Палестин-Израилийн мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөний цаана ЮУ БАЙНА ВЭ!

2024 оны 02 сарын 19

АНУ Израил-Палестины мөргөлдөөнийг шийдвэрлэх төлөвлөгөөг бэлтгэж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Мөн Газын зурвас дахь цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 28.6 мянга гаруй хүн Израилийн хүчнийхний үйл ажиллагааны золиос болсон талаар Палестины Эрүүлийг хамгаалах яамнаас мэдээлжээ.

Америкийн хэвлэлүүдэд энэ зуур Вашингтон Палестины түр зуурын Засгийн газар байгуулахыг уриалсан урт хугацааны энхийн зохицуулалтын төлөвлөгөөг бэлтгэж дуусаж байгаа талаар мэдээлэл гарсан байна. АНУ энэхүү санаачилгын хүрээнд Палестиныг албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрөх эрмэлзэлтэй байгаа аж.

Гэсэн хэдий ч шинжээчид ийм төлөвлөгөө биелж магадгүй гэдэгт эргэлзэж байгаа гэнэ. Учир нь АНУ сөргөлдөгч талуудын хоорондын зарчмын саналын зөрөлдөөнийг анхааралдаа аваагүй аж. Газын зурваст Израилийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш палестинчуудын дунд амиа алдагсдын тоо 28.6 мянгыг давсан. Бөмбөгдөлт болон буудалцааны улмаас Газын зурвасын янз бүрийн дүүрэгт амиа алдагсдын тоо одоогийн байдлаар ийм байна. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд шархадсан хүмүүсийн тоо 68.4 мянгад хүрчээ. Палестины Эрүүл мэндийн яамны мэдээллээр Газын зурваст нэг хоногт 70-80 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаддаг байна.

Маргаантай төлөвлөгөө

Израилийн батлан хамгаалах арми (ЦАХАЛ)-ийн үргэлжлүүлж буй цэргийн ажиллагааны хүрээнд энгийн иргэд амиа алдах нь их байгаатай холбоотойгоор АНУ Ойрх Дорнодын хэд хэдэн улсын хамт нөхцөл байдлыг зохицуулах төлөвлөгөөгөө удахгүй танилцуулахад бэлэн болох аж. Жо Байдены засаг захиргаа болон Ойрх Дорнодын хамтрагчдын жижиг “бүлэглэл” нарийвчилсан цогц төлөвлөгөөг дуусгахаар яарч байгаа гэнэ. Тэд Израил, Палестины хувьд удаан хугацаанд энх тайван тогтоохоор зорьж байгаа аж. Тэр дундаа үүнд Палестин улс байгуулах тодорхой нөхцлүүд багтсан бөгөөд ойрын хэдэн долоо хоногт зарлаж магадгүй гэж Америкийн албаныхнаас иш татан хэвлэлүүд бичжээ.

“The Washington Post” сонин эх сурвалжаас иш татан мэдээлснээр, энэхүү төлөвлөгөөний эхний үе шат нь зургаан долоо хоногийн хугацаанд гал зогсоох хэлэлцээр байгуулах гэнэ. Энэ нь энхийн санаачилгыг бүрэн сурталчлах, өргөн хүрээний дэмжлэг авахад цаг хугацаа олгох аж. Нэмж дурдахад, уг төлөвлөгөөнд Палестины түр Засгийн газрыг байгуулах тодорхой хугацааг заасан гэж үзэж байгаа гэнэ. Мөн тус сонины эх сурвалжууд энэхүү санаачилгын хүрээнд АНУ Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх бодолтой байна гэжээ.

Үүний зэрэгцээ, Палестины өмнөд хэсэгт орших Рафах хотод ЦАХАЛ-ын ажиллагааг өргөжүүлэх нь нөхцөл байдлыг улам хурцатгаж, энх тайвны энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх боломжгүй болгоно гэж Вашингтоны албаныхан болгоомжилж байгаа аж.

