Брент маркийн газрын тосны үнэ огцом нэмэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Лондон дахь ICE буюу Тив хоорондын хөрөнгийн биржийн арилжааны нээлт дээр 2019 оны арваннэгдүгээр сард нийлүүлэгдэх Брент маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 13.86 хувиар өсөж, нэг баррель нь 69.91 ам.долларт хүрчээ.

Арилжааны нээлтийн эхний минутад  нэг баррель нь 71.95 ам.долларт хүрч байжээ. Хамгийн сүүлд гэхэд Брент маркийн газрын тосны үнэ 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр хамгийн өндөр буюу нэг баррель нь 71 ам.долларт хүрч байсан юм.

Газрын тосны үнийг огцом өсөлт нь  Саудын Арабын газрын тосны объектууд халдлагад өртсөнтэй шууд холбоотой. The Wall Street Journal сэтгүүлийн мэдээлснээр, өнөөдөр /2019.09.16/ орой гэхэд Саудын Арабын газрын тосны Saudi Aramco компани газрын тосны олборлолтоо гуравны нэг хүртэл хэмжээнд сэргээнэ гэж Саудын Арабын эрх баригчид мэдэгджээ. Халдлагын улмаас тус компанийн газрын тосны олборлолт хоногт 5.7 сая баррелиар буурсан байна.

Энэ сарын 14-ний шөнө Saudi Aramco компанийн хоёр үйлдвэр нисгэгчгүй нисдэг аппарат буюу дроны халдлагад өртсөн билээ. Үүний улмаас газрын тосны олборлолт 50 хувиар буураад байгаа юм.

Саудын Арабын эрчим хүчний сайд Абдел Азиз бен Салман энэхүү халдлагыг  алан хядах ажиллагаа гэж нэрлэсэн бол энэхүү халдлагын хариуцлагыг Йемений “Ансар Аллах” хөдөлгөөний хүсит босогчид хүлээнэ гээд цаашид ч Саудын Арабын газрын тосны объектуудад цохилт өгнө гэж мэдэгдээд байна. АНУ-ын зүгээс энэ халдлагад Ираны оролцоо бий гэж буруутгаж байгаа бол Ираны зүгээс үүнийг үгүйсгэсэн юм.

2014 оны наймдугаар сараас эхлэн Йемен улсад засгийн газрын хүчнийхэн, хүсит босогчдын хооронд мөргөлдөөн үүсээд байгаа бөгөөд 2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй эвсэл тус улсад нэвтэрснээс хойш нөхцөл байдал улам хурцдаад байгаа юм. Йемений газрын нутгийн ихэнх хэсэгт хяналтаа тогтоогоод буй хүсит босогчдын эсрэг эхлүүлсэн “Шийдвэрлэх шуурга” хэмээх ажиллагаанд Бахрейн, Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс нэгдэж, сүүлд нь Египет, Иордан, Марокко, Пакистан, Судан зэрэг улс дэмжиж буй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top