Утаатай ч гэсэн Улаанбаатар минь-1

2023 оны 12 сарын 01

Нас шүдийг нь тоолж, намба царайг нь харах юм бол манай хотыг хэн хүнгүй залуу хот хэмээдэг. Хэдэн мянгаар тоологдох настай хотууд байхад хэд гуравхан жилээр хэмжигдэх нь ч бас бий. Саяхан Нурсолтан Назарбаев хасагийн талд  шинэхэн Астана хотын суурь тавьж, өнөөдөр дэлхийн гоёмсог хотуудын хэмжээнд аваачжээ.  Тэр зориг шийдэмгий казах өвгөн ард түмнээ араасаа хөдөлгөн энэ ажлын эхлэлийг тавьж ирээдүйг заасан ажаам. Астана сайхан хот гэнэ ээ. Уулын бугыг хараад унасан бухаа муулав гэгчээр дэлхийн шинэ, хуучин хотуудын тухай дурсан ярихаас илүү орон гэр болсон одоо цагийн хотынхоо тухай бодохгүй байж хэн чадна аа.

Анх л Халхын Түшээт хаан Гомбодорж хүү Занабазарыгаа Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн түүнд зориулан одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь “Монгол уул”-ын өвөрт орших үзэсгэлэнт сайхан Ширээт цагаан нуурын орчимд Худагтын өргөө байгуулснаар манай нийслэлийн анхны суурь тавигдсан гэж үздэг. Тэр л цагаас хойш нийслэл маань 28 удаа нүүдэллэн, буудал сууриа сольсны эцэст 1778 онд Хүн чулууны хонхор буюу одоогийн энэ байгаа газар ханаа дугуйлснаас хойш бас чиг чамгүй хугацаа өнгөрсөн байнам. Анх л Ширээт цагаан нуурын хөвөөнөө суурьшсан цагаас нь эхлэн тоолбоос 380 жил өнгөрч буй ажээ.

Нийтлэлч Б.Чимидийн “Сарны бидэр” хэмээх VII ботиос нь түүний “Утаатай ч гэсэн Улаанбаатар минь 1,2” нийтлэлийг энэ дугаартаа нийтэлж байна.

“Өмхий юм гээд бөгсөө авч хаядаггүй” гэдэг шиг утаатай юм гээд Улаанбаатараа хаяад нүүх нь юу л бол.

Б.Чимидийн “Сарны бидэр” хэмээх ботид хэд хэдэн хөрөг найруулал, ярилцлагаас гадна, 70 сая малтай атлаа гадаадаас 6000 тн хуурай сүү импорлодог тухай “Гашилгах ганцхан технологитой цагаан идээ гэгч”, Хар тамхи, зэвсгийн наймааны дараа ордог эмийн бизнесийн тухай “Өдрийн гурваар уугаарай”, монголчуудын цаг барьдаггүй, үдээс өмнө хойно, маргааш нөгөөдөр гэж ярьдаг баримжааг дэлгэсэн “Монголчуудын морин цаг”, усаа хайрлаж гамнахгүй урсгасаар байгаа байдлыг дүгнэж цэгнэсэн “Ус уух хувиа урсгаад барчихгүй юмсан” зэрэг асуудал хөндсөн олон эсээ, нийтлэлүүдээс нь сонгон уншигч танаа байна.

Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын төв хойд хэсэгт хан Богд уулын ард, хатан тунамал Туулын хөвөөнд далайн төвшнөөс дээш 1310 метр өндөрт оршдог. 1911 онд Олноо өргөгдсөн Богд хаант монгол улс байгуулагдсан өдрөөс албан ёсоор “Нийслэл хүрээ” гэж нэрлэгдэн хотын статустай болжээ. Харин Улаанбаатар хэмээх нэрийг 1924 онд анхны үндсэн хуулиа батлаад, улсынхаа нийслэлийг   ийн нэрлэсэн түүх бий. Энэ үеэс төр, засаг захиргааны төв төдийгүй, эдийн засаг, соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан зэрэг нийгмийн бүхий л салбарын төв болсон юм.

Нэг хэсэг Хятадын гамин цэрэг, түүний дараа Оросын цагаантан  манай нийслэлийг эзэрхийлж байсан түүх бас бий.  Одоо дөрөв дэх үндсэн хуулиа засч сайжруулах тухай ярьж, хэлцэж суугаа энэ цаг мөчид арай л улсийнхаа нийслэлийн нэрийг солино гээд давхих нь халгүй ёстой хөнжилдөө орох завгүй хөлөө жийлцэн уралцаж байгаа цаг мөчтэй нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байна.