Өмнө нь хоёрдугаар сарын эхээр Израилийн эрх баригчид Рафахт байрлах ХАМАС бүлэглэлийн батальонуудыг устгах зорилгоор армиа оруулахаар төлөвлөж байгаагаа зарласан. Газын эрх баригчдын тооцоолсноор тус хотод дор хаяж 1.3 сая энгийн иргэн үлдсэн байна. Хоёрдугаар сарын 12-ны шөнө Израилийн нисэх онгоцнууд тус хотод цохилт өгчээ. Арабын орны хэвлэлүүдийн мэдээлснээр уг цохилтоор 100 орчим хүн амиа алдаж, 230 гаруй хүн шархаджээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хоёрдугаар сарын 15-нд X хуудсаараа дамжуулан “Газын зурвас дахь тулаан бүрэн ялалтад хүртэл үргэлжлэх болно. Тэр дундаа Рафах хотод тулаан болно” гэж мэдэгдсэн.

Тэгвэл НҮБ, Европын холбоо зэрэг хэд хэдэн улс, олон улсын янз бүрийн байгууллага, холбоод нь Рафах дахь цэргийн ажиллагааг эсэргүүцэж байна. Хот руу дайрвал олон тооны энгийн иргэд амь үрэгдэж, хүмүүнлэгийн сүйрэлд хүргэнэ гэж тэд үзэж буй.

Рафахтай хиллэдэг Египет улс мөн “Хэрэв Израилийн зэвсэгт хүчнийхэн тус хотод нэвтэрвэл Израилтай байгуулсан энхийн гэрээгээ цуцална” гэж сүрдүүлжээ. Египетийн эрх баригчид тус хот руу хийсэн дайралт нь дүрвэгсдийн хяналтгүй урсгалд хүргэнэ гэж эмээж байна. Египетийн эрх баригчид 40 орчим танк, хуягт тээвэрлэгч зэрэг нэмэлт цэргийн хүчийг Израилтай залгаа хил рүүгээ илгээжээ.

АНУ-ын боловсруулж буй энхийн төлөвлөгөө нь Рафах хотыг цэвэрлэхээр төлөвлөж байгаа, Зүүн Иерусалимд нийслэлтэй Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх Израилийн байр суурийг эрсдэлд оруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Биньямин Нетаньяху Палестин улс байгуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан билээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Израилийн удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээр хийснийхээ дараа тэр даруй дахин энэ тухай ярьсан бөгөөд өмнө нь сэтгүүлчидтэй ярилцахдаа Палестин-Израилийн мөргөлдөөнийг хоёр улсын зохицуулалтаар шийдвэрлэх боломжийг хүлээн зөвшөөрсөн юм. Үүний дараа энэ сарын 10-нд Б.Нетаньяху “ABC News”-д байр сууриа илэрхийлэхдээ “Хоёр улсын шийдлийн тухай ярьж байгаа хүн бүрээс би асуумаар байна. Та нар үүнийг юу гэж ойлгож байна вэ? Палестинчууд армитай байх ёстой юу? Тэд Ирантай цэргийн гэрээ байгуулж чадах уу? Тэд Хойд Солонгосоос пуужин болон бусад үхлийн зэвсгийг оруулж ирж чадах уу? Тэд хүүхдүүдээ терроризм, устгах зорилгоор үргэлжлүүлэн сургах ёстой юу? Мэдээж үгүй гэж би та бүхэнд хариулах болно” гэжээ.

АНУ-ын ивээл дорх энх тайвны төлөвлөгөөний тухай мэдээлэлд Ойрх Дорнод мөн л эргэлзжээ. Египетийн Гадаад хэргийн яамны тэргүүн асан, Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Амр Муса “Палестин-Израилийн асуудлаарх энхийн үйл явц, төлөвлөгөөг эртнээс эхлүүлж байсан. 1990-ээд онд “энх тайвны үйл явц” гэсэн үг хэллэг арваад жилийн турш ашиглагдаж, үр дүнд хүрсэн. Энэ бол зүгээр л заль мэх байсан” гэсэн байна.

