Эмэгтэйчүүд бүрэн оношилж эмчлүүлэх боломжтой болов

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн "Алсын зайн оношилгооны төв"-д эмэгтэйчүүдийн умайн хүзүүний бүх төрлийн өвчлөлүүдийг оношлох оношилгооны төхөөрөмжүүд суурилагдлаа. Энэхүү тоног төхөөрөмж суурилагдсанаар эмэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархацтай өвчлөл буюу умайн хүзүүний өвчлөлүүдийг цаг алдалгүй эрт илрүүлэн оношлох, улмаар аймгийн хэмжээнд эмчлэх боломж бүрдэж байна. Манай улсад тэр тусмаа алслагдсан баруун аймгуудад умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь сүүлийн үед эрс ихсэж байгаа учраас алслагдсан хөдөөгийн эмэгтэйчүүдийг цаг алдалгүй оношлох, эмчлэх шаардлагатай байгаа юм. Тус аймгийн хувьд алсын зайн оношилгооны төвийг аймгийнхаа нэгдсэн эмнэлэг дээрээ түшиглэн өнгөрсөн жил байгуулсан. Энэхүү төвийг бүрэн ажиллуулахын тулд орчин үеийн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн хангах учиртай. Гэвч эмнэлгийн тоног төхөөрөмж асар их үнэтэй учраас аймаг дангаараа шууд худалдаад авчих боломжгүй. Иймээс монгол инженерээ түшиглэн "Мед Макс" компанитай Завхан аймгийн ЗДТГ гэрээ байгуулан дэлхийн түвшинд хамгийн сүүлийн үед хэрэгжиж байгаа дэвшилтэт технологиор алсын зайн төвийг тоноглож эхэлжээ.

Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав:

-Манай аймаг нь улсынхаа нийслэлээс 1000 км-т алслагдсан. Аймгийн эмэгтэйчүүдийн дийлэнх нь хөдөө мал малладаг. Малтай иргэд сар бүр эмнэлэгт үзүүлэх нь бүү хэл, эмнэлэгт заавал хэвтэхгүй бол болохгүй нээ гээд учирлаад байхад л хэвтдэггүй зантай. Ингэсээр тухайн өвчин нь хүндэрч эмчлэхэд хүнд болдог. Иймээс "Алсын зайн оношилгооны төв" алслагдсан аймагт оношилгоо эмчилгээ хийх нь өндөр ач холбогдолтой юм. Алсын зайн оношлогооны төвийг тоног төхөөрөмжөөр бүрэн хангах ажил гурван үе шаттай хэрэгжих бөгөөд эхний ээлжинд аймгийнхаа ннйт эмэгтэйчүүдийг умайн хүзүүний өвчлөлүүдийг оношлох оношилгоонд бүрэн хамруулна. Цаашид манай оношлогооны төв бүрэн дүүрэн ажиллаж чадна гэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top