Цаг хугацааны шалгуур дааж, түг түмэн хүний оюун санаанд улсын нийслэл нэрээр хоногшин үлдсэн төдийгүй, хэн хүний сэтгэлд алдар нэрээ мөнхжүүлсэн гэж хэлж болно. Түүнд сайн сайхан нь ч, бас хар бараа нь ч бүгд багтан нэгэн сав дүүргэж эдүгээгийн өнгө төрхөө нэгэнт олжээ.

Манай Улаанбаатар сайхан хот. Нэгэнтэй “Азийн цагаан дагина” хэмээн хүндлэгдэж, эсгий хот байсан ахуйг нь мартагнуулан алдаршуулж байсныг хэн ч мартахгүй. Магадгүй хоцрогдсон феадализмийн үе, харийнхны хэлж ярьж байснаар бараг сөнөх шахаж буй үндэстний төв хот ингэж сэргэсэнд хамаг учир байгаа биз. ХХ зууны эхэн үед монголчуудын амьдрал ямархан байсныг урдахаа сөхөөд харчихдаг сэхээтэй хүнд бол ойлгомжтой. Бараг л ийм сайхан байсан мэт, эсвэл ардчиллын үед, зах зээл сэргэнгүүт хот босоод ирснээр гэнэн сэтгэх, бүр өнгөрсөн 2012-2016 оны хооронд, Э.Бат-Үүл баатарын үед хамаг юмыг самурай бондын хөрөнгөөр барьчихсан юм шиг ярьдаг бичдэг хүмүүс байгаад харамснам. 

Энэ хотыг 1778 оноос хойш л урлан бүтээсэн байнам. Хэний ярьснаар нь биш, хэний бүтээснээр нь түүх хэмждэг. Монголын бичигдмэл түүхийн ноён оргил “Монголын нууц товчоо” зохиолд Туулын хар шугуйд Хэрэйдийн Ван хан Тоорил, дараа нь Их монгол улсын хаадын их орд өргөө  байсан тухай өгүүлсэн нь бий. Дэлхий дээрх 200 гаруй улс орнуудын нийслэл хотуудын дунд манай нийслэл оршин тогтносон он хугацаа нь 400 шахам жилийн түүхээрээ дээгүүрт ордог, эгнээндээ 1,0 сая гаруй хүнийг багтаасан гэдгээрээ дэлхийн том хот буюу “мегаполис” хотуудын эгнээнд багтаж, цааш улам томрох нь тодорхой болоод буйг өнөө хэн ч мэднэ. Ердөө 30-аад жилийн өмнө 500,000 хүнтэй  байсан хот 2007 оны 4-р сард 1,0 саяд хүрч, дэлхийн саятан хотуудын 182 дугаарт, Азийн саятан хотуудын 107 дугаарт жагсаж байсан нь 10 жилийн өмнөх явдал. Улаанбаатар хотын сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсний төвд байрласан Богд хан уулын уламжлалт шүтээн Хангарьд юм.

Улаанбаатар,

“Үүлс дээшээ тэнгэрт тулж,

Уулс тийшээ хаяа тэлж байна”.

Дөрвөн уулын дундаа ярайн байгаа Улаанбаатар хот бол монголчуудын эртний бөгөөд эдүгээгийн зүрхэнд уяатай хот. Мэдээж олонтой нүүдэллэснийг эс тоочвол энэ л түмэн өлзий бүрдмэл дөрвөн хайрхан уулын дунд цогцлон босч өдрөөс өдөрт гэрэлтэн тэлж байна. 

Улаанбаатар хот, хөгжлийн хугацаандаа таван ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлсэн бөгөөд эхний дөрвийг нь Москвагийн ГИПРГОР институтын архитекторууд хийсэн билээ. Мэдээж Оросын архитекторууд, хот төлөвлөгчид гүйцэтгэсэн болохоор Европ хандлага чиглэл зонхилсон хэмээн шүүмжлүүлдэг. Үнэн нь тэр юм.

Анх Монголд баригдаж эхэлсэн байшингууд хүртэл тийм загварынх байлаа. Тухайлбал, Богд хааны “Ногоон ордон”-ны тэнд барьсан европ маягийн хоёр давхар барилга, Өндөр хоршоо, Рехийн байшин зэрэг нь анхных гэгдэх бөгөөд түүнээс хойш Улаанбаатарт  их барилгажилт эхэлж одоогийн хотын төвийн дүр төрх бий болсон ажаам.

