С.Баярхүү: Байгаль хамгаалагчдын амь нас баталгаагүй нөхцөлд байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 11 сарын 27

Монголын байгаль хамгаалагчдын хоёрдугаар чуулган Улаанбаатар хотноо болж, 500 гаруй төлөөлөгч тулгамдсан асуудал, учирч буй бэрхшээл, цаашдын гарц шийдлийг хэлэлцэж байна. Том жийп унаж, буу зэвсэг агссан хулгайн анчдын эсрэг гар хоосон тэмцдэг, Хятадын ямаан мотоциклиор хойноос нь хөөгөөд гүйцдэггүй, харин ч унаж осолдох, бэртэж гэмтэх, цаашилбал амь насаа алдаж мэдэх эрсдэл дунд ажилладаг. Тиймээс бидэнд зэвсэг хэрэгсэл өгдөггүй юм гэхэд ядаж сум нэвтэрдэггүй хантааз өгөөч хэмээн байгаль хамгаалагчид санал бодлоо хэлж байсан юм. Бид "Монголын байгаль хамгаалагчдын холбоо" ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Баярхүүтэй ярилцлаа. 


-Байгаль хамгаалагчдын чуулганд оролцогчдын байр суурийг нэлээд сонслоо. Бид байгалиа хамгаалж яваа, гэтэл биднийг хамгаалах хэрэгсэл юу ч алга, улаан гараараа тэмцдэг гэж ярьж байна. Энэ удаагийн чуулганы гол зорилго, гарц шийдэл юунд чиглэх вэ?

-Бүх салбарт янз бүрийн хурал чуулган хийж байгаа ч үр дүн нь чухам ямар байгааг мэдэхгүй байна. Харин байгаль хамгаалдагчдын анхдугаар чуулганы үр дүн боломжийн гэж харж байна. Байгаль хамгаалагчдын чуулган хоёр дахь удаагаа “Бид эх дэлхийн байгаль хамгаалагч” гэсэн уриатай болж байгаа. Анхны чуулган “Бид байгаль хамгаалагчид” уриан дор өнгөрсөн жил Төрийн ордонд чуулсан. Хурал, чуулганаар ихэнхдээ хийсэн ажлын тайлан хэлэлцээд тардаг байсан бол анх удаагаа өөрсдийнхөө төлөө, ажил мэргэжлийнхээ онцлогийн талаар дуугарснаараа онцлог болсон.

Тэр хүрээнд нь БОАЖЯ, салбарын сайд анхаарал тавьж, байгаль хамгаалагчдын ажиллах орчин, нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ, бид юу хийж чадав гэдгээ энэ удаагийн чуулганаар дүгнэнэ.Цаашид байгаль хамгаалагчдын ажлын байрны нөхцөл, тулгамдаж буй асуудлаар сая яригдсан зүйлүүд, тухайлбал байгаль хамгаалагчид төсвөөс цалинждаг, бүх талаар дутуу гуцуухан явж ирсэн. Ихэнх асуудлыг олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд шийдээд явдаг, биднийг тэд л сургалтад хамруулж боловсруулж ирсэн гээд ярьж байна. Энэ дотор асуудлуудыг авч үзэх юм бол байгаль хамгаалагчдын ажиллах орчин маш өвөрмөц. Яагаад гэвэл, тэд оффист сууж ажилладаггүй. Зарим нь суух ёстой ажлын байрнаасаа 300 км-ийн хол байж ажилладаг. Байнга хөдөө хээр ажилладаг нь ч байна. Гэтэл тэдний эрүүл мэнд, амь нас маш баталгаагүй нөхцөлд байна. Ажлын байран дээрээ, ажлаа хийж явахдаа гэдгийг тодорхойлоход төвөгтэй. Яг хөдөө хээр, эсвэл уулын тагд  байгаль хамгаалагчийн гэр байгаа нөхцөлд тэрийг  ажлын байр гэж үзэх ёстой. Гэтэл үүнийг ажлын байр гэж үзэхгүй байх ч юм уу, ямар нэгэн байдлаар байгаль хамгаалагчдыг хэвийн  амьдарч, ажлаа хийх боломж нөхцөл хязгаарлагдмал байна. Зөвхөн Монголд ч биш олон улсад байгаль хамгаалагчид дандаа ийм бэрхшээлүүдтэй тулгардаг. Энэ талаар бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийж ирэв, ямар ахиц гарав, бид юун дээр алдаад байна вэ, одоо юуг сайжруулж засах вэ гэдгийг л энэ чуулганаар хэлэлцэж байна.

-Байгаль хамгаалагчид зарим нь тусгай хамгаа­лалттай газрынх гээд дүрэмт хувцастай, зарим нь энгийн байна. Энд ямар ялгаа байна?