Амьд үлдэх өчүүхэн ч боломж байхгүй

Шинжээчид, ялангуяа Оросын цэргийн шинжээчид бичихдээ “ЦАХАЛ Рафах хотын захад цэргийн ажиллагаа явуулж байгаа тул палестинчуудын дунд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэнэ. Израилчууд довтолгоонд нэлээд удаан бэлтгэсэн. Гэхдээ тэд Рафахт зорилгодоо хүрсэн ч энэ нь мөргөлдөөнийг бүхэлд нь зогсооно гэсэн үг биш” гэжээ. Хэлэлцээрийн үйл явцыг зохион байгуулахад хүндрэл учруулж буй энэхүү мөргөлдөөнд хоёр талын эвлэршгүй байр суурь байгааг тэд мөн сануулсан байна.

Түүгээр ч барахгүй АНУ-ын байр суурь нэлээд будлиантай бөгөөд зөвхөн нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэв. Мөргөлдөөний аймшигт золиосыг ямар нэгэн байдлаар нөхөж чадах цорын ганц арга бол Палестин улсыг хүлээн зөвшөөрөх явдал аж. Гэхдээ Израилийн тал үүнтэй огт санал нийлэхгүй байгаа тул ийм заалт агуулсан гэрээг танилцуулж болно гэдэгт итгэхэд бэрх. Энэ бол бүх зүйл далдлагдсан, маш зальтай цаас л байх болно гэдгийг улс төр судлаачид бичжээ.

АНУ болон уг үйл явцад оролцогч бусад талууд мөргөлдөөнийг ямар нэгэн байдлаар царцаах талаар бооцоо тавьж байгаа, Палестины тал үүнийг зөвшөөрөхгүй гэж шинжээчид үзжээ. Палестин-Израилийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг нэлээд эртнээс, тэр дундаа НҮБ-ын түвшинд шийдвэрлэсэн аж. Энэ шийдвэр нь, палестинчуудын өөрсдийн улсаа байгуулах эрхийг хийсвэрээр хүлээн зөвшөөрч, ямар нэгэн шилжилтийн Засгийн газар байгуулахад үндэслээгүй, харин тодорхой газар нутаг дээр улс орныг жинхэнэ ёсоор байгуулахад үндэслэсэн гэнэ. Энэ бол Газын зурвас, Баруун эрэг, Зүүн Иерусалимын нутаг дэвсгэр юм. Тиймээс Вашингтоны санаачилга газарзүйн тодорхой бус үндэслэлтэй тул хэрэгжих боломж байхгүй гэв.

АНУ биелүүлэх боломжгүй үүргийг өөртөө авч байгаа бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэг болон НҮБ-ыг түлхэж, Палестины асуудлыг шийдэхийг оролдож байна гэжээ. Палестины асуудлыг шийдвэрлэх энх тайвны төлөвлөгөө, шийдэлд зориулсан энэхүү төсөлд амьд үлдэх өчүүхэн ч боломж байхгүй гэж шинжээчид үзэж байна.

Израил нь Палестин улс байгуулах тухай сонсохыг огт хүсэхгүй байна. Тиймээс хэрэгжих боломжгүй нь ойлгомжтой төлөвлөгөөг Вашингтон танилцуулна. Энэ нь мөргөлдөөний эргэн тойрон дахь хурцадмал байдлыг намжаах, Израилд үйл ажиллагаагаа дуусгах боломжийг олгохын тулд хийж байгаа зүйл байх, гэхдээ тодорхой бэрхшээлтэй тулгараад байна гэж улс төр судлаач нар тайлбарлажээ. Үүний зэрэгцээ, мөргөлдөөний туршид Вашингтон Израилийн палестинчуудын эсрэг үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох бодит арга хэмжээ аваагүй бөгөөд энэ нь олон мянган хүн хохироход хүргэсэн гэв. Бодит байдал дээр палестинчуудыг устгах цэргийн ажиллагаа л тэнд үргэлжлэх болно гэж шинжээч дүгнэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top