NBA | Хэн нь ТҮРҮҮЛЖ, хэн нь СҮҮЛ мушгих вэ...

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 23

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн шинэ улирал эхлэх гэж байна. Сагсан бөмбөгийн талаар дагнан бичдэг 20 сэтгүүлчийн таамаглалыг нэгтгэн аль баг нь хэдэн хожил байгуулах талаар таамагласныг уншигч танд хүргэе.


№30: Вашингтон Визардс, 22-60

Шидтэнүүдэд яг одоо авьяастнууд хэрэгтэй. Багийн бүрэлдэхүүн, ерөнхий чадамжийг харвал энэ багаас их зүйл хүлээгээд хэрэггүй. Жордан Пүүл, Кайл Кузма нар шидэлтийг “асгаруулах” ч хамгаалалт нь тааруу байх учраас эсрэг багтаа олон оноо алдах эрсдэлтэй. Хэд, хэдэн залуу тоглогчийг урт улирлын дундуур хөлөө олно гэж найдаж болох ч солилцоо наймаагаар хэд, хэдэн туршлагатай тоглогч авбал байдал өөрөөр эргэж мэдэх юм.


№29: Портлэнд Трэйл Блейзэрс, 25-57

Багийн үзүүлж чадах амжилт үнэндээ 25-аас ч илүү. Драфтын дээгүүр сонгогдсон Скүүт Хендерсон, Шейдон Шарп нарыг багийн шинэ цэрэг ДеАндре Эйтонтой хэрхэн хослуулж чадахаас бүх зүйл хамаарна. Түүнчлэн хашир туршлагатай Малколм Брогдон, Жерами Грант, Роберт Уильямс нар байгааг мартаж болохгүй. Баг яг сэргэлтийн цэг дээрээ байгаа учраас энэ улирал ерөнхийдөө туршилтын улирал байх өндөр магадлалтай.


№28: Детройт Пистонс, 28-54

Одоогоос хоёр жилийн өмнө драфтын тэргүүн сонголтоор буучидтай нэгдсэн Кейд Каннингхем яг одоо сэргэлтийн цэг дээрээ байн. Магадгүй оны амжилт нь ахисан тоглогч шагналыг авч ч мэднэ. Гэвч баг ерөнхийдөө залуухан тул туршлагатай багуудын эсрэг яаж тоглох нь эргэлзээтэй. Буучдаас бодит амжилт харъя гэвэл дор хаяж гурван жил шаардлагатай. Тэр болтол багийн тоглогчид туршлага суух, нэгнээ мэдрээд эхэлбэл ямар ч багийн эсрэг өрсөлдөөн үзүүлэх нь дамжиггүй.


№27: Сан Антонио Спөрс, 32-50

Тэдэнд лигийн шинэ од, магадгүй ирэх арваны өнгө төрх байж мэдэх, Францын залуу тоглогч Виктор Вэмбаньяма бий. Гэхдээ түүнд NBA дүүрэн од болж, дасан зохицоход цаг хугацаа хэрэгтэй. Улирлын өмнөх тоглолтын формыг нь харвал дасан зохицоход тийм ч их хугацаа шаардахгүй нь харагдсан. Спөрсийн хамгаалалт өнгөрсөн улиралд маш муу байсан. Шүүрэн шанага шиг хамгаалалт өмнөх шиг байвал 32 ялалт гэдэг бол хангалттай үзүүлэлт.


№26: Хьюстон Рокетс, 33-49

Өнгөрсөн жилийн пуужингууд тун таар байсан. Гэхдээ энэ зун итгэж болох авьяастнуудаар хүчээ зузаатгасан билээ. Фред ВанВлит, Диллон Брукс, Жок Ландейл нар бүгд л тодорхой үүргийн тоглогчид. Жален Грийн, Жабари Смит нарыг ч бас дурдахгүй өнгөрч болохгүй. Авьяастнууд хоорондон хэрхэн зохицуох нь тодорхогүй байгаа ч туршлагатай тоглогчид талбай дээр яахаа хангалттай мэднэ. Ямар ч гэсэн өнгөрсөн жилийнхээс хангалттай өөр тоглолт үзүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.


