Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын бэлтгэлтэй танилцав

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч /2019.02.13/ Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт томоохон бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцуулахыг үүрэг болгосон. Үүнд Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажил, Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх, Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотой асуудал, Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл зэрэг өргөн сэдвүүд багтсан юм.

 

Ерөнхий сайдын үүргийн дагуу өнөөдөр /2019.02.15/ Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Загдсамбар, УСУГ-ын дарга Ц.Төрхүү нар "Төв цэвэрлэх байгууламж" дээр ажиллалаа. 

 

Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнөх бэлтгэл ажил болох орц гарц гаргах, газар чөлөөлөх, төмөр замын гарам гаргах зэрэг асуудлуудтай энэ үеэр танилцаж, ирэх гуравдугаар сарын 01-нээс барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг шалгасан байна.

 

Одоогоор Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000 метр/куб бохир ус хүлээн авч байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000 метр/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган цэвэрлэх байгууламжийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top