Эзэн хаандаа баяр хүргэхээр цугласан япончуудын тоо дээд амжилтыг тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 03

 

Нэгдүгээр сарын 2-ны Лхагва гарагт Японы эзэн хаан Акихитод Шинэ жилийн баярын мэнд хүргэж, мэндчилгээг нь сонсохоор 140 гаруй мянган хүн цугларсан гэж Киодо агентлаг мэдээлэв. Эзэн хаан Акихито хаан ширээнд заларсан 1989 оноос хойш ийм олон тооны хүн цугларч байгаагүй бөгөөд энэ нь эзэн хаан Акихито энэхүү хэргэм зэрэгтэйгээ сүүлийн шинэ жилийг угтаж байгаатай холбоотой юм.

Ордныхоо тагтан дээр хатан хаан Митико, угсаа залгамжлах хунтайж Нарухито, ханхүү Акисино зэрэг гэр бүлийнхэнтэйгээ гарч ирж, цугласан олонд шинэ оны баярын мэнд дэвшүүлэн, Японы ард түмэн болон энэ дэлхийн бүх хүнд энх тайван, аз жаргалыг хүсэн ерөөв.

Энэ өдрийн туршид эзэн хааны гэр бүлийнхэн нийт зургаан удаа тагтан дээрээ гарч ирэн, хурсан олонд мэндчилгээ дэвшүүлжээ.

Нас өндөр болсон тул хаан ширээгээ угсаа залгамжлах ханхүүд шилжүүлэх тухай санаагаа эзэн хаан Акихито анх 2016 онд цэнхэр дэлгэцээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ цухуйлгаж байжээ. Орчин цагийн хууль тогтоомжид зааснаар эзэн хаан амь ахуйдаа хаан ширээгээ шилжүүлэх тухай заагаагүй байдаг тул өнгөрсөн оны зургадугаар сард Японы парламент шинэ хууль баталжээ. Эзэн хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээсээ бууж, тавдугаар сарын 1-ний өдөр хунтайжийг хаан ширээнд залах ёслол болох юм.

Японы засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр буюу шинэ эзэн хааныг залахаас нэг сарын өмнө шинэ эрин үеийн нэрийг зарлана. Эзэн хаан Акихитогийн эрин үеийг Хэйсэй буюу Энхийг тогтоох эрин үе хэмээн нэрлэдэг билээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top