№25: Шарлотт Хорнетс, 34-48

Өнгөрсөн улиралд гэмтэл авч харамсалтайгаар улирлаа дуусгасан Ламело Болл улирлын тэн хагаст эргэн ирэх нь эргэлзээтэй. Гэвч Майлс Бриджс өөрийгөө хэрхэн ухамсарлаж, үүргээ хэрхэн гүйцэтгэхээс энэ багийн амижилт хамаарна. Төвийн тоглогч Марк Уильямс энэ лигт оршин тогтноно гэдгээ харуулсан ч Стив Клиффорд холбон тоглогчийн үүргээ хэрхэн биелүүлэх вэ гэдгийг анхаарах нь зүйтэй. Хурд, бас дахин хурд гэдэг үг энэ багийн улирлын өнгө төрхийг тодорхойлно.


№24: Орландо Межик, 35-47

Энэ баг тун удахгүй амжилт үзүүлнэ. Үүнийг хөгжөөн дэмжигчид нь ч, спортын аналистууд дуу нэгтэй дэмжиж байна. Тэдэнд авьяастай хоёр довтлогч байгаа ч хамгаалалтад туслах тоглогч дутагдаж байгаа нь хамгийн том асуудал. Шидтэнүүд таамаглаагүй муу, бүр эсвэл тооцоолоогүй амжилт ч үзүүлэх боломжтой баг. Гэхдээ нэг чухал асуулт байна. Франц Вагнер, Паоло Банчеро нарын аль нь энэ багийн ирээдүй вэ...


№23: Юта Жазз, 35-47

Энэ баг өнгөрсөн улиралд үзүүлэх ёстой амжилтаасаа хэд дахин муу тоглосон. Гэхдээ энэ улиралд ч ихийг хүлээгээд нэмэргүй бололтой. Багийн бүрэлдэхүүнийг харвал олны танил болсон Уолкер Кесслэр, Келли Олиник, Лаури Маркканен нар л бий. Тэд туршлагаараа залуучуудад нөлөөлж, багийн нэг цул болгох уу гэдэг том асуултын өмнө ирээд байна. Түүнчлэн Жон Коллинс өөрийгөө харуулж, амжилтаа ахиулах уу гэдгээс энэ багийн ирээдүй шалтгаална.


№22: Индиана Пэйсерс, 37-45

Энэ багийн хамгийн чухал наймаа бол яах аргагүй Тайрез Халибөртоны наймаа байлаа. Түүнчлэн Оби Топпин, Брюс Браун нарыг нэмсэн нь талбайн аль ч хэсэгт байрлалын төлөөх тэмцэл өрнүүлж чадахаар болсон. Гэхдээ хариултаа олоогүй олон асуулт байна. Майлс Тернер хамгаалалтаа сайжруулсан уу, Бадди Хилд чухал үед төгсгөж чадах уу зэрэг асуулт хариултаа олж чадвал багийн амжилт үүнээс ч илүү байх боломжтой. Хамгийн ойлгомжтой нэг зүйл гэвэл Халибөртонтой хослох хоёр од энэ багт дутагдаж байгаа. Багийнхан нь дутагдаж байгаа тэр одыг өнгөрсөн жилийн драфтын 6 дахь сонголт Беннедикт Матуриныг гэж бодож байгаа.


№21: Чикаго Буллс, 36-46

Өнгөрсөн жил бухнуудыг аз түшсэн. Гэмтэл бэртлээс ч холуур, зарим талаар азтай гэмээр ялалт олныг байгуулсан нь өнгөрсөн улирлын онцолж харууштай дүрийн нэг болгосон юм. Гэхдээ энэ жил тэднийг аз түшнэ гэж тааж боломгүй байна. Багийн залуу тоглогчид өөрсдийнхөө үүргийг ухамсарлаж чухал үед ямар шийдвэр гаргах бол. Түүнчлэн багийн ноён нуруу гэгдэж байгаа Демар ДеРозан хэрхэн тоглохоос багийн ирээдүй шалтгаална. Ямар ч байсан тэд плей-инд үлдэхийн төлөө ширүүн тулаан өрнүүлэх байх.


№20: Бруклин Нетс, 39-43

Тэдэнд Микал Бриджс бий. Тэр өнгөрсөн улиралд ямархан тоглогч вэ гэдгээ спорт сонирхогчдод хангалттай харуулсан. Шидэлт болон чихэр шиг дамжуулалт өгч, хамгийн гол нь хамгаалалтад нөлөө бүхий тоглогч гэдгээр нь бүх одод хэмжээний тоглогч гэж дүгнэхэд хүргэсэн билээ. Драфтын шинэ гишүүдээ багтаа уусгаж, багийн ирээдүйг ухамсарлаж чадвал тэд үүнээс олон ялалт байгуулж, плей-инд ороод ирэхэд гайхах зүйлгүй.