Улаанбаатар хот 2018 оны байдлаар 1,444.7 сая хүнтэй, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 66.6 хувийг эзэлж буй хамгийн  жин дарсан хот гэж хэлж болно. Энд монгол улсын төр засаг, яам тусгай газар байрласан, засаг захиргааны төв хот гэдгээрээ  бусдаас ялгарах эрх зүйн үндэс, статустай хот. Монголын соёл, шинжлэх ухаан, урлаг, боловролын төвүүд байрлаж, гадаадын  элчин, конслууд ажиллаж, ёстой түм түжигнэж бум бужигнаж байна.

Энэ сайхан хотын ирээдүй хаана байна. Нэгэнтээ монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Улаанбаатар ирээдүйгүй хот учраас хөрөнгө оруулах шаардлагагүй хэмээн хэлж байсан. Улсын маань зүрх тархи болсон Улаанбаатарыгаа тэгж хэлж болно гэж үү. Тэгээд яах юм. Өөрөө санаачлан Хар Хорумыг нийслэл болгох гэж байсан мөрөөдөлдөө хөтлөгдсөн хэвээр бол тэгж хэлж болох ч “Өмхий юм гээд хошногоо хаячихдаггүй” гэдэг шиг л аашилж болно гэж үү. Ам халсан үедээ юу ч хэлж хошгируулж чаддаг тэр хүний ёстой “хавчиж чадалгүй алдсан” үг нь энд оршин суугаа сая гаран хүний урмыг хугалсан билээ. Одоо хаашаа нүүх вэ тэгээд.

Манай хот утаатай л даа. Хэн утаатай болгосон юм. Буруу бодлого, буруунгуй шийдвэр ийм байдалд хүргэсэн шүү дээ. Монгол Улсын 1992 онд батлагдлсан ардчилсан гэх тодотголтой шинэ үндсэн хуулийн 13-р зүйл, хүний болон иргэний эрх, эрх чөлөө гэсэнд “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох” гээд заачихсан учраас  нэг нөхөр үндсэн хуулийн цэцэд хандан,

-Хот руу шилжиж суурьших гэхэд хотоос мөнгө нэхээд иргэдэд дарамт үзүүлж байна, энэ нь үндсэн хуулийн ийм заалт зөрчлөө хэмээн заргалдаад л хот руу хандах их нүүдлийн  ам сэжүүрийг тавиад өгсөн. Тэгээд л сүүлийн 30-аад жилийн дотор Улаанбаатрын хүн ам 3 дахин өссөн шүү дээ. Нүүж ирэгсэд хоттой хонь малаа зараад, эсвэл зуданд үхүүлж хотоо харлуулаад амь зуухын эрхээр  нүүж ирсэн. Нэгэнт хуультай юм чинь хаашаа нүүж, хаана буухаа мэдэж зүтгэж яваа тэр хүнд бурууг өгөхөөсөө илүү бодлогогүй хуулийн “балаг” гээд хэлчихвэл нэг их буруудахгүй.

Ингэж л утаа үүссэн шүү дээ. Тэр аргагүй. Хотын захаар бүхэл бүтэн гэр хорооллууд үүсэж, түүхий нүүрс түлээд, мөн ядуу зүдүүгийн туйлд хүрсэн иргэд аль шатаж, ноцож болох бүх зүйлийг түлж онд орж байлаа шүү дээ. Харин утааг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан асар их хөрөнгө нь хаачлаа гэвэл өөр юм ярьдаг л даа. Зүгээр л “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм болно” гэсэн В.И.Лениний сургаалийн дагуу  цахилгаанжуулах аян дайнд мордсон бол тэр их хөрөнгийг ингэж нүүрс түлээ, дулаалга энэ тэрхэн гээд цацахгүй л байх байсан даа. Улаанбаатар бол тусгай статустай хот. Үүнийг анх үндсэн хуулиндаа суулгаад өгсөн бол ингэхгүй байсан. Учир нь ёстой нөгөө л “Болсон явдлын дараа цэцэн ноён олон” гэгчээр алдааны гор ингэж гарч ирж байна. Жишээ нь манайхны их дууриах дуртай, үлгэр авдаг АНУ л гэхэд нийслэл Вашингтон бол тусгай статустай учраас тэнд  манайх шиг нийслэл рүүгээ чихээд суучихсан юм байхгүй, аанай л цөөхөн хүн ам, засаг захиргааны төв гэдгээрэй хязгаартай. Америк иргэн дуртай газраа амьдрах эрхтэй гэсэн заалт үндсэн хуулинд нь байдаг ч юм уу, үгүй ч юм уу, юутай ч засаг захиргааны төв бол дуртай болгон нүүж очоод шургалаад, орогноод  байдаг газар биш бололтой.

