ХХБ-наас 2 сая ам.доллар залилсан хэрэг ХОЁР ЖИЛ шүүх шатанд гацаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 03

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 оны наймдугаар сард Худалдаа Хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадорж нарын этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч зарим яллагдагч нарын өмгөөлөгчдын зүгээс хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүх хурлыг хойшлуулсан байдаг.

Гэвч энэ хэрэг өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй шүүх дээр хоёр жил гацсан байдалтай байна. 

Хэргийг эргэн сануулахад, 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-ны ШангриЛа дахь салбараас бүлэг этгээд, хуурамч бичиг баримт үйлдэн, их хэмжээний валют буюу хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарч, Б.Бямбадорж,  Ц.Энхтайван, Б.Түвшинжаргал, Э.Золхүү, Б.Энхбаатар, Д.Гажидваанчиг, Б.Баттулга, Б.Баясгалан, Э.Энхсанжаа, Ц.Ариунтамир нарын 10 хүнийг яллагдагчаар татан шалгасан. 

Дээрх этгээдүүд нь залилсан валютаа “Урт цагаан”-ы валют арилжааны цэгт аваачиж солиулсан ба “Тэди” төвөөс iphone-12 загварын гар утас худалдан авсан байжээ. Мөн бэлэн мөнгөөр автомашин худалдаж авсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг. 

Улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Залилах гэмт хэрэг/, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top