19,9 тэрбумын шинэчлэл хийсэн “ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ” хуурамч архинд шинжилгээ хийх ЧАДАМЖГҮЙ ХЭВЭЭР байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 02

Монгол улсын Засгийн газраас 19.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 2022 онд Гаалийн Ерөнхий газрын төв лабораторид хийлгэхээр төсвөөс олгосон байдаг. Гэвч өнөөдөр Гаалийн Ерөнхий газар түүний харьяа гаалийн байгууллагууд хурааж авсан хуурамч архиныхаа шинжилгээг хийх чадамжгүй ажилласан хэвээр байна.

Учир нь Гаалийн байгууллага 2024 оны 1 сард улсын хилээр хуурамч архи хууль бусаар нэвтрүүлж байгаа тухай мэдээлэл өгч, хурааж авсан хуурамч архины шинжилгээний хариу удахгүй гарна хэмээн мэдэгдэж байв. Тухайн үед Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан Замын-Үүдийн гаалиар өдөрт л гэхэд 200-300 хуурамч архи оруулахыг завдсан зөрчил илрүүлэн шалгаж байгаа хэмээн сэрэмжлүүлэг мэдээлэл цацагдаж байсан.

Уг мэдээлэл өгснөөс хойш 2 сар өнгөрч байгаа боловч Гаалийн Ерөнхий газар хурааж авсан хуурамч архиа лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж чадаагүй өдийг хүрлээ. Үүний цаад учир нь Гаалийн Ерөнхий газрын харьяа гаалийн лаборатори  нь архины чанарт шинжилгээ хийдэггүй, зөвхөн барааны ангиллын кодыг л тодорхойлдог  аж.

Тэгвэл Монгол улс улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан, нэвтрүүлсэн хуурамч архинд ч шинжилгээ хийх чадамжгүй, гаалийн лабораторид 19,9 тэрбум төгрөг зарцуулсан болж таарч байгаа юм. Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй садан төрлийн холбоотой гэх дата мэдээлэл бий. 2023 онд тус лабораторийн дарга С.Цэрэнчимэдийг сайн ажиллаж байгааг нь үнэлэн “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” цолоор шагнасан.

Гаалийн Ерөнхиий газар улсаас хөрөнгө мөнгө шийдүүлж, хүнээ шагнуулсан шигээ сайн ажилладаг байсан бол хилээр Монгол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохуйц архи согтууруулах ундааны зүйл орж ирэхгүй байх байсан. Хилээр орж ирж олон тооны хуурамч архийг хаанаас ямар шугамаар орж ирсэн болох, ямар бодис агуулагдсан болох, ямар бодис нь хүний биед ямар аюултайг мэдээгүй өдийг хүргэсэн байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Хилээр орж ирж байгаа хуурамч архийг шинжилж чадахгүй байгаа лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Улсын төсвөөс  гаргуулан авсан 19,9 тэрбум төгрөг хаачсан нь тодорхойгүй замхарчээ. Харин одоо ч Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд ажлаа гүйцэтгэсээр байгаа. Түүнийг даргаар ажиллаж байгаа хугацаанд Улсын төсвийн мөнгө хаачсан нь тодорхойгүй замхарсан байхад хариуцлага тооцоогүй бөгөөд өнөөдөр ч лабораторийн шинэчлэлийг хийж, хуурамч архины дээжийн шинжилгээний хариу гараагүй байна.

Түүний талаар эргэлт.мн сайтад 2022 оны 9 сарын 23-ны өдөр нийтлэхдээ:

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэр буюу тэргүүн хадагтай Л.Болорцэцэгийн төрсөн ах Л.Болдбаатарын эхнэр Сэд-Очирын Цэрэнчимэд нь Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторийн даргаар томилогдон ажиллаж байгаа ажээ. Гаалийн төв лаборатори нь Монгол Улсын хилээр орж болон гарч байгаа бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнд хяналт, шинжилгээ хийх үүрэгтэй байгууллага. Товчхондоо асар их эрх мэдэлтэй албан тушаал гэсэн үг.

ГЕГ-ын харьяа Гаалийн төв лаборатори нь Монгол Улсын хилээр орж болон гарч байгаа бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн, байгалийн баялаг, тэдгээрийг зөөж, тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл гээд бүгдэд хяналт, шалгалт, шинжилгээ хийх үүрэгтэй байгууллага. Товчхондоо Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа нэг чухал нэгж гэсэн үг. Гэтэл энэ чухал албан тушаал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хадам ахын эхнэр нь хашиж байна” хэмээж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч н(218.38.166.82) 2024 оны 04 сарын 02

Гааль бүтэхгүй ээ. Нуль авлига

0  |  0
Top