-Чуулганд тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, сумын байгаль хамгаалагч гээд удирдлагын тогтолцоо нэг нь босоо, нөгөө нь хэвтээ байгаа учир БОАЖЯ шууд  бүгдийг  нь харъяалж, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээр хангаж, сургалтад хамруулж, орчин үеийн судалгааны аргууд заагаад явахад төвөгтэй. Удирдлага нь өөр учраас зарим нь сумынхаа Засаг даргаас шууд томилогддог, зарим нь аймгаасаа томилогддог байгаль хамгаалагчид байгаа. Манайх 1040 гаруй байгаль хамгаалагчтай, энэ хүмүүс төрийн албан хаагч гэж төсвөөс цалинжиж ажиллаж байгаа. Тэднийг яавал ялгамжгүй байлгах вэ гэдэгт асуудал бий. Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч гээд бүгд ижил формын хувцастай, тоног төхөөрөмжөөр хангагдсан, байнга сургалтад хамрагдаж, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж байдаг байгаль хамгаалагчид байгаад байх уу. Сумын байгаль хамгаалагч нь оффисын  өрөө байхгүй, унаа уналга муутай, амьтан харах техник, тоног төхөөрөмжгүй, ургамлынхаа, бэлчээрийнхээ гарц байдлыг тодорхойлж, мэдээ тайлан гаргах боломжгүй нөхцөлд байлгаад  сумын зарлагын ажлыг хийлгээд байх юм уу. Зүгээр нэг гоожин бичигч байх уу. Энэ мэтээр цөөхөн байгаль хамгаалагчаа  хэн нэг Засаг даргын зараалын ажилтан байлгамааргүй байна шүү дээ. Энэ том газар нутагт дөнгөж 1040 байгаль хамгаалагч гэдэг бол хангалтгүй. Тиймээс хангалттай орчин нөхцлийг нь бүрдүүлж, нийгмийн баталгааг нь хангаж өгөх юм бол бид ирээдүй хойчдоо байгаль орчноо одоо байгаагаас нь нэг их дордуулахгүйгээр хүлээлгэж өгмөөр байна шүү дээ. 

-“Бидний олонх нь 60 нас хүрч тэтгэврээ авч чадахгүй нас барж байна. Тэтгэврийн насыг 55 болгочихвол ядаж таван жил өөрийнхөөрөө амьдрахсан” гэж ахмад байгаль хамгаалагч хэлсэн. Та сонссон байх?

-Ер нь бол байгаль хамгаа­лагчид нас өндөр болоод ажил үүргээ гүйцэтгэхэд төвөгтэй болдог. Ялангуяа өндөр уулын бүс, тайгад ажилладаг байгаль хамгаалагчдын ажиллах орчин нөхцөл нь хүнд. Тийм болохоор ажлын байртай нь уялдуулж бодит судалгаа гаргаж, түүнд нь үндэслэн тэтгэврийн насыг нь тогтоомоор байгаа юм. Үнэнийг хэлэхэд манай байгаль хамгаалагчдаас тэтгэвэртээ гараад 10 жил амьдарсан хүн цөөхөн. Тэтгэвэртээ гараад таван жил амьдарсан хүн ч цөөн. Ихэнхдээ тэтгэвэртээ гарахын даваан дээр, эсвэл гарангуутаа бурхны оронд оддог. Ийм байж болохгүй, тэгэхээр энэ яаж ч бодсон бидний харах ёстой өнцөг, яаралтай шийдүүлэх асуудал. Нөгөө талаас байгаль хамгаалагчдыг  бид зүгээр нэг зарлага юм уу, гоожин бичдэг хүн гэж хармаагүй байгаа юм.

-Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан, гэмтэж бэртсэн байгаль хамгаалагчдын судалгаа, жагсаалтыг гаргадаг гэсэн. Хэр олон хүн байгаа вэ?

-Манай холбоо байгуулагдаад удаагүй. 2018 онд анх бий болсон. Гэхдээ амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа байгаль хамгаалагчдын бүртгэлийг хийж эхэлсэн. Олон улсад мөн бүртгэдэг бүртгэлийн систем байна. Манай холбоо Олон улсын байгаль хамгаалагчдын холбоо, Азийн байгаль хамгаалагчдын холбооны албан ёсны гишүүн байгууллага. Монголоос дээрх бүртгэлийн системд хэдэн хүн бүртгэгдсэн бэ гэдгийг хайгаад үзэх юм бол нээлттэй харагдаж байгаа. Ер нь байгаль хамгаалагчид хэний төлөө, юуг хамгаалж яваад өөрийн амь нас, эрүүл мэндээр хохирч байна вэ гэдгийг бид маш сайн анхаарч харах ёстой. Энэ бүртгэлд одоогоор 10-аад кэйс бүртгэгдсэн байгаа. Учир шалтгаан нь хуулийн байгууллага дээр очихоор бүдгэрч алга болдог асуудал байна. Гэтэл амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал бол тэр хүн ажил үүргээ гүйцэтгэж яваа цаг хугацаатай нь давхцаж байдаг. Олон улсын байгаль хамгаалагчдын холбооноос ийм кэйсүүдийг жил бүр судалгаа гаргаж, мэдээлдэг. Монголоос ирвэс хамгаалагч Сүмбээ агсны нэр албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Байгаль хамгаалагчийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой энэ асуудалд нөхөн олговор олгогддог. Нөгөө талаас байгаль хамгаалагчийн ажил ийм эрсдэлтэй, та бүхэн ийм байдалд хүрч болзошгүй гэдгийг анхааруулж  мэдээлснээрээ бусад байгаль хамгаалагчдад өөрсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэхийн тулд  олон улсад судалгаа гаргаж, мэдээлж, зарладаг. 

