Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-аас 390 орчим төлөөлөгч ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг ахиулж, уламжлалт найрамдлаа зузаатгах зорилгоор есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Соёлын өдрүүдэд уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, уран сайхны кино, анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээ багтжээ. Тухайлбал, Соёлын төв өргөөнд энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Хятадын нэрт дуучин Дин И, Ли Фэйфэй зэрэг уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Бээжин ” жүжиг, “Арслангийн бүжиг” зэрэг болох юм байна. Мөн тус улсын кино урлагийн сонгодог бүтээлүүд болох “Салхи хагалагч”, “Чонон сүлд”, “Томоогүй хорин найман нас”, Өвөр Монголын Өөртөө Засах Орны /ӨМӨЗО/ нэрт дуучин Тэнгэрийн тоглосон “Дүүлэн ниссэн он жилүүд” зэрэг 10 киног Монгол дуу оруулгатайгаар есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Тэнгис, Гэгээнтэн, Өргөө зэрэг кино театруудаар гаргана.

Хүмүүнлэгийн салбарын солилцооны арга хэмжээний хүрээнд ӨМӨЗО-ны эмч нар Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт есдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээг иргэдэд үзүүлэх юм байна. Уг арга хэмжээг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монгол Улсын БСШУСЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа аж.

Энэ талаар ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян “Энэхүү цуврал арга хэмжээгээр Хятад, Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг бэхжүүлэх, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийг тэмдэглэхэд таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн. “Хятад орныг танин мэдэх” соёлын өдөрлөг Монгол Улсад жил болгон зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байна” хэмээн хэллээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй “Монголын ард түмэнд Хятад улсын нийгэм, ард түмний амьдралын дэвшлийн талаар сурталчилж байна. Мөн энэхүү арга хэмжээгээр дамжуулж “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд Монголын ард иргэдэд хамтдаа хөгжиж, хамтдаа хичээх талаар таниулах зорилготой. Мөн хоёр улсын иргэдийн найрамдлыг гүнзгийрүүлж, энэхүү түүхэн харилцааг хойшдоо хөгжүүлэхийг хүсэж байна” хэмээв.

ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга н.Баянжаргал "Соёлын цуврал арга хэмжээнд оролцохоор 390 орчим төлөөлөгч Улаанбаатарт ирнэ. Хүмүүнлэг, соёлын арга хэмжээ нь хоёр улсын найрамдлыг зузаатгаж, ард түмэн хоорондын ойлголцлыг бэхжүүлэх, ирээдүйд хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Хөтөлбөрт найман төрлийн 20 гаруй арга хэмжээ зохион байгуулагдахаар тусгагдсан. Үүнд урлагийн, цирк, ушугийн тоглолт, уран зураг болон гэрэл зургийн зургаан удаагийн үзэсгэлэн, спортын гэх мэт арга хэмжээ багтаж байгаа" хэмээн ярив.

“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ нь Хятад, Монголын сайн хөршийн нөхцөл байдалд тулгуурлаж, соёлын солилцоогоор дамжуулж, эдийн засаг худалдаа зэрэг бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг бататгаж, хөгжих зорилтыг биелүүлэхэд оршиж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top