УЛС ТӨРИЙН ТОЙМ: М.Энхболдыг огцруулахаар болж, Хот шинэ даргатай боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 20

Өнгөрч байгаа энэ долоо хоногт улс төрийн үйл явдал арвин байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж, өргөн мэдүүлсэн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулж, эрх мэдлээс нь чөлөөлөх хуулийн төслийг парламент баталж, БНСАУ-д Элчин сайдаар томилогдсон ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эгүүлэн татаж, эх оронд нь ирүүлэхээр боллоо. Хотын шинэ даргаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг сонгож, Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүний нэрийг баталгаажуулах л үлдэв. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж, 21 аймгийн Засаг дарга нар Засгийн газрын сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. УИХ дахь АН-ын бүлгийн санаачилсан УИХ-ыг өөрөө тарах тогтоолын төсөлд 14 гишүүн гарын үсгээ зурлаа. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд нарын маргаан, УИХ-ын дарга М.Энхболд, Ж.Батзандан нарын чуулганы танхимд нэгнээ шүүмжилж хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татав. Ингээд өнгөрч байгаа энэ долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн ОНЦЛОХ ДОЛООН ҮЙЛ ЯВДЛЫГ  тоймлон хүргэж байна.


 

1. УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ ХУУЛИЙН ОРЧИН БҮРДЛЭЭ



Өнгөрсөн баасан гарагийн /2019.01.18/  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг болох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулан, гишүүдийн 93.9 хувийн саналаар дэмжлээ.


УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ хуулийн 53.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын гурван өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэж заасан. Мөн хуулийн 53.5 дахь хэсэгт хуулийн 53.4-т заасны дагуу ёсчилсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийг УИХ-ын Тамгын газар 24 цагийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ, 53.6 дахь хэсэгт хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иймд эдгээр заалтуудыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг хуулийг 2019.01.25-ны өдрөөс дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргаад байсан юм.

 

Ийнхүү Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 49 гишүүний 89.8 хувийн саналаар дэмжиж, батлав. Мөн хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 87.8 хувийн саналаар дэмжлээ.

 

2. УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛДЫН "БОГД" БАНКТАЙ ХОЛБООТОЙ 30 ТЭРБУМЫН БАРИМТ ИЛ БОЛЛОО



УИХ-ын гишүүн Л.Болдыг өөрийн эзэмшлийн “Богд” банкиндаа Хөгжлийн банкнаас НАЙМАН сая ам.доллар гаргуулж авсан ба ямар нэгэн хүү төлдөггүй гэж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдэгдээд байгаа.  Харин УИХ-ын гишүүн Л.Болд /2019.01.18/ "Хөгжлийн банк бол Засгийн газрын харьяаны банк. Тиймээс Засгийн газрыг огцруулахын эсрэг байсныхаа төлөө Хөгжлийн банкнаас надад их хэмжээний мөнгө өгсөн бол Засгийн газар огцрох ёстой. Хууль зөрчиж, Засгийн газар надад 30 тэрбум төгрөг олгосон бол нотлохыг шаардаж байна. Ж.Мөнхбат гишүүний удаа дараагийн эрээ цээргүй гүтгэлэгт нэг мөсөн цэг тавихыг хүсч байна" гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Хөгжлийн банкнаас “Богд” банкинд гаргуулсан 30 орчим тэрбум төгрөгийн баримтыг дэлгэлээ.

 

3. УИХ-ЫГ ӨӨРӨӨ ТАРАХ ТОГТООЛЫН ТӨСӨЛД Ж.ЭРДЭНЭБАТ, Г.ТЭМҮҮЛЭН НАР ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЛАА



УИХ-ыг тараах тогтоолын төсөлд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар үсгээ зурлаа. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг, АН-аас санаачилсан УИХ-ыг өөрөө татах тогтоолын төсөлд АН-ын долоо, МАН-ын долоон гишүүн гарын үсгээ зураад байна. 

 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Д.Мурат, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Б.Наранхүү, Я.Санжмятав, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа, Х.Нямбаатар, Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нарын 14 гишүүн гарын үсгээ зураад байгаа юм.

 

4. М.ЭНХБОЛД VS Ж.БАТЗАНДАН



УИХ-ын гишүүн Ж.Батзандан /2019.01.17/ чуулганы хуралдааны дундуур УИХ-ын дарга М.Энхболдод хандаж “Танай эхнэр бол манай Сүхбаатарын гаралтай хүн. Би тэр хүний тухай ярихгүй. Харин та манай нутгийн хүргэн. Би ийм хүргэнтэй байгаадаа ичиж байна” хэмээн хэлсэн бол УИХ-ын дарга М.Энхболд “Сүхбаатарын хүргэн гэхээрээ яах юм. Авгайгаасаа салах юм уу. Чамд таалагдахгүй бол салах уу” гэсэн хариултаар хариу барьсан юм.


Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ яриагаа маргааш нь /2019.01.18/ үргэлжлүүлж, “Нутгийн хөгшчүүл танд хандаж, надаар дамжуулан “Албан тушаалаас болж авгайгаасаа салаад хэрэггүй. Битгий салаарай. Гэр бүлээ бодоорой” гэж хэлүүллээ” гэхэд УИХ-ын дарга М.Энхболд “Та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү их орж байна. Хоёр өдөр энэ асуудлыг хөндлөө. Та хүний үгийг гуйвуулж, мушгихаа боль. Та Сүхбаатар аймагт нэр дэвшиж үзсэн юм уу. Улаанбаатар хавиар л амиа аргацаадаг шүү дээ. Харин ч би Сүхбаатар аймагт нэр дэвшвэл уяачдаасаа хэдэн санал авчихна шүү” гэсэн нь олон нийтийн сүлжээнд дуулиан болоод байна.

