Хятад улс 100 тэрбум доллараар сансрын станц бүтээнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05


Хятад 2020 онд өөрийн сансрын станцыг тойрог замд хөөргөхөөр төлөвлөж буйгаа зарлав. Их бие болон туршилтын хэсэг гэсэн хоёр лабораториос бүрдэх уг станц 60 тоннын жинтэй байх аж. Хятадын Сансар судлалын судалгаа, бэлтгэлийн төвийн профессор Жан Гуо Хуа "Бид төхөөрөмжийг арван жилийн хугацаанд бүтээхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу ажил явагдаж байна. Станцад бичил таталцлын хүч, сансрын цацраг, одон орон судлалын чиглэлээр туршилт явуулах гурван сансрын нисэгч байрлаж ажиллана" гэжээ. 100 тэрбум ам.доллараар бүтээгдэх сансрын станцын их бие уртаараа 18.1 м, 4.2 метрийн голчтой, нислэгийн үедээ жин нь 20-22 тонны хооронд хэлбэлзэх аж. Харин туршилтын 14.4 метр хэсгийн голч, нислэгийн үеийн жин нь их биетэйгээ ижил байх гэнэ. Тус улс үүнээс гадна сансрын станцад ачаа хүргэх хөлөг бүтээхээр төлөвлөжээ. Уг хөлгийн жин 13 тонн орчим, голч нь 3.35 метр байна. Профессор Жан Гуо Хуа сансрын станцынхаа тухай "Манайх Олон улсын сансрын станц болон тойрог замын "Мир" станцаас хэмжээгээр жижиг ч, үйл ажиллагаагаараа тэднээс дутахгүй" гэсэн байна.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top