#CinemaRoom: Монголчуудад ЗОРИУЛАГДААГҮЙ кино

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

Кино эхлэхэд жүжигчин Т.Бархүү “Чөтгөр ав!” гэж харааснаас л бүх зүйл болж байгаа юм даа. Яг үнэнийг хэлэхэд эхлэлээсээ авахуулаад нэг л харь хөндий санагдсаныг нуух юун. Бичвэрийнхээ эхэнд хэлье. “The Mongolian Connection” бол монголчуудад зориулагдаж хийсэн кино биш!

1. Холливуд арга барил хаана байна!

Манай кино урлагт нэг зүйл үргэлж орхигдоод байдаг. Жинхэнэ сайн уран бүтээлийг үзэгчид нь өөрсдөө таашаадаггүй. Жишээ нь найруулагч С.Бямбын "Алсын удирдлага" кино дэлгэцэнд гарч байх жил /2013 он/ киног театруудаар танхим дүүрэн хүн үзсэн нь юу л бол. Ганц хоёр хүнээс "Ёстой уйтгартай кино байсан" гэснээс өөр үнэлэмж сонсоогүй. Гэтэл "Алсын удирдлага" Монголын кино урлагийн нэрийг одоо ч гадныханд тахалж явааг та мэдэхэд илүүдэхгүй. Тухайн жилдээ олон улсын бүх л том наадмуудад амжилттай оролцож, олон ч шагнал түүсэн.

Гэтэл "Алсын удирдлага", "Өвлийн тууж", "Явуулын хүн" мэтийн дөнгүүр уран бүтээлүүдээ монгол үзэгчид тоож үздэггүй нь эмгэнэлтэй. Үзэгчдийн кино боловсрол, сэтгэлгээ ийм ядмаг байхад Монголд кино урлаг хөгжинө гэдэг бэрх. Нөгөөтэйгүүр уран бүтээлчид үзэгчдээ ийм түвшинд бэлтгэж байгаагаа бодох цаг болсон баймаар.

Олон орны уран бүтээлч хамтарсан, гадаад зохиол, найруулагчтай болохоороо л сайн бүтээл төрчихдөггүй. “The Mongolian Connection” киноны жанжин шугамыг барьж авах гэсээр байтал дуусчихсан нь бүр хөгтэй. Яг юуг хэлэх гэсэн, юуг дүрслэх гээд байгаа нь нэг л ойлгомжгүй.

"Action" гэж хэлээд байгаа адал явдалт, тулаант хэсгүүд нь үнэхээр уйтгартай, сунжирсан, удаан. Нэг үгээр үзэгчдэд ийм эвлүүлсэн дүрс үзүүлж, үүн дээрээ тоглолт хийн, сайн сурталчилаад олон түмний халаас руу гараа дүрж байгаа нь уран бүтээлч хүний ёс зүйд хэр нийцэх вэ? Яг үүнээс л чанартай уран бүтээлийн үнэлэмж, кино урлагийн зах зээлийн үнэгүйдэл тартагтаа тулчихсан нь харагдана. Энэ талаар дорвитой хэлж, ярих хүн  эрхгүй дутагдаж байна. Монгол арга барилаа ч олоогүй байж юун холливуд арга барил, олон улсын зах зээл. Орчин үеийн монгол кинонууд морь унасан толгойгүй хүн лугаа л. Өнчин хүүхэд шиг өөрийн зөв гэсэн замаараа хэдэн тийш зүглэж байгаа нь гарц, хөгжил мөн гэж үү?  

2. Нэг дүр бүтээлээ... Түүнийгээ өөр кинонд дахин дахин бүтээлээ...

Сүүлийн үед үзсэн монгол кинонуудаас нэг л зүйлийг голчилж харсан. Өмнө нь ч энэ тухай дурьдаж байсан. Шууд гол яриандаа оръе. Жүжигчин Б.Жаргалсайханы яг л театрын тайзан дээр жүжиглэж байгаа мэт байр байдлаас нь орчин үеийн үзэгчид бараг залхдаг байх. Тоглосон кино бүртээ нэг хэвэнд цутгачихсан юм шиг дүр. Тайзны жүжиглэлт. "The Mongolian Connection" кинонд ч мөн адил. Монолог уншаад байна уу гэж гайхмаар... Хэзээ болих вэ? Хэзээ бид тайз, дэлгэцийн жүжиглэлтээ ялгаж, салгадаг болох вэ, мэдэрдэг болох вэ?

Жүжигчин Б.Амарсайхан гэхэд ерөөсөө бүтээдэг нэг л дүртэй хүн юм. Түүнд жүжигчний уран чадвар гаргах, хүч сорих, бүтээх дүр энэ нийгэмд алга бололтой. Анзаарвал тэр бараг бүтээсэн бүх кинондоо яг л адилхан жүжиглэлт, дүрээ давтсан гэмээр. Б.Амарсайхан сайн, сайхан, олон улсад данстай жүжигчин байж болно. Уран бүтээлчдэд боловсрол хамгийн чухал, үгүйсгээгүй шүү.