№19: Даллас Маверикс, 41-41

Лука Дончич дэлхийн шилдэг тоглогчдын нэг. Гарцаа байхгүй үнэн гэвэл энэ. Довтолгооны хувьд Кайри Өрвинг лигтээ тэргүүлнэ. Гэвч тэдний гарыг амраах, клатч тоглолт үзүүлэх тоглогч бий юу гэвэл хараахан тийм биш. Кайри Өрвинг гэнэт эморчихгүй бол энэ багаас амжилт хүлээж болох талтай.


№18: Оклахома Сити Тандер, 42-40

Олон жилийн тааруу амжилтаа өнгөрсөн жил ахиулж чадсан. Гэвч өнгөрсөн улиралд амжилт нь ахисан баг дараа улиралд нь бодит байдалтайгаа нүүр тулж лигийн сүүл мушгидаг бичигдээгүй уламжлалыг давтчихгүй бол энэ баг хангалттай хэмжээний өрсөлдөөн үзүүлэх бүрэн боломжтой. Энэ багт өөрийгөө од гэдгээ Шай Гилжес Александр хангалттай баталчихсан. Дээрээс нь Чет Холмгрен, Жален Уильямс нарын нууц хөзөр байна. Магадгүй тэд энэ улиралд биш юм аа гэхэд, ирэх улиралд плей-оффт шуугиан тарьчихаж мэднэ.


№17: Торонто Репторс, 42-40

Үлэг гүрвэлүүд өнгөрсөн жил үнэнхээр гайхалтай тоглолт үзүүлсэн. Магадгүй түрүүлснээсээ хойш хамгийн сэтгэл хөдөлгөм улирал нь өнгөрсөн жил байсан байх. Хэдийгээр Фред ВанВлитийг алдсан ч түүнийг нөхчих хэмжээний Жекоб Поелтл, дэлхийн аварга Деннис Шродер, Жейлн МакДаниелс нарын зэрэг авьяастнууд хангалттай бий. Дээрээс нь энэ баг шинэ дасгалжуулагчтай болоод удаагүй байна.


№16: Атланта Хокс, 42-40

Хоёр улирлын өмнө тэд Дорно бүсийн финалд шалгарч байлаа. Гэвч тэдний байдал хоёр жилийн өмнөхөөс арай өөр байна. Шинэ дасгалжуулагч Куин Снайдер тэднийг шаварнаас шалгаж, өмнөх жилийн амжилтын буухиаг үргэлжлүүлж чадах болов уу? Тэд амжилттай байхын тулд Трей Янгыг формд барьж, залуу тогтологчдын амжилтыг ахиулахын зэрэгцээ, шаардлагатай зарим наймааг хийх шаардлагатай.


№15: Сакраменто Кингс, 42-40

Хаадууд өнгөрсөн улиралд олон жил тасалдсан амжилтыг хөгжөөн дэмжигчдэдээ хангалттай мэдрүүлж чадсан. Тэд бүсдээ гуравдугаар байраар плей-оффт шалгарсан нь өнгөрсөн жил чухам ямархан амжилт гаргасны хангалттай нотолгоо. Өнгөрсөн улиралд бэртэл гэмтлээс холуур байсан энэ багыг энэ жил ч аз түшвэл плей-оффт хангалттай шалгарчих нөөц бололцоотой.


№14: Нью Орлеанс Пеликанс, 43-39

Зион Уильямсон бэртлээс холуур байж, үнэхээр өөрийнхөө авьяасыг бүрэн шавхаж чадвал энэ баг хол явах ирээдүйтэй баг. Гэхдээ бэртэл гэмтэл гэдэг зүйл энэ багийг сүүдэр мэт дагадаг нь маргах аргагүй үнэн. Багийн бүрэлдэхүүнийг харвал яг одоо гурван тоглогч гэмтэлтэй байгаа. Улирал эхлэхэд энэ тоо нэмэгдчихгүй бол Си Жей МакКоллумын нуруун дээр олон хожил байгуулах боломж бий.