Хүн нэмэгдэхээр хүнс нэмэгдэнэ. Олон иргэн, ард түмэнтэй байх сайхан л даа. Гэхдээ өөрийн даац гэж нэг юм бий. Нөгөө “билчээрийн даац хэтэрлээ” гээд ярьдаг шиг хотын өөрийн нь багтаамж, чадавх хэрээс хэтэрсэн. Хотын дарга нарын санаа зовоодог нэг “шүдний өвчин” бол яах аргагүй хотын замын түгжрэл. Нэгэнтэй одоогоос бараг 20 жилийн өмнө “Хотын замыг өргөслөө гээд асуудал шийдэгдэхгүй” хэмээн сонинд асуудал дэвшүүлсэн өгүүлэл биччихсэн чинь хотын дарга асан Ц.Батбаяраар, зам өргөсгөхөөр асуудал шийдэгдэнэ биз дээ, Чимид гуай та хотын бодлогын эсрэг юм битгий дуугараад бай хэмээн олоон хүний өмнө зэмлүүлж билээ.

Үнэндээ зам өргөсгөлөө гээд асуудал одоо болтол шийдэгдээгүй байгаа. Бас түүний дараа Э.Бат-Үүл дарга Улаанбаатар хотод метро барих тухай үлгэр зүүдэлж эхэлж байтал “үүр” цайчихсан. Жилд 100.0 мянган тоогоор импортын машин орж ирж дөрвөн уулын дунд хөдөлж байхад машины түгжрэлийг зогсоох, багасгах гэдэг амаргүй, одоохондоо дугаарын хязгаарлалт хийгээд л өдөр хогийг өнгөрөөж байна. Хамгийн зөв шийдэл бол гүүрэн орц гарц, давхар зам барих, хотын дэд бүтцийг хөгжүүлж, хотоо тэлэх л асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл маш жижиг “ходоод”-нд юу ч багтахгүй байгаагаа мэдэх хэрэгтэй. 

Харин хот тэлэхийн тухайд, Богд хан уулыг нүхлэн тунелин гарц урагшаа гаргавал 10 гаруйхан км яваад л Зуун мод орно. Магадгүй хотын хонхор доторх утааг сорох “яндан” ч болчих юм бил үү хэн мэдлээ. Нэгэнтээ хотын утаанд Богд хан уул “буруутай” гэсэн хошигнол л явж байсан. Төв аймаг хийгээд Сэлэнгэ, Хэнтийн наад захын сумуудыг оролцуулан Улаанбаатар муж байгуулах замаар хотоо тэлэх ёстой. Тэгвэл ийм танай манай аймаг сум гэж ярихгүйгээр жигд хөгжих, түгжрэхгүй байх бололцлоо бий.

Зуслангийн ногоон бүсийн ой, дархан цаазат Богд хан уулын хамгаалалтын горимд өөрчлөлт оруулж, нэгэнт “дархан цаазат” гэх статус алдагдсан учраас хотын, нийслэлчүүдийн амьдрах орчин болгох асуудлыг өндөр хэмжээнд тавьж шийдэх учиртай. Удахгүй “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” хэлэлцэгдэх гэж буй энэ цаг үед босгож тавих асуудал яг мөн. Яагаад. Монголд ойн тухай хууль гэдэг юм анх 1931 онд батлагдсанаас л хойш хотын ойролцоох ой, ногоон бүс хамгаалатын ой гэсэн категорт багтсаар ирсэн. Одоо  савандаа багтахаа байсан Нийслэлчүүд  хаана толгой хоргодох болж байна аа. Нөгөө л хамгаалалтын ой гэдэг хуулийн заалтаар, орох нь ойн хуулийн дагуу, гарах нь мөн хуулийн дагуу байх уу, эсвэл “хотын ой” гэдэг тусгай статусаар ашиглах, өмчлөх нь шийдэгдэх үү гэдэг асуудал. 

Ийм мэдээжийн амьдралын горим, зүгээр л хуулийн зохицуу­лалтын асуудлыг одоо болтол шийдэхгүй байгаа нь хууль боловсруулагчид хийгээд  холбогдох орон нутгийн байгууллага, иргэд, нийгмийнхээ асуудалд хэрхэн хандаж яах хөөцөлдөж байгаагийн наад захын “хариуцлагагүйн” жишээ гэж хэлж болно.

Одоо ногоон бүс ямар хуулиар, хэн зохицуулж байна вэ. Төв аймагт баригдсан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал олон улсын чанартай бүс болохоос гадна бүгд л Улаанбаатарыг зоригсод сууж, буух нь гарцаагүй. Тэднийгээ машинд суулгаж аваад Богд хан уулаа тойроод давхиж байх гэдэг амаргүй. Одоогийн 40 гаруй км замыг 10-хан болгож богиносгож бас л болно шүү дээ.