Жүжигчин Б.Цэцэг 2006 онд Бельгийн кино найруулагч Петер Бронсес, С.Бямба нарын хамтарч хийсэн "Хадаг" киноны гол дүрийг бүтээж, олонд танигдсан. Азийн наадмын шилдэг эмэгтэй жүжигчин шагналтай. Гэхдээ энэ бүхэн бас л түүнийг аварч чадсангүй. Яг ямар дүрд тоглоод байгааг нь ойлгох гэж үнэхээр их хичээсэн. Хүний наймааны хохирогч ч юм шиг, хүний наймаачин ч юм шиг, мэдэхгүй. 

Ер нь тэр чигтээ ойлгомжгүй, "action" кино гэж хэлэхэд хэцүү. Энэ бүхнээс дүгнэхэд дүр бүтээнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Тэр дундаа дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөх гэж буй жүжигчдэд олон оролдлого, ганц л боломж бий. Нэгэнт найруулагч, зураглаач тухайн кадрыг чинь боллоо гэж үзээд хальсанд буулгачихсан л бол эргэж засах ямар ч арга байхгүй. Тиймээс л мэргэжлийн гэж тодотгоод байгаа юм. Дүрийн судалгаа, авьяас чадвар, техник, мэдрэмж, сэтгэл зүй, бэлтгэл сургуулилт гэж шаардаад байгаа хэрэг.

3. Кино хийх тактик буюу дутуу сэтгэлгээ

Яг үнэндээ кино үзэж дууссаны дараа юу бичихээ мэдсэнгүй. Нээлтээс хойш хэд хонолоо. Юуны тулд ийм дүрсний эвлүүлгийг "кино" гэж нэрлээд, үзэгчдэд үзүүлээд байдаг талаар бодлоо.

Энэ өдрүүдэд "Улаанбаатар" олон улсын кино наадам Улаанбаатарт зохиогдож байна. Бүтэн долоо хоногийн турш олон улсын шилдэг бүтээлүүдийг өргөн дэлгэцээр гаргах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Уран бүтээлчид минь тэнд очоод ядаж ганц кино ч болов үзээд өгөөч гэж хүсье. Бид бүгдийн яриад байдаг "Дэлхийн" кино чинь тэнд л жинхэнэ гарч байна. Өнөөдөр жинхэнэ киночид киног хэрхэн бүтээж байгааг ярих ч юм биш. Бидний сэтгэлгээний хоцрогдлын асар том ялгааг тэндээс олж харна.

Кино урлагийг бүтээхэд юу хамгийн чухал вэ? Миний ярих гээд байгаа гол зүйл бол "Сэтгэлгээ"-ний тухай л асуудал юм. Хэт хэлбэр хөөсөн кино "Монгол" гэх тодотгол биш. Магадгүй Монголын кино урлагийг илүү энгийн, хүний дотоод мөн чанар руу чиглэсэн сэдэв бүхий бүтээлүүд л тодорхойлж чадна. Иймээс л бид үзэл бодлоо, харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй байна. Яахав, иймэрхүү сул болон дундаж түвшний кино хийсээр байгаад нэг л мэдэхэд хөгжинө дөө гэж бодож болно. Гэхдээ тэгмээргүй байна. Мэргэжлийн найруулагч, кино зохиолч, киноны уран бүтээлчтэй болмоор байна. Сургамаар байна. Гэр бүлээрээ нийлж, найз нөхдөөрөө хамтарч сэтгэлийн хөөрлөөр кино хийдэг баймааргүй байна. Монголд хангалттай ахуй, сэдэв, нөөц, чадвар бий. Харин хэт хийсвэр, оргилуун хүсэл, мэргэжлийн биш хандлага үнэндээ тушаа болсоор байна. Үзэгчид монгол кино үзээд "Wow" гэж дуу алддаг болмоор байна шүү дээ, уран бүтээлчид ээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.178.171) 2018 оны 10 сарын 26

Gadaad jujigchid toglohleer l Holkywoodn kino gj oilgodog, yum uzeegui, uruvdmuur setgehuigee bolimoir yum.

0  |  0
Tsooj (188.29.165.26) 2018 оны 10 сарын 25

Zuv zuv !!!! Zarim kino yag l zohiol haraad unshaad bgaa yum shig bdag bas buun heruul ch bh shig kk zuun toonii sain kino bdag daa !!!!

0  |  0
Tsooj (188.29.165.26) 2018 оны 10 сарын 25

Zuv zuv !!!! Zarim kino yag l zohiol haraad unshaad bgaa yum shig bdag bas buun heruul ch bh shig kk zuun toonii sain kino bdag daa !!!!

0  |  0
Гал(202.126.88.48) 2018 оны 10 сарын 25

АМЬДРАЛГҮЙ ДАГАН ДУУРИАСАН СҮРЖИН НЬ ДАРЖИН БОЛСОН КИНО

0  |  0
ббөбөб(202.21.127.142) 2018 оны 10 сарын 24

голыг нь олж хэлж дэ

0  |  0
Top