-Бид байгалиа хамгаа­лаад байдаг. Гэтэл бид өөрсдийгөө хамгаалах зэвсэг, хэрэгсэлгүй. Өвч зэвсэглэсэн, том машин унасан хулгайн анчид ирж дарамталдаг, хэл үгээр доромжилдог, хөөгөөд гүйц­дэггүй. Ядаж сум нэвтэрдэггүй хантааз өгөөч гэж байгаль хамгаалагчид хэлж байсан?

-Ер нь бол байгаль хамгаалагчид ажлын байрны нөхцөл, тоног төхөөрөмжөөр аль аль талдаа дутагдаж байдаг. Тэр болгоныг төсвөөс бүгдийг өгч, бүрэн дүүрэн хангаж ажиллуулаад, 100 хувь үр дүн нэхэж чаддаггүй. Дандаа гадаадын тусламж, дэмжлэг, олон улсын хөтөлбөрийн хүрээнд ихэнх тоног төхөөрөмжүүдийнхээ шинэчлэлийг хийдэг. Тэгэхээр өнөөдөр байгаль хамгаалагчид яг өөрсдийнхөө амь нас, эрүүл мэнд, мэдлэг боловсролтой холбоотой  тулгамдсан асуудлаа ярьж байна. Тэртэй тэргүй надад буу өглөө гэхэд Галт зэвсгийн тухай хуулиар маш олон шаардлага тавигдана, тусгай сургалтад сууна гэх мэтчилэн олон шат дараатай ажлууд ундарна. Тиймээс наад захын шаардлага нь сум нэвтэрдэггүй хантааз өгөөчээ гэж байгаа юм. Энэ жилийн чуулган өнгөрсөн жилийнхээс өөр байгаа нь олонх нь “цалингаа нэмүүлье” гэж дуугарч байсан бол өнөөдөр бусад тулгамдсан асуудлаа түлхүү ярьж байна. Тухайлбал, энгийн нэг эмхтгэсэн сургалт биш цогц, шинжлэх ухааны судалгааны арга зүйдсуралцах тухай ярьж байгаа нь үнэхээр ололт шүү. Би үргэлж хүмүүсийнхээ тархины цөлжилтийг яавал хурдан багасгах вэ гэж бодож явдаг. 2022 оноос өнөө хүртэл ганцхан жилийн дотор цалингийн өөрчлөлтийг хийнэ гэдэг амаргүй. Гэсэн ч бид чадсан. Энэ жил бол бид илүү нарийн шинжлэх ухааны үндэстэй арга зүйд суралцмаар байна. Бодитой дата цуглуулмаар байна, үүний тулд байнгын сургалтад хамруулж өгөөч. Тоног төхөөрөмжөөр хангаач. Гарч буй хуулиудаар сургалт, зөвлөгөө өгөөч, танилцуулаач. Тэгэхгүй болохоор бидний ажлын байран дээр зөрчил гараад байна гэсэн асуудлыг олон хүн ярьж байна.

-Энэ чуулганаас зөвлөмж гаргана гэсэн. Ямар асуудлыг дэвшүүлж байна вэ?

-Манай холбоо энэ удаагийн байгаль хамгаалагчдын чуулганаас маш ойлгомжтой гурван асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Нэгдүгээрт, яамны байгаль хамгаалагч, сумын байгаль хамгаалагч гэж орон нутагт ялгаварлан гадуурхсан байдлыг арилгах нь зөв юм. Хоёрдугаарт, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх санхүүжилтийн механизмыг ойлгомжтой бөгөөд  тасралтгүй урт хугацааных болгож шийдэх хэрэгтэй. Гуравдугаарт, байгаль хамгаалагчийн ажлын байрны үнэлгээг дахин хийж, бодит тэтгэврийн насны хязгаарыг шинэчлэх хэрэгтэй байна. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ байгаль хамгаалагчдыг бодитоор дэмжиж, шаардлагатай шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаад талархаж байна. Эцэст нь хэлэхэд, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, эрх зүйн байдлын тухай зохицуулалтыг цогцоор нь шийдвэрлэх хувилбаруудыг гаргаж ирвэл 500 гаруй байгаль хамгаалагч жил дараалан чуулж байгаагийн үр дүн болно гэж бодож байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яүёхши(119.40.103.3) 2023 оны 11 сарын 28

хэцүү ажил гэдгийг ойлгож байна. Гэхдээ дайн байлдаан болж байгаа биш дэ. хантааз нь ч юув дээ. Тэгээд тэр хантааз чинь өндөр үнэтэй байнга зүүж явахад хүнд л эд байдаг байлгүй дэ.

0  |  3
Top