныхоо өнцөг булан бүрд байгаа уул уурхайн асуудлыг хөндөж гаргая. Монгол Улс 30 жил газар нутгаа дээрэмдүүлсэн солиорлыг зогсооё. Үүнээс цаашаа уул уурхай явах ёстой бол тухайн орон нутагт юу хийх вэ гэдгийг нь асууя. Уул уурхай нь нутгийн иргэнд дэм болохгүй бол түүгээр яах юм. Улс оронд хэрэг болохгүй юм бол тийм уурхайгаар яах юм. Тиймээс бид яг бодит байдлыг гаргаж ирж байж асуудлыг шийдэж чадна. Харин энэ цагийн өнгөнд Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх гэдэг хүн ажиллаж байж Тост, Тосон бумбын нуруу, Архангайн Цэнхэрийн уурхайнуудыг хаасан. Одоо бидэнд боломж гарч ирлээ. Энэ цаг үед нь бид асуудлаа шийдүүлье. Монголд тийм олон уурхай хэрэггүй. Байгаа хэдийгээ хариуцлагатай ажиллуулъя” хэмээснээр Сүхбаатар аймагт болсон “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top