№13: Лос Анжелес Клипперс, 44-38

Эрүүл саруул гэснээс энэ багт ч энэ үг хамаатай. Гэхдээ мэргэжилтнүүд Кавай Леонард, Пол Жорж нар энэ жилийн хязгаар аваргын төлөө байх болно гэж таамаглаж байна. Улирал эхлэх бүрд энэ баг аваргын төлөөх өрсөлдөөнд бичигдсээр ирсэн. Даан ч бодит байдал тэдний эсрэг байдаг нь харамсалтай.


№12: Нью-Йорк Никс, 46-36

Өнгөрсөн улирлын плей-оффт тэд Кливленд Кавальерсийг гайхалтай хожсон. Гэвч өнгөрсөн улирлын амжилтаа үзүүлэхэд энэ багт бодитой асуудал тулгараад байна. Тэдэнд Р.Ж.Барретт, Жулиус Рендл нарын ротацын тоглогч байгаа ч үүргийг нь хэрхэн оноох вэ гэдэг хамгийн ухал асуул. Баррент, Рендл хоёр үүргээ мэдэхгүй бол холион бантан болж үзүүлэх амжилтаасаа ч доогуур үр дүн үзүүлж мэднэ. Хамгийн гол нь дасгалжуулагч юу бодож байгаагаас энэ багийн энэ улирлын өнгө төрх ихээхэн хамаарна.


№11: Лос Анжелес Лейкэрс, 46-36

Өнгөрсөн жил онооны рекорд тогтоосон, Хаан Жеймс яг одоо тоглож байгаа шилдэг 10 тоглогчийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ нас нь л түүний сул тал. Энтони Дейвс хамгаалалтаа өнгөрсөн жилийнхээ түвшинд барьж чадвал плей-оффт ороод ирэхийг үгүйсгэхгүй. Мэдээж хэрэг өнгөрсөн жилийн “Икс Фактор” гэгдэх Остин Риверс ч энэ багт бий. Урт үргэлжлэх улиралд хүнд бэртэл авчихгүй л бол энэ баг аваргын төлөө өрсөлдөх бүрэн нөөцтэй билээ.


№10: Майами Хит, 47-35

Тэд өнгөрсөн улиралд 44 ялалт байгуулжээ. Аваргын төлөө өрсөлдөхийн тулд шилдэг наймаа хийж, хүчээ зузаатгаж мэднэ. Одоо байгаа бүрэлдэхүүн дээрээ дахиад хэдэн авьяас нэмэгдэхэд бидний тооцооллоос илүү хожил аваад Ларри ОБрайны цомыг өргөөд зогсож байхыг үгүйсгэхгүй. Магадгүй ковидоос хойш хамгийн тогтвортой байгаа энэ багт тооцсоноос ч илүү ирээдүй байж мэднэ.


№9: Филадельфи 76, 48-34

Тэдэнд өнгөрсөн жилийн үнэ цэнтэй тоглогч Жоел Эмбийд бий. Гэвч сахалтай нэгэн яамр байхаас бүх зүйл хамаарна. Үнэ цэнтэй тоглогч бүх нурууг үүрээд хол явахгүй гэдгийг хангалттай харчихсан. Сэлгээний тоглогчид хийгээд багийн бусад тоглогчид үүргээ ухамсарлаж чадвал энэ багийг чухам юу зогсоох билээ. Гэхдээ...


№8: Миннесота Тимбервулвс, 48-34

Амжилт цангаж яваа энэ баг өнгөрсөн улиралд чухам ямар баг вэ гэдгээ хангалттай харуулсан. Энэ улиралд өнгөрсөн улирлаас ч илүү хол явж мэднэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Улирлын тоглолтод тэд хангалттай амжилт үзүүлэх нь тодорхой. Карл-Энтони Таунс, Руди Гобер, Майк Конли, Энтони Эдвардс, Жейдн МакДаниелс эдгээр нэрсийг харсан хэн ч дутуу үнэлэхгүй байх...


№7: Мемфис Гриззлис, 49-33

Баавгайнууд бол Уарриос, Лейкэрсийн толины тусгал гэлтэй. Тэд залуухан ч авьяасаар бялхсан олон тоглогчтэй. Зарим тоглогч хувийн амбицаа дараад багийнхаа системд хурдан зохицож чадвал энэ баг аварга аваад зогсож байхыг ч үгүйсгэхгүй. Сүүлийн хоёр улирал дараалан дивизионы аварга болсон энэ баг энэ жил ч энэ амжилттаа давтахыг үгүйсгэхгүй. Гол нь бэртэл гэмтлээс хол байж чадвал плей-оффын гол дүр байх бүрэн боломжтой.


