ОЛОН ӨНГӨ | Хүний ертөнц, сайхан сэтгэл

2023 оны 11 сарын 03

Амьдралын баяр жаргал, зовлон бэрхшээл ээлжлэн байдаг хорвоод ядарч зовохын нэгээхэн мөчид нутаг нугын ахан дүүс, найз нөхөд, танил тал тус дэм болоход үүлтэй бүрхэг тэнгэрт наран мандах лугаа сэтгэл тэнийн уужирдаг юм. Ер нь сайхан сэтгэл хүнийг ямагт өөд нь татаж байдаг. Хүн хүнийхээ хүчинд сэтгэл зүрхээ бүлээсгэн бие биеийнхээ дэмэнд, хар буруу санахгүй сайхан сэтгэлээр хандаж байх юм бол аяндаа хүн бурханы хэлээр сэтгэлээрээ ариун болж, бусдын сэтгэлийг даах ухаарлыг олж, аливаа зүйлийг зөв ухаарч, хүч гарахгүй байгаа юм уу эргэлзээтэй зүйлдээ бусдын тусламжийг авах зэргээр зөв шийдэлд  хүрснээр бүх юм сайхан  болдог, ажил үйлс ч бүтдэг байна.

Хүссэнээрээ зугаалж цэнгэснээр амьдрал ахуй сайжрахгүй. Зовох зүдрэх, жаргах баярлах аль алиныг дааж, өөрөөр хэлбэл зовлон жаргалдаа багтаж ухаан зарсан хүн л  хүссэндээ хүрдэг  жамтай. Хүмүүс бие биеэ урамшуулж, баярлуулах бүрд,  энэ халуун илч гэрэл гэгээнд сэтгэл нь бүлээсэн дулаацаж, хариуд нь тэр сайхныг бусдад илгээхсэн гэсэн хүсэл төрдөг ажээ.

Өвдөж зовж, зүдэрч, гутрахын үед хэн нэгний сэтгэлийн халуун илч гэрэл, хайр халамжийг мэдрэхдээ өвчин зовлонгоо умартаж, бие сэтгэл нь хөнгөрч, гуниг гутарлаа таягдан хаядаг байна.

Хүмүүсийн бие биедээ өгч буй хайр халамж, итгэл сэтгэл, урам өршөөл, энэрэл нь хүний сэтгэлийг дулаацуулан уяруулдаг ажээ. Энэ их гэрэл хүний сэтгэлийн хар барааныг сүлэн өөрчлөх увидастай ажээ.

Г.ДОВДОНДОРЖ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top