Хотын хөгжлийн төлөө хэдэн дарга, даамал нь санаа совдог, бусад нь хэнд нь ч хамаагүй мэт цариалах явдал их л алсаас улбаалж иржээ. Гэтэл Улаанбаатар Монгол Улсын нийслэл шүү дээ. Наад захын жишээ. Хотын хүн ам олшрох нь нүүж ирэгсдэд хамаагүй мэт боловч тэр их хотын амьдрал бүгдийг зохицуулах, орон байр, хоол хүн, унаа тээвэр, ус цахилгаан, хүүхдийн сургууль цэцэрлэг гээд бүгд хотод ачааал болж хувирдаг. Гэтэл хот өөрийн төсвөө бүрдүүлээд, өөрөө захиран зарцуулах эрх, тэр бүү хэл бонд гаргах ч эрх үндсэндээ алга. Хотын дарга, менежерт орон сууц, тээвэр, иргэдийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх мэт хамгийн амин чухал бүх наад захын хэрэглээ хамаатай. Түүнээс биш онгоц шатахуунгүй байна уу, хивсний үйлдвэр ноосгүй, Говь комбинат ноолуургүй байх бол асуудал биш. 

Харин социализмын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхад АПУ комбинатын архи, пивоны төлөвлөгөө тасархад л  Б.Алтангэрэл дарга хашгираад буучихдаг байсан юм. Хотын дарга С.Мөнхжаргалыг дуудахад яамны сайдууд, Б.Алтангэрэлийг дуудахад  саяхан “Монгол тулгатны 100 эрхэм-ээр орж байсан эдэгээ 102 настай С.Лувсангомбоос авахуулаад бүгд “жирийгээд” ирдэг байлаа. Нийслэл хотын дарга яамны сайдын эрхтэй, бүгдийг атгаж зохицуулж чаддаг байсан юм. Тэр аргагүй. Улаанбаатар хотыг хангах асуудал улсын нуруун дээр байж байв. 

Хүүхэд залуучуудын паркад 1000 мод тарих асуудлаар Ой модны аж үйлдвэрийн яамны сайд Д.Цэдэнд Ю.Цэдэнбал дарга үүрэг өгөөд, маргааш нь Гацууртын эх, Их, бага Баянаас 800 шинэс, 200 гацуур ухаж хотод тарих үүргийг яамны мэргэжилтэн би 3 хоногийн дотор гүйцэтгэж байлаа. Энэ хот бидний орон гэр учраас тэр.  Тэгтэл одоо Сэлэнгэ, Булганы тарьмал ойгоос мод сийрүүлэн авч тарих гэхэд, БОАЖЯ-ны нэг мэргэжилтэн тас хорьж, хайран ой, ойн экологид хохирол учирна гэх ухааны юм яриад ажлыг таслан зогсоож чадаж  байна.

Энэ их хотыг тохижуулан цэцэрлэг­жүүлэх ажил хот тохижуулахын хэдэн хүний ажил биш, тэр тусмаа байгаль орчинг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчин үүсгэх үүрэг тус яаманд бас бий. Энэ хүмүүс хотын иргэн мөн үү. Яагаад тус болдоггүй юм аа гэхэд тушаа болж байдаг юм бэ гэмээр. Хотод тусалж дэмжээд гарц  гаргалгааг нь олоод, хамтраад ажиллаж болохгүй, юу юуны туханд хүрээгүй хаах, харамлах, хашраах арга хэрэглэнэ бэ.

Ийм том хотыг  бүтцийн хувьд ч харж үзэх, статусыг нь өргөтгөх явдал байсаар байгаа. Би дээр цухуйлгасан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль шинэчилж байгаа гэж. Энд дорвитой асуудлыг цогцоор нь оруулж шийдмээр байгаа юм. Одоо хийх гэж буй Үндсэн хуулийн өөрчлөл шиг “холион бантан” болгож хаяхгүйгээр  хийх шаардлагатай. Харахад “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-д ямар өөрчлөлт оруулах, яах гээд байгаа нь  маш нууцлаг, нийслэлчүүдээр хэлэлцүүлж байгаа юмыг би олж харахгүй л байна. Тэгэхээр монгол улсын нийслэл гэдэг ямархан “хатуу самар” болохыг ах захгүй мэдэж, их багагүй оролцож байж  авч явах бидний өөрсдөө барьж босгосон их өлгий гэдгийг мэдэж ажиллах шаардлага хаа хаанаа байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top