Go Mongolia буюу Өөдөө тэмүүлэх Монгол

2024 оны 02 сарын 01

Монгол Улсын аялал жуулчлалын хүрээ сүүлийн жилүүдэд улам бүр өргөжин тэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар, Гадаад харилцааны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүтгэл үүнд ихээхэн бий. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараагаар аялал жуулчлалыг сэргээж, гаднаас жуулчин татах нь эдийн засгийн нэг чухал хөшүүрэг ч гэж хэлж болно.

Монгол Улс 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж эхний жилдээ нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөн 2023 оны уриа үгээрээ "Welcome to Mongolia"-г сонгосон. Монголын өвлийн улирал хатуу ширүүн, хахир хүйтэн байдгаас гаднынхан тэр бүр ирдэггүй бол өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд 68 мянган аялагч хүлээн авсан нь бодит үр дүн байлаа. Улсын наадмын үеэр, зуны, намрын саруудад ч жуулчдын хөдөлгөөн тасраагүй. Ерөнхий сайдын ахалсан Үндэсний хороо идэвхтэй ажиллаж агаарын тээврийн либералчлал, гадаад орнууд дахь сурталчилгаа үр дүнгээ өгч, 30 гаруй орны иргэдийг визээс чөлөөлжээ.

“Welcome to Mongolia”-ийн хүрээнд 2023 онд Монгол Улсын эдийн засагт эерэг үр дүнгүүд гарч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, аялал жуулчлалыг дэмжих цогц бодлого хэрэгжүүлэн агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон.

Дотоод нислэгийн чиглэлүүдээ нэмэгдүүлж, үнийг нь хямдруулсан. Гадаад сурталчилгаанд анхаарснаар Монголын тухай контентуудыг дэлхийн 155 сая хүнд хүргэсэн. Энэ бүхний үр дүнд Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж, Монголын талаарх эерэг ойлголт 40 орчим хувиар нэмэгдэн гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа өнгөлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн чуулга уулзалтын өндөр дээд түвшний төлөөлөгчдөд хэдхэн хоногийн өмнө танилцуулсан юм.

Тэгвэл 2024 онд Монгол Улс 1.3 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж "MongGOlia, Always Moving" хэмээх брэндийг дэлхий дахинаа зарлан аялал жуулчлалд илүү их анхаарахаа шинэ оны босгон дээр мэдэгдсэн билээ. Энэ 2024 он, хөх модон луу жилд Монгол орныг дэлхийд сурталчлах гол түлхүүр үг нь дээрх "Go Mongolia" буюу "MonGOlia, Always Moving" байх юм.

“Welcome to Mongolia" түлхүүр үгээр Монголд зочлох жилийн хүрээнд манай улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашдаа “GO MONGOLIA” үндэсний брэнд нь аялал жуулчлалын салбар төдийгүй эдийн засгийн салбар, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн улс орны нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг олон улсад  илэрхийлэх түлхүүр үг байхаар болов. 

MonGOlia хэмээх түлхүүр үгэнд орсон Go нь “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлэхээс гадна Монгол бол эртний төрт ёсны түүхтэй нүүдэлчин ард түмэн, үргэлж урагшлан дэвшдэг залуучуудын орон, парламентын засаглалтай ардчиллын баян бүрд бөгөөд Монголд зочилж шинийг мэдэр гэсэн утгыг “Go Mongolia” илэрхийлэх юм. Монгол Улсын тэргүүлэх бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч, аялал жуулчлалын салбар болон эрдэмтэн судлаачид, улстөрч, сэтгүүлч, соёл урлагийн салбарын төлөөллийг хамруулсан судалгааны баг бүтэн нэг жил, хоёр сарын туршид ажиллаж, Монгол Улсын ялгарал, монгол хүний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэх үндэсний онцлог бүхий энэхүү "Go Mongolia" буюу "MonGOlia, Always Moving" түлхүүр үгийг бүтээжээ. Энэ нь дэлхийн олон оронд  “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж шинэ боломжийг ол” гэх зэрэг салбар бүрийг сурталчилж болох өргөн утга, агуулгыг багтаасан энгийн, оновчтой түлхүүр үг болсныг хамтарсан судалгааны багийнхан онцолжээ. “Mongolia.Always Moving” гэх уриа үг нь зогсолтгүй шинэчлэгдэх, сэтгэл хөдөлгөм гэсэн агуулгыг давхар илэрхийлэх юм. Монгол Улсыг олон улсад илэрхийлэх дээрх түлхүүр үгийг Соёлын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран гүйцэтгэжээ. Энэ 2024 оны нэгдүгээр сарын дундуур Швейцарийн холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож томоохон зочид, төлөөлөгчдийг хамруулсан арга хэмжээг нэгдүгээр сарын 18-нд зохион байгуулсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Go Мongolia” брэндийн олон улсын ач холбогдол, 2023 онд зохион байгуулсан “Welcome to Mongolia”-ийн үр дүн, Монгол Улсын эдийн засгийн сэргэлт зэргийг төлөөлөгчдөд танилцуулж, жил бүр Улаанбаатар хотноо болдог Монголын эдийн засгийн форумд хүрэлцэн ирэхийг урьсан билээ.

Ийнхүү 2024 онд ч эдийн засаг, Монголын аялал, жуулчлалын салбар тасралтгүй хөгжиж Go Mongolia  буюу “Өөдөө тэмүүлэх Монгол” уриагаар улам олон аялагч, жуулчдыг хөх тэнгэрийн орондоо урин залахаар болоод байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яанадаа(118.200.73.23) 2024 оны 02 сарын 02

2050,2040 ,шинэ сэргэлт,хөдөөний сэргэлт,алсын хараа ,Бүсийн хөгжил гд 8 жил худалаа попорж хурал зөвөлгөөн,чуулган хэлэцүүлэг хийлээ,Хийсэн бүтээсэн юу ч алга.Улс өрөнд баригдлаа,тоггүй,түлшгүй,унаагүй,иргэд ядуурч,МАНы дарга нар хагарталаа баяжлаа.Сонгуул дөхөөд мөнгөө тарааж луйварын санал авах ажилаа эхлүүллээ.Бөөн хулгай луйвар..

0  |  0
Top