№6: Голден Стейт Уарриорс, 49-33

Жордан Пүүлийг, Крис Полоор сольсон дайчид насны хувьд улам хөгширсөөр байна. Гэвч тэдэнд Жонатан Куминга, Мозес Муди нарын залуу авьяастай толгогчид бий. Хөгшин тоглогчдодооо улирлын туршид амралттай тоглуулаад, залуу тоглогчдод найдвал энэ баг улирлын туршид амжилт үзүүлэх нь тодорхой. Хамгийн гол нь плей-оффт шалгарлаа гэхэд хэрхэн тоглох вэ гэдэг нь асуулт хэвээр байна.


№5: Милуоки Бакс, 50-32

Энэ багт лигийн шилдэг хосолмол тоглогч байна. Ямар ч баг Яннис Антентокумпо, Дамиан Лиллард нараас айна. Магадгүй тэд үүнээс олон ялалт байгуулж, аваргын цом өргөж мэднэ. Гэхдээ энэ хоёр том нэр хэрхэн тоглох вэ гэдэг нь маш том асуултын нэг. Хэрэв тэд үүргээ мэдээд, амбицаа дарчихвал аваргын төлөөх өрсөлдөөнд хамгийн боломжит хувилбар нь Бакс. Үүргийн тоглогчдоос гадна сэлгээний залуу тоглогчдод найдаж болох уу гэдэг нь энэ багийн амжилтад эргэлзэх нэг үндэс болчихоод байгаа юм. Крис Мидлтон бэртэл гэмтлээс хол байж чадвал плей-оффт амжилт үзүүлэх боломжтой.


№4: Финикс Санс, 49-33

Энэ лигийн хамгийн аюултай хос гэвэл Кевин Дюрант, Девин Букер нар юм. Лигийн ямар ч баг энэ нэрнээс айна. Хамгийн сүүлд солилцоо наймаагаар Бредли Биллийг нэмсэн нь амжилтад итгэх фенүүдийнх нь тоог хангалттай нэмж чадсан. Олон жил солигдохоо хүлээсэн ДеАндре Эйтоныг солилцоонд оруулсан нь энэ багт тустай байж болох ч сэлгээний тоглогчдод тэр бүр найдалтгүй гэдэгтэй санал нийлэх ёстой.


№3: Денвер Наггетс, 51-31

Аваргуудыг хэзээ ч басаж болохгүй. Тэд энэ улиралд ч түрүүлэх багийн тоонд зүй ёсоор яригдаж байна. Никола Йокич бол манай гарагийн хамгийн шилдэг тоглогчдын нэг гарцаагүй мөн. Түүн дээр нэмэгдээд бүх одод хэмжээний Жамал Муррей бий. Сэлгээ ч боломжийн энэ багт аварга авах асуудалгүй мэт. Гэвч залуу тоглогчид ододтой хэрхэн зохицох вэ гэдгээс бүх зүйл шалтгаална.


№2: Кливленд Кавальерс, 52-30

Морьт цэргүүд улирлын туршид тогтмол амжилт үзүүлэх байх. Эван Мобли, Жарретт Аллен тэргүүтэй хамгаалалтын мастеруудтай Дон Митчелл, Дариус Гарланд нийлэхээр юу тарих нь угаас ойлгомжтой. Холын зайн шидэлтийн залуу авьяастнууд ч тэдэнд бий. Тэд плей-оффт хангалттай шалгарна. Харин плей-оффын тоглолтод үнэхээр өрсөлдөгч байх уу гэдэг нь эргэлзээтэй.


№1: Бостон Селтикс, 55-27

Өнгөрсөн улиралд лигийн хамгийн сайн үнэлгээтэй баг нь яах аргагүй тэд. Хэрэв үнэлгээгээр аварга өгдөг байсан бол Бостончууд аварга. Гэхдээ үр дүн гэдэг чухал. Тэд энэ улиралд өнгөрсөн жил гүйцээгээгүйгээ гүйцээх бүрэн боломжийн өмнө тулж ирлээ. Энэ жил Улирлын үнэ цэнтэй тоглогчийн өрсөлдөөнд яах аргагүй Жейсон Тейтум яригдаж таарна. Түүн дээр Жрю Холлидэй, Кристапс Порзингис, Жейлн Браун нэмэгдэхээр улирлын амжилт үүнээс ч илүү байж мэдэх юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top