Жолоодох эрх хасах ял нэмэгдэж, торгох ялын доод хэмжээ 6 дахин нэмэгдлээ

2024 оны 01 сарын 03

Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлж, УИХ-аар 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эцэслэн баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.

Эдгээр хууль нь 2024 оны нэгдүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн.

(2024.01.03)


Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Зөрчлийн хуульд оруулсан өөрчлөлтийн талаар "Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын гэмт хэргийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ. Өмнө нь согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгодог байсан. Мөн дээрх шалтгаанаар эрхээ хасуулсан этгээд дахин согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол шүүхээс 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг байсан.

Тэгвэл шинэ хуулиаар жолооч эхний удаа согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоногийг хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. Мөн жолооч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад эрхээ хасуулсан, эсвэл зохих журмын даргуу шалгуулахаар зайлсхийсэн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасаж, 2.7-14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Мөн Эрүүгийн хуульд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэж хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хасах, мөн 2.7 саяаас 14 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна. Энэ ялын бодлогын өөрчлөлтөөр эрх хасах ял нэмэгдэж, торгох ялын доод хэмжээ 6 дахин, дээд хэмжээ 3 дахин нэмэгдсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ 5 сараар, дээд хэмжээ 2 жилээр нэмэгдсэн.

Энэ төрлийн гэмт хэргийг согтуурсан мансуурсан үедээ, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн бол эсвэл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 3-5 жилийн хугацаагаар хасна. Мөн 1-3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулна.

Тээврийн хэрэгсэл жолоодож байгаад хоёроос дээш хүний амь насыг хохироосон бол эрх хасах ял 8-12 жил, хорих ялын хугацаа  2-8 жил жолоодох эрхийг хасна.

Зөрчил гаргасан хүн, хуулийн этгээд торгуулиа хугацаандаа төлбөл торгуулийг 50 хувиар хөнгөлнө. Хугацаа гэдэг нь 15 хоногийн хугацаанд төлнө гэсэн үг. Харин хуульд заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ. Торгуулиа төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийн шинэ төрөл оруулсан.

Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжих эрхийг хязгаарлах, жолоодох үнэмлэх авах, ангилал нэмэх, нөхөн авах, ангилал нэмэх, өөрчлөх эрхийг хязгаарлана. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана." гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(95.117.24.135) 2024 оны 01 сарын 03

mash zuw umhi sogtu malnudad yag tohirson shitgel bna

0  |  0
Ганаа(66.181.190.29) 2024 оны 01 сарын 03

Цагдаа нарын орлого нэмэгдэх нь дээ\n

0  |  1
Top