 

5. ХОТЫН ДАРГААР С.МӨНХЧУЛУУНЫГ СОНГОЛОО



 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болж, хуралдаанд оролцсон НИТХ-ын төлөөлөгчдийн 55.8 хувийн саналаар С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонголоо.  Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжээд байсан бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлсэн юм.  

 

Ийнхүү дээрх хоёр нэр дэвшигчийн төлөө нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 43 төлөөлөгчийн олонхийн саналыг С.Мөнхчулуун авав.  Нийслэлийн Засаг даргыг сонгох нууц санал хураалт хоёр удаа болсон бөгөөд эхний санал хураалтад НИТХ-ын 43 төлөөлөгч оролцсоноос нэг санал хүчингүйд тооцогдож, нэр дэвшигчдийн санал 21:21-ээр тэнцсэн юм. Иймд тооллогын комиссоос дахин санал хураалт явуулах шийдвэр гаргаснаар хоёр дахь удаагаа нууц санал хураалт явуулж, С.Амарсайханд 19 санал, С.Мөнхчулуунд 24 саналыг НИТХ-ын төлөөлөгчид өгсөн юм.

 

Нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатар ажилласан бол тооллогын комиссын гишүүдэд Д.Баярсайхан, Ц.Одонтунгалаг, Э.Бат-Амгалан нар ажилласан юм. Санал хураалтын журамд саналын хуудасны зураг авах, бусдад санаатайгаар саналын хуудсыг үзүүлэх үйлдэл хийсэн тохиолдолд хүчингүйд тооцох зэрэг нарийн заалтууд тусгасан байв.  Одоо НИТХ-ын санал хураалтын дүнг Ерөнхий сайдад хүргүүлж батламжлуулах юм.

 

6. ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦЫГ ЭЛЧИН САЙДААС НЬ ЭГҮҮЛЭН ТАТАХААР БОЛЛОО



УИХ дахь МАН-ын бүлгийн /2019.01.14/ хурлаар Австрали, Тайланд, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайд Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Б.Хурц нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Учир нь эдгээр хүмүүсийн томилгооны асуудал жил гаруй саатаж байгаа тул Гадаад харилцааны сайдын саналаар буцааж татах асуудлыг бүлгээр хэлэлцэн дэмжсэн байна.

 

7. ЗАСГИЙН ГАЗРААС ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ НЭМЛЭЭ


Засгийн газрын ээлжит хуралдаан /2019.01.16/ болж, тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. 

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж байна. 408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг боллоо.

 

Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг байхаар тогтлоо.

 

Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэжээгч нь нас барсан хагас, бүтэн өнчин хүүхэд гээд халамж зайлшгүй шаардлагатай 60 орчим мянган хүн авдаг.  16 хүртэл насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгож байгаа бөгөөд үүнд 11 мянган хүүхэд хамрагдаж байна.

 

Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асарч байгаа 61 мянга гаруй хүн асаргааны тэтгэмж авдаг юм.

 

Хуралдаанаар эрүүл мэнд, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн баталлаа.

 

Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ

 

2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмлээ. Мөн эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар, дүүрэг, сум, хороо, багийн Засаг дарга, нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг даргын орлогч нарын цалинг найман хувиар нэмлээ.

Эмч, багш нарын цалинг өнгөрсөн онд 9.6 хувиар нэмсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд 30 орчим хувиар нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын цалин 2018 оны байдлаар 804 мянган төгрөг байсан бол одоо 916 мянган төгрөг болж нэмэгдлээ.

 

Цалин нэмэхдээ


-Инфляцийн түвшинтэй уялдуулах

 

-Өнгөрсөн онд цалин нь нэмэгдээгүй төрийн зарим албан хаагчийн цалинг тодорхой хувь, хэмжээгээр өсгөн тооцох

 

-Эрүүл мэндийн болон боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн зөрүүг арилгах

 

-Эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний салбарын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоож, эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэн тооцох

 

-Нийт төрийн албан хаагчийн цалинг нэмэх гэсэн зарчмыг баримталсан байна.

Засгийн газрын /2019.01.16/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийж, танилцуулсан.

 

Төрийн албан хаагч нарын цалинг оны өмнө 10 орчим хувиар нэмсэн бол энэ удаа 20 хувиар нэмж, нийт 30 хувиар нэмснээр үнийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар эдийн засгийн өсөлтийн боломжоор нэмэгдэж байна гэдгийг тэрбээр онцолсон.  Тухайлбал, эмч нарын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 27-47 хувиар нэмж байгаа аж.        


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ талаар мэдээлэл хийхдээ “Эмч нар цалингийн сүлжээгээр 4, 5 дугаар шатлалд байсныг Засгийн газрын хуралдаанаар 6, 7 руу шилжүүллээ. Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар нэмэгдэж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 122-170  мянгаар нэмэгдлээ” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ардын элч(103.10.21.105) 2019 оны 01 сарын 20

МАН өөрсдөө сөнөж байгаагаа мэдэхгүй бусдыг сайн ч муулах юм хөлсний бичиг нарт мөнгийг хахтал өгөх юм даа хөөрхий. Үхтлээ үхэр буу тавина гэгчээр

0  |  0
Top